Хөршүүд нэгнээ хамгаалах нь
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргажээ.
Захирамжаар 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.3 дугаар заалт буюу Аюулгүй, Амгалан Улаанбаатар зорилтын “Гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи санаачлагад суурилсан "хөршийн хамгаалалт" амгалан тайван байдлын тогтолцоо бүрдүүлнэ” заалтыг хэрэгжүүлэхээр "Хөршийн хамгаалалт" журам, төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулжээ.
Ажлын хэсгийн даргаар хариуцсан чиг үүргийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, дэд даргаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар нар ажиллана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер, дүүргүүдийн Засаг дарга, нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Хууль Сахиулахын Их Сургуулийн холбогдох албаныхан орсон аж.
Нийслэлийн Засаг дарга "Хөршийн хамгаалалт" хөтөлбөр, төлөвлөгөөг энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны дотор боловсруулан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх үүргийг ажлын хэсэгт өгчээ. “Хөршийн хамгаалалт" хөтөлбөр боловсруулахад шаардлагатай 27 342 000 төгрөгийг Тамгын газрын холбогдох зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгасан байна.