Ж.Энхбаяр: Д.Зоригт алдаа гаргасан байж болно
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр Төрийн ордонд хуралдаж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах тухай УИХ дахь Ардчилсан намын нэр бүхий гурван гишүүнээс тавьсан хүсэлтийг авч хэлэлцсэн юм. Эл хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оролцсон тул дараах асуултад хариулт авлаа.
-Д.Зоригт сайдыг огцруулах хүсэлтэд Удирдах зөвлөлөөс ямар шийдвэр гаргасныг тодруулахгүй юу?
-МАН-ын Удирдах зөвлөлөөс том бодлогоо хэрэгжүүлье, энэ хүрээнд бодлого хариуцсан салбарынхаа сайдыг солихгүй байя гэсэн шийдэлд хүрлээ. Нөгөөтэйгүүр, Засгийн эрх барьж байгаа намын хувьд хийхээр зорьсон ажлаа олон түмэндээ хүргэе гэж шийдлээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт ажлаа хийхдээ алдаа гаргасан байж болно. Үүнийг нь засч залруулах үүрэг өглөө. Харин тэрбээр энэ том салбарыг тэргүүлж, Монгол Улсын нэрийн өмнөөс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Ажил хараахан эхлээгүй ч хөрөнгө оруулалт нь эхнээсээ орж ирж байна. Бүтээн байгуулалтын ажил өрнөөд, олборлолт эхлэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ улам бүр өсөн нэмэгдэнэ. Бид Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг арван жил яриад хэрэгжүүлж чадаагүй. Харин энэ ажлыг Д.Зоригт сайд гардан хэрэгжүүлж эхлэлийг нь тавьсан учраас цааш бодлого, зорилт үргэлжлэх учиртай гэж үзлээ.
-Тэгэхээр Удирдах зөвлөлөөс 100 хувь “Д.Зоригт сайдыг огцруулахгүй” гэж үзсэн үү, эсвэл эсрэг саналтай гишүүн байсан ч олонхийн саналд дарагдчихав уу?
-Удирдах зөвлөл 100 хувиар огцруулахгүй гэж шийдсэн. Д.Зоригт сайдын хувьд Монгол Улсын хөгжлийн төлөө хийсэн ажилтай, хэлэх үгтэй хүн шүү дээ.
-Тухайлбал, ямар ажил хийсэн гэж?
-Би Говь-Алтай аймгийг төлөөлөөд УИХ-д сууж байгаа гишүүн. Тиймээс энэ аймагт олон жил хүлээгдэж байсан ажлууд өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийгдсэн гэдгийг баттай хэлж чадна. Нэр заагаад хэлье л дээ, нарны сэргээгдэх эрчим хүчний станц бүрэн ашиглалтад орлоо. Баруун бүсээс эрчим хүчтэй холбогдлоо. “Могойн голын цахилгаан станц” төсөл шийдэгдлээ. Сумдын хооронд цахилгаан дамжуулах шугам хийгдэж дууслаа. Аймгийн төвийн эрчим хүчний системийг бүх технологитой нь иж бүрэн шинэчилсэн. Улс орны хөгжлийн хөдөлгүүр болсон Оюутолгойн бүтээн байгуулалтын томоохон ажил өрнөж байна. Одоо Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эхлүүлэх гэж оролдож байна. Том, шинэ ажлыг олон улсын төвшинд хийхэд ажлаа мэддэг, мэдлэгтэй шинэ хүн хийхээс аргагүй. Үүнийг хуучин аргаар хийж чадахгүй. Уг гэрээний үг, үсэг, таслал маш нарийн. Нэг үгний орчуулгын болоод утгын алдаанаас улс орны хувь заяа шийдэгдэнэ. Үүн дээр хариуцлагатай ажиллаж байгаа хүн бол Д.Зоригт сайд.
-Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээг засах шаардлага байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор Удирдах зөвлөлөөс Д.Зоригт сайдад тодорхой үүрэг өгсөн үү?
-Оюутолгойн гэрээний явцыг мэдээлж, шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулах асуудлыг хөрөнгө оруулагчтай хэлэлцэн хэрэгжүүлэх үүргийг өгье Мэдээж гэрээнд сайжруулах зүйл байгаа гэдэг дээр бүгд санал нэгдсэн. Оюутолгойн гэрээг сайжруулах үүрэг бүлгээс өгөгдөх байх.
-Ер нь Удирдах зөвлөлийн шийдвэр хэр үндэслэлтэй гэж та хувьдаа дүгнэж байгаа вэ. Д.Зоригт сайдын ажилд асуудал байгаа учраас огцруулах хүсэлтийг гишүүд хоёр дахь удаагаа тавьж байгаа юм биш үү?
-Би улстөрийн талаас нь харж байна. Хэрвээ тэд Засгийн газраас сайд огцруулмаар байгаа бол Н.Алтанхуяг, Ц.Нямдорж нарын асуудлыг оруулж ир л дээ. Чадахгүй л байгаа биз дээ. Гэтэл Д.Зоригт сайдыг л ээрээд байдаг. Үүнд нь миний дургүй хүрээд байгаа юм.
-Залуу хүн болохоороо та Д.Зоригт сайдын талд байна уу даа?
-Ажил хийгээд байгааг нь огцруулах гэсэн нь сонин. Огцруулах асуудлыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбох юм бол ганц Д.Зоригт сайд гарын үсэг зураагүй, С.Баярцогт, Л.Гансүх сайд хамт зурсан. Тэд хамтдаа хэлэлцээр хийж байсан. Гэтэл хэт намчирхаад залууг нь барьж авч байна. Үнэндээ Д.Зоригт сайд хамгаалалт муутай залуу. Өөрөө улстөр сайн мэдэхгүй. Тийм учраас бид энэ хүнийг хамгаалах хэрэгтэй байгаа.
-Хамгаалалт сайтай болохоороо намын Удирдах зөвлөлөөс ч, УИХ-аас ч “Огцруулахгүй” гэсэн шийдвэр гаргаж байсан юм биш үү?
-Яагаад улс орны хамгийн тулгамдсан том салбар болсон эрдэс баялаг, эрчим хүчний салбарыг урагшлуулан авч явж байгаа хүнийг огцруулах гээд байгаа юм бэ. Арван жилийн өмнө яриад чадаагүй Оюутолгойг эхлүүлж, 50 жил дарагдсан Тавантолгойд ажил эхлүүлэх гээд байгаагийн төлөө яагаад оролдоод байгаа юм. Тийм учраас өмөөрнө.