С.Одонтуяа: Бэлэг өгөхөөс хойш үндэсний үйлдвэрлэлээ дэмжье
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.02.06

С.Одонтуяа: Бэлэг өгөхөөс хойш үндэсний үйлдвэрлэлээ дэмжье

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Цагаан сарын баяраар ах, дүү хамаатан садандаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бэлэг өгөхийг уриалж байгаа юм. Тэрбээр өөрийн твиттер, фэйсбүүк хуудастаа Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний зургийг тавьж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн үнэгүй сурталчилгаа хийж байгаа. Энэ талаар түүнээс цөөн асуултад хариулт авлаа. 

-Таны гаргасан уриалгыг олон нийт хэрхэн хүлээн авч байна вэ? 

Өмнө нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар ярьдаг байсан ч том хөдөлгөөн болж чаддаггүй байсан. Одоогийн эдийн засгийн нөхцөл байдлаас үүдээд иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хөдөлгөөн хүчтэй өрнөж байна. Үүнийг би хувьдаа дэмжиж байгаа. УИХ-аас үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлийнхнийг дэмжсэн хуулийн төсөл гаргахад би нэлээн идэвхтэй оролцдог гишүүний нэг.

Нөгөө талдаа бид заавал том алхам хийх гээд цаг хугацаа алдсанаас өөрсдийнхөө өдөр тутам ашигладаг твиттер, фэйсбүүкээ ашиглаад уриалга гаргах санаа төрсөн. “Гишүүнээ үүнийг жиргээд өгөөч”, “Үндэсний бүтээгдэхүүнээ дэмжээд фэйсбүүкийн найзууддаа мэдээллийг тараагаад өгнө үү” гэсэн хүсэлт надад олон ирдэг.

Цаана нь өөрийнхөө бүтээгдэхүүнийг хэрхэн сурталчлах, олон нийтэд хүргэхээ мэдэхгүй учраа олохгүй байгаа хүн бий. Тиймээс би уриалга гаргаад үндэсний үйлдвэрлэлийн ямар ч бүтээгдэхүүнийг өөрийн цахим хуудсаараа дамжуулж, дэмжиж олон нийтэд сурталчилж өгнө гэдгээ хэлсэн.

Өдөр тутмын нэг сонин 10 мянган хувь гардаг гэж бодоход 60, 70 мянган дагагчтай жиргээчин жиргэхэд хэвлэлээс дутуугүй сурталчилгаа болж байна гэсэн үг шүү дээ. Ингэснээр олон хүний аж, амьдралд тус болж байна. 

-Та Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлээ сонгодог уу? 

Өнгөрсөн жил манай УИХ дахь эмэгтэй гишүүд уриалга гаргаж байсан. Түүх уламжлалаа судлаад үзэхээр айхтар том бэлэг, сэлт өгч байгаагүй юм билээ. Цагаан сарын баяраар гэрт нь очсон хүнтэй амар мэндээ мэдэлцэж, хоол ундаа хийж өгөөд гарахад нь тавгийн идээнээс чихэр, боорцог авч өгдөг байсан.

Эмэгтэй гишүүдийн зүгээс заавал бэлэг сэлт гээд яах вэ. Настнуудынхаа амар мэндийг мэдээд явах хэрэгтэй гэдгээ өмнө нь илэрхийлж байсан. Гэвч ахмадууд маань жилдээ ганцхан болдог уламжлалт Цагаан сарын баяраар хүний гар цайлгахгүй хоосон гаргана гэж байхгүй гээд дор бүрнээ бэлгэ бэлддэг.

Нэгэнтээ л бэлэг худалдаж авах нь үнэн юм чинь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй гэсэн санал, санаачилга гаргасан.