Дэлхийн эдийн засаг хаашаа явж байна вэ?
Хэрэв Ойрхи Дорнодыг түйвээж буй Лалын зэвсэгт бүлгийг эс тооцвол хүн төрөлхтөн эдийн засгийн асуудалд хамаг анхаарлаа хандуулсан үед амьдарч байна. Түүгээр зогсохгүй зэвсэгт бүлэглэлийн үйлдэл ч бас эдийн засагт нөлөөлж эхлэв. Нэрт эдийн засагч Нуриэль Рубиний дэлхийн эдийн засгийн талаарх ажиглалтыг авч үзье. Энэ шинжээчийг “Хямралыг зөгнөгч” гэж нэрлэдэг бөгөөд 2008 оны санхүүгийн хямралыг урьдчилан харж чадсан юм.
Рубини дэлхийн эдийн засгийг хар үүл, шуурганаас аль болох хол явах ёстой онгоцтой зүйрлэжээ. Онгоц нисэхийн тулд түүний дөрвөн хөдөлгүүр бүгд ажиллах ёстой. Гэтэл эдүгээ АНУ гэсэн ганцхан хөдөлгүүр хэвийн ажиллаж байна. Рубинихээр бол хоёр дахь хөдөлгүүр нь Европ, гурав дахь Япон, дөрөв дэх нь Хятад тэргүүтэй хөгжиж буй орнууд.
Гэхдээ АНУ дэлхийн хямралаас гарсан гэж баталгаатай хэлэх үндэслэл бидэнд алга. Хэрэв гарсан бол АНУ одоо хүүгийн хэмжээний тухай маргахгүй байх байлаа. Вашингтоны “үнэт цаасны худалдаа” гэж нэрлэсэн эдийн засгийн бодлого үеэ өнгөрөөж ямар үр дүнд хүргэх нь тодорхойгүй байна.
Европын холбооны улсуудад зогсонги байдал үргэлжилсээр. Дифляцийн эрсдлийг дагуулсан эрэлтийн уналтыг зогсоохын тулд Европын төв банк АНУ-тай адил үнэт цаас худалдаж авах болсноо мэдэгдэв. Эдийн засгийн үүднээс аваад үзвэл Европын холбоо хүндхэн байдалтай байна. Орос, Украйны хооронд байгалийн хийгээс улбаатай зөрчилдөөн үргэлжилж байгаа ийм нөхцөлд Европын холбооны улсуудын эдийн засгийн олон асуудал шийдлээ хүлээсээр. Зарим хүмүүс өрнөж үйл явдлууд Европын холбоо задрахад хүрнэ гэж ярих боллоо. Грекэд өгсөн санхүүгийн тусламж Ангель Меркелийн сонгуулийн өрсөлдөөнд яаж төвөг учруулсныг мартах ёсгүй.
АНУ-аас бусад дэлхийн эдийн засгийн гол төвүүдийн эдийн засгийн байдал сайнгүй байна .
Нөгөө талаас тэртэй тэргүй хямралд орсон Ойрхи Дорнодод лалын зэвсэгт бүлэглэл гарч ирэв. Бүлэглэлийн сүүлд хийсэн үйлдлүүд бүс нутгийн худалдааг зогсоож, хөрш орнууд хоорондоо худалдаа хийхэд төвөгтэй болов. Газрын тосны үнийн огцом уналт Ойрхи Дорнодын газрын тос нийлүүлэгч орнуудын эдийн засагт хүнд цохилт болов.
Хятадын эдийн засгийн өсөлт аажмаар удааширч эхэллээ. Үүнтэй зэрэгцээд түүхийн эдийн эрэлт багасав. Энэ нь алт зэрэг зарим бүтээгдэхүүний үнэ унахад хүргэв.
Энэ бүгдээс дараах дүр зураг харагдаж байна: Дорно зүгт эдийн засгийн өсөлт удааширч, харин АНУ тэргүүтэй барууны орнуудын эдийн засаг зогсонги байдалд орлоо. Ойрхи Дорнодын эмх замбараагүй байдлыг нэмбэл 2015 онд дэлхийн эдийн засаг ямар байхыг хэлэхэд тун бэрхшээлтэй.
Өнөөдрөөс эхлээд муу ёр зөгнөсөн зарим шинж тэмдгийг ажиглаж болно. Дэлхийн валютын сангийн саяхан гаргасан тайлангаас дэлхийн эдийн засгийн уналт улам гүнзгийрч буйг анзаарч болно. Энэ уналт 2008 оны хямралын өмнөх өсөлтийн хэмжээнд хүрэхэд хол байна. Түүнчлэн 2014 онд ДНБ-ийн өсөлт 3,6%- аас 3,3% хүртэл бууралттай гарах төлөвтэй байна. Харин дэлхийн эдийн засгийн өсөлт 2015 онд 4% аас 3,8 болох ажээ.
Энэ бүгдээс харахад дэлхийн эдийн засгийн байдал улам хүндэрч байгаа бөгөөд улс орнууд маш болгоомжтой ажиллах шаардлагатай болж байна .