Хуванцараас бүтсэн бидний амьдрал
Эдүгээ хуванцаргүйгээр хүний амьдралыг төсөөлөхөд бэрх
2014.11.11

Хуванцараас бүтсэн бидний амьдрал

Орчин үед хуванцарын шинж чанарыг механик боловсруулалтын аргаар маш хялбар өөрчилдөг болж. Түүнчлэн төрөл бүрийн бодис хольсноор бат бөх, халуун хүйтэнд тэсвэртэй, мөн дурын өнгө оруулдаг. Хуванцар бидний эргэн тойронд газар сайгүй, тэр байтугай бидний нүдэнд ил харагдахгүй үедээ байсаар л байдаг. Тухайлбал уламжлалт цаасан номны хавтсанд ч хуванцарын хольц бий. Хуванцар нь өөрийн механик шинж чанарын ачаар байгалийн гаралтай аль ч бүтээгдэхүүнийг орлох чадвартай.

Үүний зэрэгцээ өөрийн унаган төрхийг хадгалж, хүний амьдралд олон талын үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн хуванцар нь хэрэглэгчдэд гоо зүйн мэдрэмж өгдөг. Хүнсний бүтээгдэхүүн болгон, түүний дотор нимгэн тунгалаг гялгар уутанд ороосон талх, жимс зэрэг нь хүний нүдэнд гялалзаж шинэ, цэвэрхэн, гоёмсог гэсэн сэтгэгдэл төрүүлдэг.

Хүний амьдрал дахь хуванцарын үүрэг өсөх тусам түүнээ дагаад бид өөрсдөө хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Түүнчлэн хэдий чинээ бидний асуудлыг шийдэж, хэдий чинээ шинэ асуудлыг бий болгож байна вэ гэдэг нь сонирхолтой. Энэ асуултад хариулахын тулд бидний амьдралыг хуванцартай холбодог гурван зүйлийг авч үзье.

Эд зүйлс

Хуванцарын ачаар бидний хэрэглэх эд зүйлс тоо томшгүй болсон. Хэдэн арван жилийн өмнөхөөс хэд дахин өслөө. Хүүхдийн тоглоомноос эхлээд өдөр тутмын хэрэглээний барааны баглаа боодол, оршуулах зан үйлийн хэрэгсэл хүртэл бидний амьдрал хуванцар дунд умбажээ. Хуванцарыг бид эзэмшихээсээ илүү ашигладаг. Үүнийг сүүний савалгаанаас ажиглаж болно. Өнгөрсөн зуунд Польш улсад л гэхэд сүүг олон арван жилийн турш задгайгаар, эсвэл шилэн лонхонд зардаг байв. Лонх нь төмөр таглаатай, таглаан дээр огноо, үйлдвэрийн нэрийг бичдэг байв. 1990-иэд онд гялгар дотортой картон савлагаа бий болсон. Доторхи сүү нь харагддаггүй. Гэхдээ савлагаан дээр бичсэн сүүний найрлага, ногоон нугад идээшилж буй бөөр алаг үнээний зураг зэрэг нь мэдээллийн гэхээсээ илүү сурталчилгааны үүрэг гүйцэтгэдэг болов. Ингэснээр савлагаа хэрэглээний, сүү хэрэгцээний зүйл болов.

Ажилчид хуванцар лонхны уулан дээр амарч байна. Хятад.

Үүнээс ч илүү өөрчлөлтийг усан дээр ажиглаж болно. 1970-аад онд Европынхан усыг голдуу крантнаас тосч уудаг байв. Харин одоо цангаагаа тайлахын тулд савласан ус худалдаж авдаг. Ингэхдээ хэрэглэгчид савласан ус нь крантнаас гоожуулсан уснаас аюулгүй, эрүүл мэндэд тустай гэж боддог. Гэртээ өөрийн гараар ундааны зүйл хийж болохоор  байсан ч дэлгүүрээс авсан, хэрэглэхэд хэдийнэ бэлэн бүтээгдэхүүн авахад сэтгэлд сэвгүй мэт санагдана.

Картон савалгаа, лаазны хаягдал нь бидний хүнсний хэрэглээний салшгүй хэсэг болов. Өөрөөр хэлбэл худалдаж авах, доторхийг нь хэрэглээд савыг нь хаях хоёрын хоорондох хугацаа улам богиносож байна. Сүү сүүгээрээ байвч түүнийг агуулсан савалгаа түүнээсээ дутуугүй ач холбогдолтой болов. Эцэст нь сав, баглаа, боодол нь ДНБ-д томоохон байр суурь эзэлдэг боллоо.

Хэдийгээр энгийн алимны жүүсийг гэрийн нөхцөлд боловсруулж болох ч дэлгүүрийн лангуунд тавьсан жүүс хавьгүй илүү зах зээлийн өртөгтэй. Польш улсад 2009 онд иргэдийн санаачлагаар дэлгүүрт үнэгүй гялгар уут тараахыг хориглосон төсөл боловсруулжээ. Гэтэл Засгийн газар гялгар уутны хэрэглээг хязгаарлавал эдийн засагт сөрөг нөлөөтэй хэмээн үзэж төслийг няцаасан байна.

Эрүүл мэнд

Шилэн лонхыг орлосон хуванцар савнууд нь хоорондоо харшиж хагардаггүй, хөнгөн жинтэй. Гэвч нэг асуудлыг шийдсэнээр өөр шинэ асуудал гарч ирэв. Хөнгөн жинтэй хуванцар савнуудыг өмнөх шилэн савнуудтай харьцуулахад илүү багтаамжтай хийдэг болов. Хүйтэн ундааны шилэн лонх 0,25, 0,33 литр, хамгийн ихдээ нэг литрийн багтаамжтай байв. Харин хуванцар сав 0,5-2,5 литрийг багтаадаг боллоо. Их багтаамжны нэг хортой тал нь хэрэв тухайн шингэн сахар ихтэй байвал илүүдэл жин, таргалалтын эх үүсвэр болдог. Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумберг (Michael Bloomberg) бааруудад том савлагаа бүхий чихэрлэг ундаа зарахыг хориглох гэж оролдсон. Гэвч түүний санаачлагыг эдийн засгийн эрх чөлөөг дэмжигчид бүтэлгүйтүүлжээ.

Түүнчлэн хэрэглэгчид мэдээллийн занганд байнга ордог. Хуванцар савны гадна талд долоон янзын гурвалжин хэлбэртэй тэмдэглэгээ бий. Энэ тэмдэглэгээ зөвхөн дахин боловсруулагчдад хэрэгтэй болохоос хэрэглэгчдэд тус болохгүй. Үнэндээ хуванцар болгоныг гаргаж авахын тулд төрөл бүрийн химийн бодис хольдог ч энэ тухай мэдээлдэггүй. Ийм нэмэлт бодисын тоо 4000 орчим бөгөөд ихэнх хүний биед хэрхэн нөлөөлдөг нь одоо болтол тодорхойгүй.

Реклам сурталчилгааны нөлөөгөөр энгийн хэрэглэгч чухам ямар бодис хяналтаас гадуур үлдсэнийг ойлгодоггүй, харин жинхэнэ чанартай орчин үеийн бүтээгдэхүүн худалдаж авч байна гэж боддог. Жишээ болгож ПВХ (поливинилхлорида буюу вакуум цонх хийдэг түүхий эд)-ийн түүхийг авч үзье. ПВХ 80-90-иэд онд шилэн лонхыг орлож гарч ирсэн. Гэтэл ПВХ нь хлорын нэгдэл ялгаруулдаг болох нь батлагдав. Улмаар ПВХ нь хямд төсөр учраас барилгын салбарт ашигладаг боллоо. ПВХ-аар хийсэн цонхтой байшинд түймэр гарахад модон байшингаас илүү олон хүн угаартаж үхдэг ч барилгын салбарынханд зөвхөн борлуулах нь чухал. Харин ч эсрэгээрээ ПВХ-аар хийсэн цонх нь хорт бодисгүй, байгальд ээлтэй хэмээн рекламдана.

Сүүлийн үед халуун сав, хоолны зөөврийн сав, хүүхдийн тэжээлийн сав зэрэгт Бисфенол А-г өргөн ашиглах болсон. Боодол болгон дээр “Бисфенол А агуулаагүй” гэсэн бичигтэй. Гэвч АНУ, Канадад токсинтой болохыг нь баталж, хоол хүнсэнд хэрэглэдэг эд зүйлд ашиглахыг хоригложээ.

Хаягдал

Бид хуванцараас бүтсэн баглаа, боодол, эсвэл өөр эд зүйлсийг хаях үед бидний тархинд нэгэн төрлийн өөрчлөлт явагддаг. Хуванцар зүйл тодорхой хугацаанд хэрэгтэй байснаа гэнэтхэн хэрэггүй, бидний амьдралд саад болсон хог болж хувирна. Захиргааны байр сууринаас авч үзвэл бид хог биш, хаягдал хаядаг. Ингэснээр эдийн засгийн шилжилт болдог. Тодруулбал бид эд зүйлийг хэрэггүй болсноос бус, харин шинийг авсан учраас хаядаг. Шинийг худалдаж авах тэр л агшинд хуучин нь үнэ цэнээ гээдэг. Нэг үгээр хэлбэл ямар нэгэн эд зүйлийг хог болгохын тулд мөнгө зарцуулж байна.

Эдүгээ сансарт 5000 тонн хог хаягдал байгаа бөгөөд сансрын хөлөг хөөргөх үед багагүй төвөг учруулдаг байна

Үүнээс зайлсхийхийн тулд хоёр арга хэрэглэж болно. Энэ бол удаан хэрэглэх, дахин боловсруулах. Аливаа эд зүйлийг боломж байгаа цагт бүрэн ашиглах, эвдэрсэн бол засах, эсвэл бусдад өгөх хэрэгтэй. Орчин үеийн олон хэрэглэгчдийн хувьд уг хувилбар нь ямар ч утгагүй. Учир нь өнөөгийн эдийн засгийн хөгжил материаллаг хэрэглээ, хэрэглэгчдийн байнга шинийг авах гэсэн дур хүсэл дээр үндэслэсэн.

Хаягдлыг дахин боловсруулах арга нэлээд ахицтай явж байгаа. Энэ арга хуванцар үйлдвэрлэлийн анхдагч түүхий эдийн ашиглалтыг багасгадаг. Тухайлбал дахин боловсруулалт өссөнөөр нефтийн хэрэглээ багасана гэсэн үг.

Хүн төрөлхтөн хуванцартай нөхөрлөөд хэдхэн арван жил болж байна. Энэ хугацаанд хуванцар бидний өдөр тутмын амьдрал, сэтгэхүй, эдийн засгийн хөгжлийг өөрчилжээ. Бид уг өөрчлөлтийг ойлгож ухаарахын босгон дээр зогсож байна. Хүн төрөлхтөн галыг шинэ чулуун зэвсгийн үед нээж, гал бидний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн. Гэвч бид өдий болтол галыг бүрэн хянаж чадах эсэхээ мэдэхгүй л байна. Хуванцар ч гэсэн гал эзэмшсэн түүхтэй төстэй.