Хүүхдийн мөнгийг хасвал ЕС-г огцруулах хүсэлт тавина
УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тэд энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэгдэх хуулийн төслүүд, Гацууртын орд, 2015 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
Тодруулбал УИХ-ын гишүүн Х.Болорчулуун гишүүн “Гацууртын орд бол соёлын дурсгал болсон газар. Хүннүгийн үеийн нэн ховор олдворуудын 70 гаруй хувь нь Ноён уулаас олдсон байдаг. Мөн байгалийн үзэсгэлэнтэй газар. Монгол улсын хамгийн их ой модны төрөл зүйлтэй газар бол Ноён уулын бэл. Одоо үүнийг ухах гэж байна. "Центро гоулд" 2300 га газар лиценз хэлбэрээр эзэмшиж байна. Энэ нь 500 ширхэг Сүхбаатарын талбайтай тэнцэх хэмжээний газрыг ухаж сэндийлэх гэж байна.
Тэр хэмжээний ой мод, ус ургамал үгүй болно. Гол мөрөн үгүй болох аюултай. Үндсэн орд ашиглахад заавал химийн бодис ашигладаг. Энэ зүйлээ хадгалж чадахгүй бол тэр орчны хүн малд тэр чигээр нь гай гамшиг үүсгэнэ. Энэ манай хоёр дахь алтын том ордыг авах гэж байна. Энэ удаагийнх нь Гацууртын орд юм. Энэ бол гадныханы буруу шиг. Энэ парламентад суугаа, тэдэнд үйлчилдэг хүмүүсийн буруу. Тэд өөрсдөө болж байвал Монгол орны байгаль орчин яах нь хамаагүй болсон хүмүүсээ болж байна.
Би нэрээр нь хэлье. Уул уурхайн сайд байсан Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд "Фортуна" Н.Батбаяр нар яаж улайрч байлаа. Эхлээд 2.5 болгож багасгах санал байнгын хорооны хуралд орж ирэхэд нэг хүний саналаар унасан юм. Гэтэл дараа нь 14 хоногийн дараа дахиж орж ирэхдээ хоёр хүний саналаар дэмжигдсэн. Эд нар бүр карт сугалж явсан шүү дээ. Тэгж байж батлуулсан юм. Тиймээс гадныханы буруу биш манайхны буруу” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төсвийн тодотголын талаар “Гадныханд ээлтэй, ард иргэддээ хатуу, залуу Засгийн газар байна. Олигархи хэсэг бүлэгт хандсан тодотгол. Жишээлбэл татварыг тодорхой хэмжээнд нэмлээ. Онцгой албан татварыг авахдаа 1 ам.долларыг 1450 төгрөгөөр бодож авч байна.
Харин иргэд 1900 төгрөгөөр бодож өгөх нь. Өөрсдөө тансаглаад харин иргэдийнхээ халаасыг хоосолж байна. Гэхдээ ийм нөхцөлд байдалд хүргэсэн гишүүдийг сонгосон иргэд өөрсдөө буруутай байх. Мөн мал хамгаалах сангаас 8.7 тэрбум төгрөгийг хасчихлаа. Газар тариалангаас нэг ч төгрөг хасаагүй байх юм. Энэ бол малчдыг малаа болиод газар тариалан эрхлэх хэрэгтэй гэсэнтэй адил” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар төсвийн тодотголоор хасагдах гэж буй одонтой ээжүүдийн мөнгийг хасах гэж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд. Ирэх долоо хоногийн мягмар гараг буюу нэгдүгээр сарын 20-ны өдрүүдэд ээжүүдтэй уулзаж энэ талаар санал бодлыг нь сонсох юм байна.
Тэрээр “Ээжүүдийн мөнгийг хасах шийдвэр гарвал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг бие даагчдын зөвлөлөөс УИХ-д өргөн барина. Энэ саналыг иргэд өөрсдөө надад уламжилсан юм. Ерөнхий сайд нэн түрүүнд ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй. Хоёрдугаарт ядаж иргэдээсээ тусламж гуйх ёстой” гэсэн юм.