Г.Шийлэгдамбыг сайдад дэмжлээ
Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж буй Г.Шийлэгдамбыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн бөгөөд “Хамгийн их хэл ам дагуулсан, асуудал ихтэй салбарын ажлаа 100 хувь хийгээрэй” гэж захив.
Гишүүд салбарын онцлох асуудлуудыг тоочиж, шийдвэрээ хүлээсэн олон асуудал хуримтлагдсан гэдгийг удирдлагын арга барил муу байсантай холбоотой хэмээн сануулсан бөгөөд байнгын хороог даргалагч Д.Батцогт “Урдах удирдлага чинь УИХ-тай холбоогүй байсан учраас хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлого чинь явахгүй. Ордонд орж ирэхээрээ Ерөнхий сайдтайгаа уулзчихаад л, ганц нэг танил гишүүдтэй уулзсан болоод л гараад явчихдаг байсан.
Үүнээс болж ажил чинь урагшлахгүй байсан. Үүнийг хэлж буй гишүүдийнхээ үгийг сайн бодох хэрэгтэй. Баг бүрдүүлэх тухай ярьж байна. Гэхдээ дахиад л эмнэлгийн дарга нартайгаа зууралдаад эхлэвэл 1,5 жил чинь хурдан дуусна шүү. Харин салбартаа шинэчлэл авчрах хэдэн хуулиуд дээрээ сайн суух хэрэгтэй байна.
УИХ дээр дэмжээд ёсчлоод байхад засгийн газар нь Эрүүл мэндийн яам нь ажлаа хийхгүй байгаагаас бол тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт гацаад байгаа жишээ ч бий шүү. Энэ мэт асуудлууд дээр анхаарч ажиллаарай” гэлээ.