Д.Оюунхорол “Мерси кор” байгууллагад талархал илэрхийлэв
Сайд Д.Оюунхорол “Мерси Кор” олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Женнифер Билманыг хүлээн авч уулзлаа
2015.01.21

Д.Оюунхорол “Мерси кор” байгууллагад талархал илэрхийлэв

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Мерси Кор” олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Женнифер Билманыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Женнифер Билман 1999 оноос хойш 15 жилийн турш Монголд хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөрийнхөө тухай товч танилцууллаа. Энэ хугацаанд тэнцвэртэй эдийн засгийн хөгжлийг дэмжих, сайн засаглалыг хөгжүүлэх, байгаль орчны хариуцлагатай удирдлага гэсэн гурван чиглэлээр ажилласан байна. “Мерси Кор” өнгөрсөн жилүүдийн туршлага дээрээ үндэслэн дахин шинэ төсөл эхлүүлэхээр төлөвлөөд, бэлтгэл ажилдаа оржээ.

Энэ нь “Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” нэртэй хөтөлбөрийн төсөл бөгөөд уг төслийн загварыг боловсруулахаар БОНХАЖЯ-тай хамтран ажиллаж эхлээд байна.

Уг төсөл хэрэгжсэнээр орон нутгийн иргэдэд нийгэм, эдийн засгийн бэрхшээлд сөхрөлгүй, даван туулах чадавхийг бий болгох ажээ. Одоогоор төслийн судалгаа, үнэлгээний ажил хийгдэж байна.

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Мерси Кор” ТББ-ыг эртнээс мэднэ гэдгээ хэлэв. Түүнийг 2000 онд анх УИХ-ын гишүүн болох үеэс л “Мерси Кор” хөдөө орон нутгийнханд тусламжийн гараа сунгаж ирсэнд талархаж явдгаа илэрхийлсэн.

Бизнес хийх хүсэлтэй,барьцааны хөрөнгөгүй иргэдэд итгэлийн зээл олгож эхэлснээрээ “Мерси Кор” ийм сайн туршлагыг бий болгох эхлэлийг тавьсан гэж үздэгээ ч Д.Оюунхорол сайд хэллээ. Тус байгууллагын дэмжлэгээр хямрал бэрхшээлтэй үед хөдөөгийн олон айл өрх амьжиргаатайгаа залгаж байсныг орон нутгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Оюунхорол сайд сайн мэдэх ажээ.

Тиймээс улс орны эдийн засаг хямарсан өнөөгийн нөхцөлд хөдөөгийн иргэдийг дэмжих шинэ төсөл эхлүүлэх гэж байгаад талархаж байгаагаа илэрхийлж, уг асуудлаар БОНХАЖЯ бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлэв.

БОНХАЖЯ, “Мерси Кор” олон улсын төрийн бус байгууллага удахгүй хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэ төсөлтэй холбоотойгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж ажиллахаар боллоо.