Ж.Нямсүрэн: Төр татварын тайлангаар дарамталлаа гэдэг ч үнэндээ компаниуд арчаагүй ажилладаг
СЭЗДС-ийн зөвлөх багш, Монгол улсын Ардын багш Ж.Нямсүрэн
2015.01.26

Ж.Нямсүрэн: Төр татварын тайлангаар дарамталлаа гэдэг ч үнэндээ компаниуд арчаагүй ажилладаг

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа Нягтлан бодох бүртгэл болон Аудитын тогтолцооны шинэчлэлийн асуудлыг хөндлөө. Бид энэ удаад СЭЗДС-ийн зөвлөх багш, Монгол улсын Ардын багш Ж.Нямсүрэнтэй  ярилцлаа.

Тэрээр нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Өнөөгийн Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Санхүү эдийн засгийн техникум байх үеэс буюу 1950-иад оны дунд үеэс өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Тэрээр мөн зах зээл эхлэх үед нөхөдтэйгөө нийлэн аудитын компанийг байгуулж байжээ.  

-Та өнөөгийн болон өнгөрсөн үеийн нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцооны асуудлыг үүх түүхтэй мэдэх биз ээ. Өнөөгийн Монголын нягтлан бодох бүртгэл ямар түвшинд хөгжиж байгаа гэж боддог вэ. Энэ талаар яриагаа эхэлье?

Өнөөгийн зах зээлийн нийгэмд манай орны бүртгэл, санхүү эдийн засгийн албаны ажил өмнөх үетэйгээ харьцуулахад цаг үеийн аясаар хөгжиж, боловсронгуй болж, шинжлэх ухаан техникийн дэвшлээр орчин үеийн хэрэгслийг хэрэглэж, эрчимтэй хөгжиж байна. Энэ чиглэлийн гадаад дотоодод мэргэжилтнүүд бэлтгэгдэж, өндөр түвшинд боловсрогдож сайхан болж байна гэж би боддог.

Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр учир дутагдалтай, бүртгэл мэдээллэл нь адаа мадагтай, тасалдалтай, үр дүн буруу тооцогдсон явдал газар сайгүй байгаа нь харамсалтай.

Томоохон хэмжээнд авч үзвэл өнөөдөр дээр дооргүй эдийн засгийн хямралыг ярьж байгаа үед энэ асуудал бүр хурц яригдах ёстой болов уу.

Аливаа зүйлийн анхдагч эх суурь нь зөв тавигдах учиртай. Эртний сургаальд усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Гэтэл эхнээсээ цэгцтэй биш, буруу замаар будаа тээж явсаны гай өнөөдөр олон нийтэд илэрхий болж, хаа сайгүй хүндрэл бэрхшээлтэй тулгарч, бүтээгдэхүүний үнэ өсч, ард иргэдидйн нуруун дээр бүх ачаа ирж байна.

-Тэгэхээр эдийн засгийн үзүүлэлтийг гол атгаж байдаг, санхүүгийн ирээдүйг урьдчилан тооцоолох нягтлан бодогчид маань муу ажилласнаас болж компани цаашлаад салбар, нийгмийн хэмжээнд аюул тарьж байна гэсэн үг үү?

Үүнийг нөгөө өнцгөөс харвал бүртгэл мэдээллийн асуудал зохих түвшинд явж чадаагүй, алсыг харсан, эртнээс бодож төлөвлөн тооцсон, явцыг нь зөв шинжиж, тооцож, чадаагүй ажлууд ээдрээт явдлын уг үндэс гэж ойлгож байгаа. Ер нь аливаа зүйлсийг жижгээс эхэлж тооцох ёстой. Бид том яриад доогуур юу болж байгааг мэдэхгүй, доогуур юмаа цэгцтэй зөв гольдрилд оруулахгүй байгаа нь хамгийн том алдаа.

Хэтэрхий дээгүүр том яриад, улс төржөөд байж болохгүй. Манай ардын сургаальд биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Тэгэхээр аливаа ажлыг хийх хүн тухайн ажлыг хийх мэдлэг боловсрол чадвар өөрт нь бий юу гэдгээ мэдэрч, өөртөө тохирсон ажлаа хийнэ үү гэхээс биш, ах дүү амраг садан, намын далбаан дор яваад амжилт олохгүй.

Энэ байдал дээрээс эхлээд доод хэмжээнд хүртэл газар авснаас болж, нэг байгууллага, салбарын хэмжээнд хүртэл урхагшсан.  

Яг үүн шиг зарим хүмүүс сэтгэлийн хөөрлөөр санхүүгийн чадвар муутай байж компани байгуулах явдал их байна. Гэтэл хөрөнгийн урсгал, судсыг нь барьж байдаг, залж жолоодож байдаг нягтлан бодогч хүмүүсийг ажиллуулдаггүй.

Өөрсдөө хийх гэж оролдоод алхам тутамдаа бэрхшээлтэй учирч, шаварт унасан шарын эзэн гэгчээр өөрөө татвар төлж, тайлан мэдээ гаргаж, завхрал будлианыг үүсгэдэг.

Татварын тайлан гээд төрийг дарамталж байна гэдэг ч яг үнэндээ тэд  өөрийн арчаагүйгээс болж ийм байдалд хүрдэг. Тиймээс аливаа байгууллагад мэргэшсэн нягтлан бодогч, нягтлан бодогч зайлшгүй хэрэгтэй.

Түүнээс биш нэг эмч, нэг багш дангаараа компани байгуулаад явахгүй. Нягтлан бодогчид л бизнесийг зөв гольдрилд нь оруулж, данс тооцоо хөтөлж, тайлан гаргаад, толинд харж хаана алдаа байгааг олж, засч залруулаад явах учиртай. Ингээд бүх компани, аж ахуй нэгж ийм цэгцтэй болвол улс гүрний минь ажилд нэмэртэй.

Цэцэн цэлмэг ярьсан амласан хүнд санал өгөөд 20 жил боллоо.

Тийм учраас төрийн жолоо барьж байгаа яам тамгийн газрын ажилтнууд сайд дарга нар, гишүүд нь эдийн засагч, хуульч хүмүүс байж төрийг цэгцтэй зална. Гэтэл зүгээр л төрийн ажил огт ийж үзээгүй, мөнгөтэй хүмүүс очихоор бужигнуулаад байгаа юм.

Үүний нөгөө тал нь сонгогч бидний буруу. Цэцэн цэлмэг ярьсан амласан хүнд санал өгөөд 20 жил боллоо.

-Компаниудын ихэнхи нь татвараас зугтах, бултах, орлогоо нуун дарагдуулах замаар санхүүгийн тайланг гаргадаг. Нэг нь үнэн, нэг нь худлаа. Тэд үүнийг татварын хүнд орчинтой холбон тайлбардаг. Та үүнийг юу гэж боддог вэ?

НББ-ийн хуулиар аж ахуй нэгжийн нягтлан бодох бүтгэл, зохион байгуулах үүргийг компанийн эзэн хариуцна гэдэг. Компанийн үндсэн удирдагч заавал НББ мэргэжилтэй бай гэсэн үг биш ч гэлээ наад захын эдийн засгийн анхан шатны боловсрол эзэмшсэн байх ёстой. Муйхар аргаар удирдаж болохгүй.

Ямар нягтлантай байх вэ, ямар эдийн засгийн төлөвлөгөөтэй ажиллах вэ гэдгийг эзэн хариуцах ёстой. Эдийн засгийн алба нь сайн бол ногоон гэрлээр явна.

Нягтлан бодогчийнхоо үгийг тоодоггүй, түүнийгээ хөгжүүлэх талаар анхаардаггүй компанийн эздүүд л татварын будлиан үүсгэдэг. Ингээд л байвал байгууллагын ажил будлиантаж улсын хэмжээгээр татварын маргаан тасрахгүй.

-Хоёр тайлан гаргадаг нь ямар учир шалтгаантай юм бэ?

Хуулиар аж ахуй нэгж том бага, шинэ хуучин гэлтгүйгээр НББ нарийн хөтөлж, баланс тайлан гаргах учиртай. Ингэхээр НББ чухал, компанийн удирдлага ямар вэ гэдгээс их олон зүйл хамаарна.

Хоёрдугаарт НББ нь нарийн мэргэжлийн хүмүүс байх ёстой. Одоо олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэлээ хийнэ гээд том лоозон тавиад хууль гаргаад яриад л байгаа хэрнээ амьдрал дээрээ бодитой хэрэгжиж чадахгүй байна.

-Яагаад бодитой хэрэгжиж чадахгүй байна вэ?

Манай аж ахуй нэгжүүдийн ихэнхи нь жижиг аж ахуй нэгжүүд. Үнэндээ тэдэнд үндсэн орон тооны нягтлан байхгүй. Ажиллуулж чадахгүй.

Хуулиар бол гэрээт нягтлан бодохтой бай гэдэг ч нягтлан бодохыг гэрээний дагуу ажиллуулаад компани өөрийнхөө бүхий л үйл ажиллагааны мэдээллийг тэр хүний гарт өгч байж компанийнхаа үйл ажиллагааны үр дүнг зөв тооцоолж, хаана ямар доголдол байгааг мэдэх учиртай.

Гэтэл зарим компани мэдээллээ бүрэн өгдөггүйгээс болж  НББ-ийн ажил доголддог. Гэхдээ яг үнэндээ нягтлангийн бус, тэр компанийн ажил доголдож байгаа гэсэн үг.

Компаниуд хоёр тайлангаа гаргаад л байна гэдэг бол НББ-ийн тогтолцоо гажуудсан гэсэн үг. Хамаг гай үүнд л бий. Хууль дүрмийн дагуу яваад байвал гажуудахгүй. Удирдаж байгаа хүмүүс л гажуудуулж байгаа юм.

-Та энэ салбарт олон жил байгаа хүний хувьд өөр ямар асуудлыг шийдээсэй гэж боддог вэ. Тэр асуудлыг хэрхэн шийдэх ёстой вэ?

Би их өргөн хүрээгээр олон талын юм судлахгүй болохоор бүрэн төгс мэдэхгүй байж болно. НББ-ийн хуулийг шинэчлэх асуудал яригдаад өмнөх огцорсон Засгийн газрын үед  оргийн даваан дээр буцаагаад татчихсан байгаа.

Ихээхэн зөрчилтэй байсан учраас аргагүй. Хууль боловсруулсан ажлын хэсэгт мэргэжлийн бус хүмүүс орсон учраас ямар олигтой хууль гарах вэ дээ. Шийдлийн засгийн газар татаж авсан нь зөв гэж бодож байгаа.

Одоо манай Сангийн сайд өөрөө мэргэшсэн нягтлан бодогч учир сайн ажиллана гэж бодож байгаа. Хуулийн ажлын хэсгийг шинэчлээд мэргэжлийн хүмүүсийг оруулаад боловсронгуй болгож байгаа.

-Мэргэжлийн нягтлан, мэргэшсэн нягтлан бодогч гэсэн зэрэгтэй байгаа. Мэргэшсэн зэрэгтэй болох шалгуурыг нэлээн өндөрсгөх шаардлагатай гэж мэргэжилтнүүд хэлж байна?

Одоогийн мөрдөж байгаа хуулиар мэргэжлээрээ хоёр жил ажилласны дараа зохих шалгалт өгч тэнцвэл мэргэшсэн нягтлан бодохын шалгалт өгдөг.

Энэ их мэдээллийн дунд боловсорсон сэргэлэн, залуучууд бүртгэлийн нарийн мэдлэг олж аваад, нэг газар хоёр жил ажиллахад шалгалтад хурдан тэнцдэг. Гэтэл яг үнэндээ тэд бүхнийг мэдэгч мэргэшсэн нягтлангийн дүрд шилжчихээр нарийн ээдрээтэй балансын ээдрээг тайлахад тулгамдах зүйл гарч ирж байна.

Мэдлэг сайтай байгаа ч туршлага алга. Тиймээс мэргэшсэн нягтлан бодогч бол өндөр мэргэшсэн, хуулийн мэдлэг арвинтай, баялаг туршлагатай, ноён нуруутай, төлөвшсөн хүн байх ёстой.

Тэгэхээр миний бодлоор дор хаяж мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан байх шаардлагыг тавиасай гэж бодож байна. Тэгэхгүй бол мэргэшсэн гэх үнэ цэнэ, ашиг гарахгүй.

Хоёрдугаарт, нягтлан бодох бэлтгэх, үндсэн тогтолцоог ихээхэн анхааралгүй бол болохгүй нь ээ. Их дээд сургуулиуд маш олноороо нягтлан бодох чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаагийн дотор үндсэн үүрэг нь нягтлан бодогч бэлддэггүй мөртлөө бөөрөнд наалдсан дэлүү шиг гэдэг шиг том дээд сургууль дэргэдээ  заавал нэг нягтлан бодохтой байна.

Хүмүүнлэгийн ухааны их сургууль, МУБИС нягтлан бодохтой. Зөвхөн салбараар дагнасан, мэргэжлийн сургуулиудын чанарыг сайжруулж байж тухайн мэргэжлийн чанар сайжирна гэсэн үг.

Сургуулиуд зүгээр орлого олохын тулд үүнийг ашиглаж байгаа юм. Дайвар мэргэжил бэлдээд байвал тэднээс учир дутагдалтай нягтлан төгсч, учир дутагдалтай ажиллана гэсэн үг.

Гэхдээ мэргэжлийн сургуулиас дандаа сайн мэргэжилтэн, алт шиг хүн гардаг гэж хэлэхгүй.

Сургалтын асуудлыг ярихад НББ-ийн чиглэлийн олон төрлийн курс дамжаа хичээллэж байгаа нь түргэн түүхий хүмүүсийг бэлддэг. 21-45 хоногийн курс дамжаа явж байгаагийн дотор баланс гаргах дамжаа хүртэл бий.

Баланс гаргана гэдэг улирлын эцэст, сарын эхнээс болсон бүртэл тооцоог улирлын төгсгөлд хянаж, шалгаж цэгцлэх ажлыг хийдэг. Гэтэл шууд орчин цагийн бэлэн програм заагаад л сургачихдаг байх нь учир дутагдалтай. Дадлага суухгүй гэсэн үг.

Ийм маягаар түргэн түүхий хүмүүс гарч байна. Тиймээс богино хугацааны курс дамжааны сургалтын хөтөлбөрийг Сангийн яам, Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн, Мэргэшсэн нягтлан бодогчдын институти гээд мэргэжлийн байгууллагууд засч залруулан сайжруулах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.