Н.Энхтайван: Эдийн засгийн хөгжлийг зоостой зүйрлэвэл сүлд нь үйлдвэрийн, тоо нь худалдааны  бодлого байх ёстой
Монголын Гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн тэргүүн, эдийн засагч Н.Энхтайван
2014.11.20

Н.Энхтайван: Эдийн засгийн хөгжлийг зоостой зүйрлэвэл сүлд нь үйлдвэрийн, тоо нь худалдааны бодлого байх ёстой

Монголын Гадаад худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн тэргүүн, эдийн засагч Н.Энхтайвантай эдийн засгийн хямралыг хэрхэн гэтэлж, хөгжилд хүрэх тухай арга замын талаар ярилцсанаа хүргэе.

-Та Монгол улсын эдийн засгийн бүх үзүүлэлт унаж, хямрал болж байгаа талаар их бичиж, ярьж байна. Та эдийн засагч хүний хувьд өнөөгийн нөхцөл байдлыг талаар санал бодлоо хуваалцана уу?

Эдийн засаг унаж ард иргэдийн амьдралд хүндээр тусаж байгаа нь үнэн юм. 2013 онд таны тавганд 10 том бууз байсан бол одоо 7 жижиг бууз болсон. Та 2013 онд сард дунджаар 1 сая төгрөгний  цалин авч байсан бол одоо ч мөн тийм л цалингаа авч байгаа. Гэхдээ маш том ялгаа бий.

Тухайн үеийн ханшаар долларт шилжүүлвэл 2013 онд 740 долларын цалинтай байсан бол одоо энэ нь 530 доллар болж байна. 210 доллараар цалин чинь буурсан гэсэн үг. Яагаад? Төгрөгийн ханш 30 хувь унаж халаасанд байсан мөнгөнөөс маань хулгайлж, инфляц бидний мөнгийг идэж байгаа учраас ийм болоод байгаа юм. Эдийн засаг ийм л дүр төрхтэй байна.

-Эдийн засгийн хямралын гол шалтгааныг та юу гэж хардаг вэ. Гарах гарц байна уу.

Эдийн засаг муудсан гол шалтгааныг хүмүүс улс төртэй холбон тайлбар хийж байгаа. Миний хувьд дараах хариултыг өгмөөр байна. Үүнд: Нэгдүгээрт:  Засгийн газар буруу бүтэцтэй ажилладаг.  Засгийн газар зөв бүтэцтэй байж улс эх орон хөгжинө. Яам, анентлаг зэрэг төрийн байгууллагуудыг байнга өөрчилдөг маш том алдааг байнга гаргаж байна.

Хоёрдугаарт: Манай улс хөгжлийн бодлого, зорилт, алсын хараа байхгүй байна. Аливаа нэг улс орон хөгжлийн бодлого, хөтөлбөргүй хөгжинө гэдэг асуудал байж болшгүй зүйл. Хөгжлийг мөнгөөр биш, бодлогоор бий болгодог.

Гуравдугаарт: Монголд хөрөнгө хуримтлуулах, өсгөх санхүү, мөнгөний бодлого хэрэгждэггүй. Гуйж олж ирсэн хэдийгээ харин ч амархан үрэн таран хийж байна. Жишээ нь, Чингис, Самуурай бонд, Хөгжлийн банкинд орж ирсэн мөнгийг зам, гудамж хөтөлбөр зэрэг хэзээ ч мөнгө нь эргэж ирэхгүй төслүүдэд зарцуулсан.

Дөрөвдүгээрт: Улс эх орныг тооцоо судалгаатай, шинжлэх ухааны үндсэн дээр хөгжүүлдэг асуудал мартагдаад байна. Одоо бол улс орныг улс төрчид л хөгжүүлдэг гэдэг ойлголт, ноёрхол тогтоод байна. Тавдугаарт: Боловсон хүчний зөв сонголт, хариуцлага тооцох зөв тогтолцоо дутагдаж байна. Өнөөдөр хамгийн хурдтай хөгжиж буй орнуудын нэг нууц нь чанд хатуу сахилга бат, хариуцлагын зөв тогтолцоонд оршиж байдаг.  

-Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох Эдийн засгийн хөгжлийн яамыг бий болгосон шүү дээ. Дорвитой ажиллаж чадаагүй гэж үү?

Яам шинээр байгуулагдаад 2 жил болоод сая татан буулгаад ГХЯ-тай нэгтгэсэн.  Аливаа хөгжлийг 5, 10 түүнээс дээш жилээр төлөвлөдөг. Эдийн засгийн хөгжил гэдэг нь суурь онол, хөгжлийн загварт тулгуурлаж хөгжинө.

Гадаад  харилцааны яам, худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан яамыг 1996 оноос хойш нийт 4 удаа салгаж нийлүүлээ. Салж нийлүүлэх болгонд би нэг яамнаас нөгөөд шилжиж байсан хүний хувьд улс эх орны хөгжилд нааштай үр дүн авчирч байгаагүйг сайн мэддэг юм. Олон зээл, тусламж, хамтын ажиллагааны төслүүд унаж, зогсож байсан удаатай. Эдийн засаг унаад байгаагийн том шалтгаануудын нэг энэ мөн гэж хэлж болно.

-Манай улс хөгжлийн бодлогогүй гэж үү?

Монгол улсын үндэсний хөгжлийн цогц бодлогоыг 2009 онд гаргасан Гэхдээ энэ нь хэрэгжих нөхцөл бололцоогоор хангагдаагүй байна. Нэн яаралтай шинэчлэн боловсруулах шаардлагатай. МАН эрх барьж байхдаа ард түмний хөгжлийн хөтөлбөр 2012 - 2031 он гаргасан. Энэ хөтөлбөр уг нь нилээн сайн судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэй хийгдсэн юм.

-Манай улсын эдийн засагт гадаад худалдаа томоохон байр суурийг эзэлдэг хэрнээ бие даасан хууль ч үгүй гэдгийг олон бизнесменүүд, мэргэжилтнүүд хэлдэг юм билээ?

Худалдаанд оролцдоггүй нэг ч хүн, байгууллага компани гэж байхгүй. Бид эдэлж, хэрэглэж байгаа зүйлийнхээ 80 хувийг гаднаас авдаг. Манай үйлдвэрүүд тоног төхөөрөмж, бараа материалынхаа 90 хувийг гаднаас худалдаж авдаг.

Гэтэл энэ салбарыг зах зээлийн зарчмаар нь урсгалд нь хаячихсан. Өнөөдөр ЖДҮ, үйлдвэржилт, экспортыг дэмжих хэрэгтэй гэж их ярьдаг. Экспортоо нэмэгдүүлье, Оюутолгойн гэрээг буруу хийчихлээ, нүүрсээ яаж үнэтэй борлуулах вэ гэдэг чинь бүгд худалдаатай холбоотой. Монголын эдийн засгийг зоос гэж үзвэл соёмботой тал нь үйлдвэрлэл, тоотой тал нь худалдаа. Хүн ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд түүнийгээ худалдахаа л боддог шүү дээ.

-Худалдааны хууль хэрэгтэй гэсэн үг үү?

Худалдааны хуулиас гадна өөр олон эрх зүйн баримт бичиг хэрэгтэй. Экспортыг дэмжих хөтөлбөр бодлого хэрэгтэй. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого хэрэгтэй. Дотоод худалдааны журам бодлого нь хэрэгтэй. Эд нар нь бүгд хамтдаа явж байж худалдаа гэдэг утгаараа дотоод, гадаад худалдаа, экспортын бодлого нь цогц болж байж Худалдааны хууль маань хэрэгжих боломжтой.

-Хууль, бодлогогүй байхад худалдааны салбарын цаашид яах вэ, улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

Дэлхий ертөнц худалдаагаа хариуцсан Дэлхийн худалдааны байгууллагатай байхад Монгол улс худалдаа хариуцсан байгууллагагүй. Өнөөдөр Монгол улс аливаа улс оронтой хийсэн аливаа тэнцвэргүй маргааныг ДХБ авч хэлэлцэж шалгадаг. Хэрвээ Хятадтай худалдаа хийж байхад бид алдагдалтай байна гэж үзвэл биднийг ДХБ хамгаалах үүрэгтэй.

Үүнээс гадна худалдааны чиглэлийн бүс нутгийн Олон улсын байгууллагууд байдаг. 1997 оноос хойш Монгол улс нэг ч Олон улсын худалдаа эдийн засгийн байгууллага, гэрээ хэлэлцээрт нэгдэж ороогүй.

Дэлхийн гаалийн байгууллага, Худалдаа хөгжлийн байгууллага, НҮБ-ын үйлдвэр хөгжлийн байгууллага, Олон улсын худалдааны төв, Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага, Чөлөөт худалдааны хэлэлцээрээр дэлхийн бүх худалдааг зохицуулдаг. Алинд ч нэгдэж ороогүй. Энэ нь өөрөө Монгол улс худалдааг хариуцсан байгууллага, яам хүнгүй гэдэг нь харагдаад байгаа юм.

-Монгол улсын эдийн засгийн цаашдийн хөгжлийн төлөв байдлыг Та хэрхэн үзэж байна вэ?

Дэлхий дээр өнөөдөр эдийн засгийн хөгжлийн тулалдаан болж байна. Энэ тулалдаанд харамсалтай нь Монгол Улс ялагдал хүлээсээр байгаа.  Эдийн засаг унаж байгаа учир бид ялагдаж байгаа юм. Хэрвээ бид зөв бүтэц, бодлогоор улс орныхоо эдийн засгийн хөгжлийг удирдаж чадвал богино хугацаанд сэргэх бүрэн боломж байгаа. Хөгжилд хүрэх нэг том гарц нь шинжлэх ухаан тул үүнийг бид хэзээч умартаж болохгүй.

Төр, засаг шаардлагатай байгаа арга хэмжээгээ хэр зэрэг түргэн шуурхай авч, үр дүнтэй хэрэгжүүлж чадах вэ гэдгээс шалтгаалж эдийн засаг сэргэх эсэх нь шийдэгдэнэ. Дэлхийд Монгол хүн гайхагдаж, Монголын хөгжлийн туршлагаас олон орон суралцах цаг ирнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

 -Ярилцсанд баярлалаа.