Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014-11-27/ үдээс хойшх нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг асуулт, хариултаар үргэлжлүүлэв.
Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 11 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүд хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлсэн юм.
Иймээс чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Гэрийн бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төслийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний хөгжил, хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулан 11 бүлэг, 121 зүйлтэйгээр шинэчлэн найруулжээ. Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан Иргэний бүртгэлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Иргэний хууль зэрэг хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь боловсруулсан байна.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн агентлаг болгож нийслэл, аймаг, орон нутагт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан бүтэцтэй байхаар тусгасан хэдий ч улсын төсөвт ачаалал нэмэгдүүлэхгүй байх үүднээс одоо ажиллаж буй хөгжлийн нийгмийн ажилтныг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар шилжүүлэн ажиллуулахаар тусгасан байна.
Улсын Их Хурлын гишүүд дээрх хуулийн төсөл санаачлагч болон ажлын хэсгийнхэнд хандаж тавьсан асуултдаа, дээрх хуулийн төслийн үзэл баримтлал нь шат шатны боловсролын нэгдсэн бодлого, тогтолцоо, стандартад нийцэж байгаа эсэх, хүүхэд харах үйлчилгээний хувьсах зардал, санхүүжилт ямар байх, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрлийг хэрхэн олгох, үйлчилгээнд нь хяналт тавих, эцэг, эхийн зөвлөлтэй байх эсэх, хүүхдийг хөгжүүлэх, тэдэнд мэдлэг, боловсрол олгох асуудал төсөлд хэрхэн тусгагдсан зэрэгт анхаарал хандуулж хариулт авав.
Улсын Их Хурлын зарим гишүүд саналаа илэрхийлэхдээ, хуулийн төсөлд хариуцлага, хяналтын тогтолцоо хангалтгүй, төвийн эрх үүрэг нь тодорхой бус байгаад шүүмжлэлтэй хандахын зэрэгцээ боловсролын тогтолцоог иж бүрнээр нь авч үзэх, энэ хүрээнд өмнөх тогтолцоог улам бэхжүүлэх буюу уялдуулахад анхаарах, эцэг эхийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх талаар ярив. Энэ хуулийн төслийг хэлэлцэж баталснаар, өрсөлдөөн бий болж улмаар хүүхэд харах төвийн үйлчилгээ нь илүү чанартай, стандартад илүү нийцсэн байх болно гэж үзэж байгаагаа тэд илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүдийн олонх энэ хуулийн төсөл болон түүнд холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.