Д.Оюунхорол БОНХАЖ-ын сайдаар томилогдлоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Д.Оюунхоролыг томилох асуудлыг хэлэлцэв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэр дэвшигчийг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Д.Оюунхорол гишүүн “давхар дээл”-ийг тайлуулах асуудлыг ярьдаг байсан. Одоо өөрөө сайд болж байгаа нь энэ байр суурьтай тань нийцэж байгаа юм уу. Та гишүүнээсээ татгалзах юм уу” гэсэн асуулт тавьсан.
Үүнд Д.Оюунхорол гишүүн хариулахдаа,“УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болно гэсэн хуультай. Энэ хуулийн дагуу УИХ-ын гишүүнийг сайдаар томилохоор оруулж ирж байгаа байх. МАН-ын хувьд үндсэн чиг үүргийн яамд буюу Засгийн газрын гишүүдийн 30 хувийг УИХ дотроос байж болно гэж ярьж байсан. Энэ зарчмын дагуу бүлэг дээрээ ярьж шийдвэрлэж оруулж ирсэн. Би УИХ-ын гишүүнээсээ татгалзана, дан дээлтэй байна гэхгүй. Би Завхан аймгийн сонгогчдын итгэлийг хүлээж сонгогдсон гишүүн” хэмээн хариулсан юм.
УИХ-ын гишүүн А.Бакей Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдоод нэн тэргүүнд ямар асуудал шийдэх вэ гэдгийг тодруулахад, юуны өмнө агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байсан ажлуудыг үргэлжлүүлнэ. Байгалийн нөөцийг ашиглаж байгаа бүх субьектын хариуцлагыг дээшлүүлнэ, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ хэмээх хариулав.
УИХ-ын гишүүн Э.Баянсэлэнгэ "Газрын наймаатай холбоотой, ногоон байгууламжийг сүйтгээд байгаа зүйлтэй холбогдуулан та сайд болох юм бол ямар арга хэмжээ авах вэ, Шинэ сайдууд ажлаа шинээр эхлэх нь гарцаагүй. Өмнөх сайд нарын ажлыг үргэлжлүүлэх үү. Мөн хог хаягдалтай холбоотойгоор нийслэлтэй хэрхэн хамтарч ажиллах вэ" гэж асуусан юм.
Харин нэр дэвшигч Д.Оюунхорол "Би энэ яамтай холбоотой асуудлуудыг хэд хоногийн хугацаанд танилцаж үзсэн. Үнэхээр байгаль орчныг нөхөн сэргээх хэрэгтэй байна. Тиймээс би шинжлэх ухааны санал дүгнэлт дээр үндэслэн байгаль орчны асуудалд онцгой анхаарч ажиллана. Хог хаягдлын асуудлаар бол нийслэлтэй зайлшгүй холбоотой ажиллах нь зүйтэй. Тиймээс хамтарч ажиллах болно. Газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр авсан лицензүүдийг эргэж судлах хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна. Энэ яамын сайдын хувьд судалж үзнэ. Мөн өмнө ажиллаж байсан сайдуудын залгамж шинж чанарыг үргэлжлүүлнэ гэж бодож байна" гэж хариуллаа.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, хэмжээг нь нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг хэллээ. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга “Урт нэртэй хууль”-ийг дэмжиж, хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахыг захьсан юм.
Ингээд санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 93.1 хувь нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилохыг дэмжлээ.