УИХ-ын гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа
МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдоор ахлуулсан УИХ-ын гишүүд өчигдөр СХД-т ажиллаа.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, НИТХ-ын тэргүүлэгч Б.Баатарзориг МАН-ын Эдийн Засгийн бодлогын газрын дарга А.Ариунзаяа нар СХД-ийн 15-р хороонд ажилласан юм. Тус хороонд хүндрэлтэй асуудлууд олон байгааг иргэд хэлсэн бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг тавилаа.
Хамгийн наад зах нь “Хархорин” захын ойр орчимд архичид олноороо байдаг, тэдгээрийг дагаад биеэ үнэлэгчид үүрлэсэн тул орой үдшийн цагаар гадуур гарахад, хүүхэд багачуудаа салхилуулахад маш хэцүү, дээрээс нь архичид хаа сайгүй хэвтэж, орилж байх нь дүүргийн маань өнгө үзэмжид ч муугаар нөлөөлж байна гэдгийг хэллээ.
Мөн тус дүүрэгт гар дээрээс худалдаа хийх асуудал хэдэн арван жил үргэлжилсэн бөгөөд төр засгийн зүгээс тэдэнд огт санаа тавьдаггүй гэдгийг наймаачид хэлсэн юм.
Долларын ханш тэнгэрт хадлаа л гээд байхаас бус юанын ханш хөөрөгдөж байгааг хэлдэг хүн алга.Тиймээс 306 төгрөгт хүрч үнэ нь хадсан юанын ханш ард иргэдийн амьдралд хамгийн ихээр нөлөөлж байгааг анхаарч үзээч гэлээ.
Иргэд амьдрал хэцүү байна. Болохгүй байна. Засгийн эрхэнд чаддаг нь гараач, ард иргэдийнхээ амьдралд анхаараач ээ, сандал ширээний асуудлаа орхиоч ээ гэдгийг сануулсан юм.
Мөн тус дүүрэгт хүн ам олноороо суурьшсан тул эмнэлэг, эм тарианы хүртээмж маш муу, дээрээс нь эмч нар нь маш их ачаалалтай ажиллаж байгаа гэдгээ хэллээ.