Дэлхийн үнэтэй тусгаар тогтнол
2014 оны 10 дугаар сарын 30 нд Шведийн Гадаад хэргийн сайд Маргот Вальстром Шведийн вант улс Палестиныг төрт улсын хувьд албан ёсоор хүлээн зөвшөөрч байгааг зарлав. Мөн саяхан энэ асуудлаар Их Британий парламентад санал хураалт болсон. Өнөөг хүртэл Европын орнууд Израйльтай харилцаагаа муутгахгүйн тулд Палестиныг дэмжих ёсгүй гэсэн бичигдээгүй дүрмийг баримталж ирсэн. Швед, Их Британы улс төрчдийн хийсэн алхам Европын холбооны бусад улсууд Палестины асуудлыг өөрөөр авч үзэх эхлэл болж мэдэх юм.
Нэг газар нутгийн хоёр улс
Израйль, Палестины хямралын асуудал хэдэн зууны өмнөөс эхлэлтэй. Дэлхийн нэгдүгээр дайны дараагаар Англичууд Палестиныг хяналтандаа авснаар өнөөгийн дүр төрх бий болсон. Үүний дараа хоёр дайны хооронд Ариун газарт бүх Европоос мянга мянган еврейчүүд ирсэн нь арабуудын дургүйг хүргэв. Харин Англичууд шилжилт хөдөлгөөнийг зогсоох гэж оролдоход еврейчүүдийн дургүй хүрэв. Энэхүү сөргөлдөөн нэг бус удаа цуст мөргөлдөөнд хүргэж байлаа.
Хоёрдугаар дайны дараа Палестины хувь заяа НҮБ-ын гарт очив. 1947 оны 11 дүгээр сарын 29 нд 181 дүгээр тунхагийг баталж Арабын болон Еврейн гэсэн хоёр улс байгуулахаар болов. Гэхдээ Иерусалим, Вифлеем хотуудыг олон улсын хяналтад үлдээв. Энэхүү төлөвлөгөө арабуудад таалагдсангүй. 1948 онд цуст мөргөлдөөн гарч “Араб, Израйлын нэгдүгээр дайн” нэрээр түүхэнд үлдэв. Израйль арабуудын таван армид ялагдаагүйгээр барахгүй газар нутгаа өргөтгөв. НҮБ-ын тодорхойлсноор анхнаас нь арабуудад олгосон газар нутгийн тал нь, мөн Баруун Иерусалим Израйлийн хяналтад оров. 1967 оны дайнаар Израйль бараг бүх Палестиныг гартаа оруулав.
Еврейчүүд Палестинд ирж буй нь. 1948 оны тавдугаар сар. Фото: AFP
1988 онд Палестиныг чөлөөлөх хөдөлгөөнийхөн тусгаар улс байгуулснаа зарласан ч хямрал хэвээр үлдэв. 1994 онд Палестины үндэсний захиргаа байгуулагдаж Иордан голын баруун эрэг, Газын зурвасыг хяналтандаа авахад асуудал шийдэгдлээ гэж үзэж байв. Гэвч Палестин дотроо төвийг сахигч ФАТХ, Газын зурвасыг эзэлсэн хэт даврагч ХАМАС хөдөлгөөнүүдийн хооронд мөргөлдөөн эхлэв.
Тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхийн зовлон
Эдүгээ Палестины тусгаар тогтнолыг 134 орон албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Палестин нь Арабын орнуудын лигт ордог. Гэхдээ НҮБ-ын гишүүн болоогүй. Ер нь НҮБ хачирхалтай байр суурийг баримталдаг. Анх НҮБ өөрөө тунхаг гаргаж Палестиныг байгуулсан хэрнээ одоо болтол өөрийн гишүүнээр элсүүлж аваагүй. Палестиныг гишүүнээр элсүүлэхийн тулд адармаатай процедурыг давна. Эхлээд Аюулгүйн Зөвлөл тусгай тунхаг гаргаж Ерөнхий Ассамблейд өргөн мэдүүлэх хэрэгтэй. Ерөнхий Ассамблей зөвшөөрөх, татгалзах эсэхийг шийднэ. Палестиныг хүлээн зөвшөөрөхөд хангалттай 128 орны санал байгаа ч Аюулгүйн Зөвлөлийн түвшинд АНУ, Их Британи, Франци гэсэн гурван улс шийдвэрийг үргэлж цуцалдаг.
Тиймээс Палестинчууд бага багаар аажим урагшлах стратеги сонгожээ. 1996 онд Олон улсын олимпын хороо Палестины олимпын хороог хүлээн зөвшөөрсөн. Харин 1998 онд Палестин үндэсний хөл бөмбөгийн багийг Дэлхийн хөл бөмбөгийн холбоо хүлээн зөвшөөрөв. 2011 онд ЮНЕСКО Палестиныг бүртгэв. Харин 2012 оны 11 дүгээр сард Ерөнхий Ассамблейд санал хураалт болж 139 орон эерэг, 9 орон сөрөг санал өгч, 41 орон саналаас татгалзсанаар Палестин нь НҮБ-ын дэргэдэх ажиглагч улсын статустай болов.
Их өөрчлөлтийн эрин
Европын орнуудад Палестины талаархи хандлага харилцан адилгүй байсаар ирсэн. 2011 онд Исланд Палестиныг хүлээн зөвшөөрсөн. Зөвлөлт засгийн үеэс Европын зарим орны нийслэлд Палестины элчин сайдын яамд ажилладаг болсон. Гэхдээ 2014 оны намраас байдал өөрчлөгдөв. 8-9 дүгээр сард Израйль “Үл нурах асга” нэртэй цэргийн ажиллагааг Газын зурваст явуулсны дараа Европын барууны хүчнүүд хүртэл Израйль хэрээс хэтэрлээ гэж үзэх болов.
Израйлийн бөмбөгдөлтөөс зугатаж явна. 2014 оны наймдугаар сар. Фото: Roberto Schmidt / AFP
Улмаар Палестиныг дэмжих эсэх асуудал дотоод улс төрийн чухал хүчин зүйл болж хувирав. Ялангуяа Их Британий парламентаас үүнийг ажиглаж болно. Парламентын сонгууль ойртсон энэ үед улс төрийн хүчнүүд хүн амын дундах лалын шашинт сонгогчдын тоо, олон нийтийн санаа бодлыг харгалзаж үзэхээс аргагүй болов. Лейбористуудын лидер Эд Милибэнд Ерөнхий сайд Кэмерон Израйлийн цэргийн ажиллагааны талаар шийдэмгий байр суурь илэрхийлж чадаагүйг шүүмжилж коко үнэлгээ авав. Ер нь лейбористууд Палестиныг дэмжсээр ирсэн. Явж явж Их Британий гурван нам гурвуулаа Израйлын түрэмгий бодлогод урам нь хугарав. Наймдугаар сард Их Британи дахь Үндэсний болон шашны цөөнхийн асуудал эрхэлсэн сайд Саида Уорси Израйлийн цэргийн ажиллагааг эсэргүүцсэний тэмдэг болгож албан тушаалаасаа огцров.
Шведийн Гадаад хэргийн сайд: “АНУ-аар бид улс төрийн бодлогоо заалгахгүй".
Шинжээчдийн үзэж буйгаар Израйль нь Европын орнуудыг залхааж, Израйлийн болчимгүй үйлдлээс болж Европын холбоо эвгүй байдалд оров. Үндсэндээ Израйль Европын орнуудын итгэлийг алдаж байгаа, эсвэл алдсан аж .
Израйлийн цэргийн хүч "Үл нурах асга" цэргийн ажиллагааны үеэр Газын зурвас руу галлаж байна. Фото: Menahem Kahana / AFP
Израйлийн ард иргэд хүртэл улс орон нь имиджээ алдаж байна хэмээн үзэж байна. Германд Израйлийн элчингээр ажиллаж байсан Ави Примор: “Олны санаа бидний эсрэг чиглэлээ. Ийм байдал сүүлийн хэдэн жил үргэлжилж байгаа. Харин энхийн хэлэлцээрийн бүтэлгүйтэл, саяхан явуулсан цэргийн ажиллагаа хоёр хэргийг нэг мөсөн баллаж орхилоо” гэж хэлэв. Эзлэгдсэн газар нутаг дээр Еврейн сууринг олшруулах Израйлийн төлөвлөгөөг Европын холбоо эрс буруутгаж, Европын холбооны Гадаад хэрэг хариуцсан дээд төлөөлөгч Кэтрин Эштон Газын зурвасыг сэргээхэд 450 сая евро өгнө гэдгээ амлав. Иорданы баруун эргийн эзлэгдсэн газар нутагт үйл ажиллагаа явуулдаг Израйль үйлдвэрүүдийн барааг хориглох кампанит ажил Европ даяар өрнөв. Нөхцөл байдал нэгэнт ийм болсон үед том өөрчлөлт хийх цаг болсон гэсэн шийдвэрийг Шведийн социал-демократууд гаргажээ.
Холын Стокгольмийн дуу хоолой
Швед улс өнөөг хүртэл Ойрхи Дорнодын асуудлаар эерэг байр суурьтай байсаар ирсэн. Тухайлбал Шведийн иргэн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Даг Хаммаршельд Суэцийн сувгийн хямралыг шийдэх НҮБ-ын анхны энхийн ажиллагааг хийсэн. 2006-2014 онд төрийн эрх барьсан Йон Райнфельдтын Засгийн газар АНУ-ын байр суурийг дэмжиж байсан ч Газын зурваст еврейн сууринг тэлэх, цэргийн ажиллагаа явуулахын эсрэг байв.
Стефан Левен. Фото: TT News Agency
Одоо бүх зүйл өөрчлөгдлөө. Шведийн шинэ ерөнхий сайд Стефан Левен сонгуулийн кампанит ажлынхаа үеэр, ялсан тохиолдолд Палестиныг дэмжинэ гэж хэлж байсан. Амласнаа биелүүлэв. Левен парламентад үг хэлэхдээ: “Хоёр улсыг байгуулахын тулд харилцан ойлголцол, энхийн хөршийн харилцаа хэрэгтэй. Тиймээс Швед улс Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
АНУ-ын Төрийн департамент шведүүдийг шүүмжлэлээр булав. Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Джен Псаки шведүүд хэтэрхий яарчихлаа гэсэн утгатай үг хэлэв. Түүний үзэж буйгаар Палестиныг нэг талын тунхаглалаар бус, хэлэлцээр хийж харилцан хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хүлээн зөвшөөрөх боломжтой. Шведийн Гадаад хэргийн сайд хариуд нь: “АНУ-аар бид улс төрийн бодлогоо заалгахгүй. Ийм шүүмжлэл ирнэ гэдгийг мэдэж байсан. Бид өөрсдийн байр суурь, шийдвэрийг ойлгуулахын тулд АНУ-тай үр бүтээлтэй харилцаагаа үргэлжлүүлнэ” гэж хэлжээ.
Англи ташуур
Их Британи ч тоглоомд оролцож эхлэв. 10 дугаар сарын 13 нд Английн парламент Палестиныг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэв. Санал хураахын өмнөхөн лейборист Джек Стро: “Израйлийн Засгийн газар дарамт шахалтаас өөр зүйл хийхээ болилоо” гэж хэлэв. Санал хураалтын үр дүнд 675 хүнээс 274 гишүүн эерэг, 12 сөрөг санал өгчээ. Санал өгсөн хүмүүсийн тоо шаардлагатай түвшинд хүрсэнгүй.
Хэдийгээр дээрх санал хураалт билэгдлийн чанартай байсан ч Их Британий Гадаад явдлын яамны хувьд таагүй сюрприз болов. Яамны төлөөлөгч Тобиас Элвуд: “Бид Палестиныг цаг нь ирэхээр хүлээн зөвшөөрнө” гэж хэлэв. Харин уг яамны сайд асан Малкольм Рифкинд дээрх санал хураалтыг “эртэдсэн алхам” гэж нэрлэжээ. Учир нь түүнийхээр палестинчууд бие даан төрт улс байгуулж чадах эсэх нь эргэлзээтэй аж.
Европын чихэнд хүргэх дохио
Стокгольм, Лондоноос ирсэн дохио Европын бусад орнуудад хүрэв. Францын Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ромен Надаль эрт хожид хэзээ нэгэн цагт Франц улс Палестиныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болно гэж мэдэгдэв. Түүний хэлснээр Израйль дипломат замаас ухарсан, тактикаа өөрчлөх цаг болсон аж.
Одоо асуудлыг Аюулгүйн Зөвлөл шийдэх л үлдсэн. НҮБ дахь Палестинчуудын байр суурь дээрдсэн. Тунхаглал дэвшүүлэхэд хүрэлцэх есөөс долоон санал тэдэнд бий. Израйль улс 2016 оны 11 дүгээр сар гэхэд цэргийн хүчээ Палестины нутаг дэвсгэрээс, тэр дундаа Дорнод Иерусалимаас гаргах ёстой. Энэ хувилбар Израйлд таалагдахгүй нь мэдээж.
Үнэнч холбоотон
Гэхдээ үнэндээ Европын холбооны бүх улс Палестиныг хүлээн зөвшөөрсөн ч юу ч өөрчлөгдөхгүй байх үндэс бий. Израйль сүүлийн үед хүчний аргыг түлхүү хэрэглэх болсон. Тэд АНУ-д найдаад Европын холбоог холбоотон гэж үзэхээ больсон. НҮБ-ын үгийг ч сонсохоо өнгөрсөн.
Нетаньяху Конгрессын танхимд
Палестины асуудлаар бол АНУ-аас бусад нь Израйлийн дайсан. Израйлийн ерөнхий сайд Нетаньяхуг Конгресст ирэхэд 26 сенатор бүгд босч, түүнд баяр хүргэж байв. Конгресс бүхлээрээ Израйлийг дэмждэг. Конгресст Израйлийн лобби байдагтаа ч биш. Америкт Израйлийг дэмждэг нэгэн том хүч бол хамгийн том шашны бүлгийн нэг болох Евангелийн Христүүд юм. Тэдний хувьд Еврейн улсыг байгуулах нь Бурхны зарлигийг биелүүлэхээс өөрцгүй. Тэд Израйлийг сионистуудаас ч илүү дэмждэг. Тэр байтугай еврей байхгүй мужийг төлөөлдөг конгрессменүүд хүртэл Израйльтай нөхөрлөхийн төлөө байдаг. Учир нь тэднээс хэн нь ч хар хэрээнүүдийн доторхи цагаан хэрээ байхыг хүсэхгүй. Хамгийн сүүлд Газын зурваст явуулсан цэргийн ажиллагааг конгрессменүүдийн 70 хувь нь сайшаажээ.
Лалын зэвсэгт бүлэглэл гарч ирэн гал дээр тос нэмснээр Америкийн арабуудад хандах хандлага улам муудав. Энэ нь Израйлийн хувьд сайн хэрэг боллоо. Нетаньяху Америкийн дэмжлэгт эрдэж дэлхийн хамтын нийгэмлэгт дайн зарлав.