Улаанбаатар хот Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран ажиллах талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Швейцарийн хөгжлийн агентлагийн Зүүн Азийн хэлтсийн дарга Дэнис Крисан Люти тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
2015.02.03

Улаанбаатар хот Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран ажиллах талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  Швейцарийн хөгжлийн агентлагийн Зүүн Азийн хэлтсийн дарга Дэнис Крисан Люти тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг  хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотын хотжилтын явцад тулгарч буй бэрхшээлүүд болон төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалыг дэмжих, Швейцарийн хөгжлийн агентлагийн зүгээс үзүүлэх дэмжлэгийн талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Швейцарийн хөгжлийн агентлагийн Зүүн Азийн хэлтсийн дарга Дэнис Крисан Люти “Цаг гарган биднийг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Бид Монгол Улсад  2 дахь удаагаа ирж байна.

Швейцарийн   хөгжлийн агентлаг  нь Монгол Улстай 10 жилийн турш гурван чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, Хөдөө аж ахуйн салбарт хүнсний аюулгүй байдлын, Боловсролын салбарт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг чадавхижуулах чиглэлээр ажилладаг.

Харин одоо засаглалын хүрээнд Улаанбаатар хоттой хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна.Монгол Улсын хүн амын тал хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Хотжилтын явцад тулгарч буй асуудлууд, мөн томоохон төсөл хөтөлбөрүүд дээр хэрхэн ажиллаж байгаа талаар санаа бодлоо хуваалцахад таатай байна” гэлээ

Харин Нийслэлийн Засаг дарга“Та бүхний хийж байгаа ажил, нэн ялангуяа Улаанбаатар хотод хийж байгаа ажил бидэнд маш чухал хэрэгцээтэй. Одоогийн орон нутгийн засаглал хуучин  маягийн хэлбэрээр явж байгаа. Үндсэн хуулинд Захиргааны анхан шатны нэгж болох хорооны асуудлыг шийдэхдээ шууд ардчилал буюу иргэдийн оролцоотой байхаар тогтоосон байсан.

Гэвч бид үүнийгээ дагаж мөрдөж чадахгүй байна. Тиймээс үүнийг өөрчилж, Үндсэн Хуулинд зааснаар иргэдийн оролцоотой шийдвэр гаргадаг буюу нийгмийн бүлэг хүмүүс өөрөө өөрийгөө удирддаг, асуудлыг иргэдийн оролцоотойгоор шийддэг байхаар зорьж, зарим өөрчлөлтийг ч хийж байгаа. 

Харин Швейцарь Улс энэ тал дээр хамгийн туршлагатай орон. Тиймээс бидэнд дэмжлэг болж хамтран ажиллахыг хүсч байна. Жишээ нь бид иргэдээс санал авч орон сууцжуулах хөтөлбөр явуулж байгаа. Гэтэл үүн дээр сонирхлын зөрчил их гарч байна.

Мөн Багануур, Налайх дүүргийн иргэдээс дүүргээ хот болгохыг хүсч буй эсэхээр анх удаа, албан ёсоор санал асуулга зохион байгууллаа. Хот байгуулсан тохиолдолд дүрэм нь ийм байна гээд боловсруулсан төслөө танилцуулсан гэх мэтээр бид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний шийдвэрээр ажилладаг зарчимд шилжиж байна.

Тиймээс засаглалын хүрээнд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэхийг хүсье” гэлээ.Швейцарийн хөгжлийн агентлагийн Зүүн Азийн хэлтсийн дарга Дэнис Крисан Люти “Тулгамдсан хүндрэлтэй асуудлуудаа танилцуулсанд баярлалаа. Таны ярьж байгаагаар иргэдээ чухалчилж, асуудлын гол болгож, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх гэж байгааг сонсох таатай байна.

Бид энэ засаглал болон ардчиллын хөгжилд дэмжлэг үзүүлэх ажлаа үргэлжлүүлэн хамтран ажиллахдаа баяртай байх болно” хэмээн тодотгон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.