Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх нь зөв үү
УИХ дахь гишүүдийн байр суурь
2015.02.10

Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх нь зөв үү

Шийдлийн засгийн газар элгээрээ хэвтсэн эдийн засгийг буцаан сэргээхийн тулд аргаа барж байна. Татвараа нэмэх, халамжаа бууруулах, орон тоогоо цомхтгох зэргээр олон зүйлийг санаачилж байгаа ч харамсалтай нь санаачилсан зүйл болгон нь чуулган болон байнгын хороон дээр нуран унаж байна.

      Ан болон МАН засагт хамтрахдаа нэмэж өр тавихгүй гэсэн ганцхан зүйлийг ягштал баримтлахаар болсон. Үүнийгээ ч баталгаажуулж хоёр талынхан албан ёсоор гэрээнд гарын үсэг зуралцсан удаатай. Гэвч хамтарсан засаг байгуулагдаад сар ч болоогүй шахам байхдаа өрийн таазыг нэмэгдүүлэхээр төсвийн тодотгол өргөн барьж нэг хэсэг хэл амын бай боллоо. Үүнийгээ тэд хуучин засаг нөхцөл байдлыг хүндрүүлсэн. Үүнийг янзлах арга үүнээс өөр алга хэмээн ярьж байх юм. 

Тэгвэл эдийн засагт хэрэгтэй гэж үзсэн дараагийн хуулийн төсөл нь Өрийн удирдлагын тухай хууль. Энэ хуулийг зарим хүмүүс хэрэгтэй гэж байхад нөгөө хэсэг нь шаардлагагүй хэмээн үзэж байгаа. Товчоор хэлбэл Засгийн газрыг өрийн хэмжээг нэмэх гэсэн санаархал агуулж уг хуулийг УИХ-д оруулж ирлээ хэмээж байгаа.

Өнөөдөр Төсвийн байнгын хороогоор Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Өрийн удирдлагын тухай хуулийг яригдаж  эхлэх үеэс авахуулан улстөрчид болон иргэдийн дунд Засгийн газар шууд өр тавихгүйгээр зарим компаниудад гаднаас зээл авахад нь туслаж, баталгаа гаргаж өгөх гэж байна хэмээн дүгнэх болсон. Өөрөөр хэлбэл шууд бусаар зээл авах арга.

Магадгүй энэ хуулийн хамгийн ноцтой байж болох хэсэг нь энэ байх. Учир нь улсын нэрийг барьж төлж чадах, чадахгүй баахан өр зээл авсан компаниудын гарт улс орны эдийн засаг орох гэнэ. Муугаар төсөөлөхөд тэд дампуурлаа гэж бодоход гадаад зах зээл дээр тавьсан өрийг Засгийн газар баталгаа гаргаж өгсөнийхөө хариуд бүрэн төлж барагдуулна.

Нөгөө л монголчуудын амь зуулга болсон байгалийн баялагаа гадныханд алдах аюултай. Харин энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд ямархуу байр суурьтай байгааг сонирхож үзлээ.

УИХ-ын гишүүн Х.Баттулга: Компаниудын лоббид орчих вий дээ
-Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг байнгын хороогоор шийдвэрлэх гэж байна. Энэ хуулийн төслийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

Өр, өр гээд өр тавиад яваад байна. Жаахан тиймэрхүү л байна.

-Зарим хүмүүст энэ хуулийн цаана компаниудад баталгаа гаргах гэсэн далд санаархал байна гэж үзэж байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

Тийм. Наад зүйл дээр чинь томоохон компаниудын лобби орж ирээд явчихна л даа. Ер нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлээд байгаа зүйл үнэн л дээ.

-Нэгэнт ийм яриа ордон дотор гэлтгүй гадуур ч их яригдах болсон. Та ч сая компаниуд лоббидоод явчихна гэж хэллээ. Засгийн газраас чухам ямар, ямар компаниудад баталгаа гаргаж өгөх гэж байгаа юм бол?

Би бол сайн мэдэхгүй байна. Энэ асуудлыг Засгийн газар нь л мэдэх байх. Одоогоор дуулсан юм алга. Энэ үйл ажиллагааны дараагаар нөгөө яриад байгаа лоббинууд нь л явчихна л даа.

-Сангийн сайд болон Засгийн газрын мэдээлж буйгаар уг хууль эдийн засгийн хямралтай энэ цаг үед их хэрэгтэй хууль болно гэж байсан. Та уг хуулийг цаашид дэмжих үү?

Ер нь манайх шиг ийм авилгал хээл хахуульд идэгдчихсан байгаа үед бол энэ хууль явахад хэцүү. За яах вэ үнэхээр зарчим барьдаг эсвэл үнэхээр хэрэгтэй тийм төслүүд дээр болох л  асуудал гэж харж байна. Түүнээс биш яг одоо манайд хэрэгжихэд хэцүү.

-Өнгөрсөн оны өмнөхөн бүх зүйл болохоо байлаа хэмээн УИХ дуу нэгтэйгээр Шийдлийн засгийн газрыг тарааж шинэ засгийг байгуулсан. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Шинэ засаг бидэнд хүсэн хүлээсэн өөрчлөлтийг хийж чадаж байна уу?

Биш л дээ. Тэр чигээр нь уг үндэсээр нь л өөрчлөхгүй бол болохгүй байна.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Өрийн удирдлагын тухай хууль дээр хариуцлагын асуудлыг маш сайн харах хэрэгтэй
-Засгийн газраас өргөн баригдсан “Өрийн удирдлагын тухай хууль” дээр та ямар байр суурьтай байна вэ?

Энэ өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэхдээ нэг зүйл дээр сайн анхаарах шаардлага байгаа юм. Эцсийн мөчид Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улс маань энэ өрийг ЗГ-ын өр, хувийн хэвшлийн өр, орон нутгийн эрх баригчид зээл авах, бонд гаргаж болно гэж байна. Энэ бол өр тавих нөхцөл бололцоо нь илүү олон талаар нээгдэж байгаа юм. Энэ бол маш ноцтой асуудал.

-Уг хуулийг оруулж ирэх болсон далд санааны талаар олонтаа сонслоо. Та ч энэ талаар дуулсан зүйл байгаа байх?

Үүн дээр баталгаа гаргаж болно. Гэхдээ улсын чанартай, томоохон, үндэсний хэмжээнд баригдаж байгаа томоохон бүтээн байгуулалтад гаргаж болохоор байгаа юм. Дан ганц аж ахуйн нэгж болсон компаниудад баталгаа гаргаад ирэхээр эргээд хариуцлага хүлээхэд хүндрэлтэй гэж харж байгаа.

-Таны хэлснээр үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтууд дээр зээл авахад нь туслачихдаг. Гэтэл муугаар бодоход уг компани нь дампуурчихвал хүнд байгаа эдийн засгаас маш их хэмжээний алдагдал хүлээх юм биш үү?

Мэдээж тэгнэ шүү дээ. Тэгэхээр энэ бол маш ноцтой байж болох хууль. Сайн судалж үзэх хэрэгтэй. Засгийн газрын баталгаа гаргасан баталгаа нь эргээд Монголын ард түмний нуруун дээр ирж байгаа шүү дээ. Тиймээс энэ хуулин дээр хариуцлагын асуудлыг маш сайн харах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Компаниудад баталгаа өгнө гэдэг нь ноцтой зүйл
-Та өрийн удирдлагын тухай хуулийг чуулганаар хэлэлцэж цаашид хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргах үеэр уг хууль нэлээдгүй анхаарал хандуулж байсан. Ер нь та энэ хуулийг төслийг юу гэж харж байна вэ?

Энэ хуулийг ярихын тулд зүйл заалт бүр дээр нь ярилцах хэрэгтэй. Би чуулган дээр нэлээд хэдэн чухал асуулт асуусан. Харамсалтай нь олигтой хариулж чадсангүй. Өрийн удирдлагын тухай хууль дээр миний барьж буй байр суурь бол саалиа бэлдэхээр саваа бэлд гэсэн монголчуудын зүйр үг байдаг. Гаднаас зээл авах гэж байж тэр зээлийг юунд зарцуулаад дараа нь ямар үр дүн гаргаж төлөх юм бэ гэдгээ бодож байж зээл авах ёстой гэж би хэлээд байна.

Магадгүй гангийн үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрт зээл хэрэгтэй байж болохыг би үгүйсгэхгүй. Энэ олон үйлдвэрлэлүүддээ зээл авахын тулд зээл авах хөтөлбөрүүд дээр техник, эдийн засгийн үндэслэлийг гаргасан уу. Үүнийг улстөрчид ярих шаардлагагүй. Хөндлөнгийн эрдэмтэн шинжээчдийн дүгнэлтийг гаргасны дараа хэдэн хувийн зээл авбал ашигтай байх вэ гэдгийг хараачээ гэдгийг л би хэлсэн.

Ингэж бодлогыг хойноос нь бодох хэрэгтэй. Сайн харвал Их хурлын 73-ын бүдүүн бүлгийн улстөрчид миний тэр авах гэж буй зээлийг чи дэмжиж өгөөрэй. Би чиний тэр зээлийг чинь дэмжиж өгнө гэж хоорондоо хуйвалдах биз. Биднийг өрөнд оруулаад л байна. Дахин зээл авна гэдэг бидэнд дэндүү ноцтой зүйл.

-Таныг уг хуулийг дэмжихгүй байгаа гэж ойлгож болох уу?

Тэгэлгүй яах вэ. Би өрийн удирдлагын тухай хуулийг 100 хувь дэмжихгүй байгаа. Уг хуульд олон зөрчилтэй зүйл байгаа. Жишээлбэл Засгийн газраас компаниудад баталгаа өгнө гэдэг ч юм уу.

-Компаниудад баталгаа өгнө гэдэг зүйлийг та бага зэрэг тодруулахгүй юу?

Компаниудад баталгаа өгнө гэдэг нь ноцтой зүйл. Жирийн хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүс авбал сайн. Гэтэл энэ нь авч өгөхгүй байгаа учраас хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт харах хэрэгтэй. Тэгж байж л энэ асуудал явах ёстой гэдгийг хэлээд байгаа юм.

АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Бид хувийн хэвшлийнхэний зээл авах бодлогыг хааж болохгүй
-Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Гишүүд уг хуулийн төсөл дээр янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа харагдлаа. Та чухам ямар байр суурьтай байгаа вэ?

Засгийн газраас өргөн барьсан Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Аж ахуйн нэгж, компаниудад Засгийн газраас баталгаа гаргаж өгнө гэсэн зүйл заалтыг та хэрхэн  харж байна?

Хувийн хэвшлийнхэн зээл тусламж авахыг нь бид хааж, боож болохгүй шүү дээ. Харин ч нээлттэй бодлого барих ёстой байх.

-Одоогийн байдлаар Засгийн газарт ямар, ямар компаниуд зээл авах саналаа ирүүлсэн юм бол. Ер нь ийм санал ирсэн болов уу?

Яг одоогийн байдлаар зээл авах хүсэлт гаргасан тухай мэдэгдсэн юм алга. Тэр зүйл одоогоор мэдэгдээгүй л байна. Хэлэлцэгдэх эсэх нь шийдэгдэх гэж байгаа хуулийн төсөл.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Өрийн удирдлагын хуулийг хэлэлцэх нь зөв
-Та хэлэлцэгдэх гэж буй “Өрийн удирдлагын тухай хууль”-ийг дэмжиж байгаа юу. Аль эсвэл эсрэг байр суурьтай байна уу?

Сангийн яам болон Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төслийг би хувьдаа дэмжиж байгаа.

-Дэмжих болсон шалтгаанаа тайлбарлахгүй юу. Нэлээдгүй гишүүд уг хуулийг алдаатай хэмэн үзэж байна шүү дээ?

Ямар учраас гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Өрийн удирдлагын менежментийг сайжруулах тухай. Ер нь энэ Монгол орны өр авлагыг цэгцлэх тухай, өрийн тухай ойлголтыг цэгцлэх тухай асуудал өнөөдөр юу юунаас илүү чухал байна. Ажиглаж байгаа бол бид сүүлийн гурван жилийн турш өрийг ДНБ-ний хэдэн хувьтай тэнцэж байгааг өнөөдрийг хүртэл маргаж ирлээ. Тиймээс бид нэг хуультай, өрийн тухай тогтсон нэг ойлголттой байх ёстой.

-Уг хуулийн төслийн араасаа хамгийн их хардлага дагуулж байгаа зүйл нь Засгийн газраас компаниудад баталгаа гаргаж өгөх гэж байна. Лоббид автсан хууль. Тийм учраас баяр ёслолын өмнө сэм хэлэлцээд батлах гэж байна гэсэн хардлага байна шүү дээ?

Тийм зүйл байхгүй. Тэр чинь ямар Өрийн удирдлагын хууль дотроо тэр компанид баталгаа өгнө гэж заах биш дээ. Дараа нь тэр яригдаад байгаа баталгаа гаргахдаа Засгийн газраар орно. Мөн баталгаа гаргахын тулд тодорхой шалгуурууд байх ёстой. Түүнээс биш цаагуураа шууд хэн нэгний компанид өгье гээд өгчихгүй байлгүй дээ. Би хувьдаа тэгж л бодож байна. Хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа байх.

-Гэхдээ зарим гишүүдийн хэлж буйгаар баталгаа гаргуулах хүсэлт гаргасан компаниудын урт дараалал гарчихсан. Засгийн газар дээр хууль батлагдах өдрийг хүлээж байгаа юм биш үү?

Юу гэж тийм зүйл байдаг юм бэ. Өнөөдрийн байдлаар уг хууль дөнгөж хэлэлцэгдэх эсэх дээрээ л явж байна шүү дээ.