Хятадын даргын нэг өдөр
Энэ жил Хятадад “Миний цаг хугацаа хаачив” гэдэг дуу хит болж байна. Си дарга ч гэсэн өөрөөсөө ингэж асууж байна. Гэхдээ хариулт бэлэн. Тэр амьдралынхаа хором бүрийг ажилдаа зориулдаг. Энэ удаа “Сонирхолтой улс төр” булангаараа «Шанхай гуаньча» сонины сэтгүүлч Гуань Цзинтай (Guan Jingtai)-гийн бичсэн нийтлэлийг хүргэж байна. Тэрээр Си Цзиньпиний ажил амьдралыг нэлээд ажигласны үр дүнд Си дарга өдөр тутмын ажлаа маш хурдан, их хүч гаргаж хийдгийг олж мэджээ.
“Хэдийгээр би олон улсын чанартай мэдээ бичдэг ч энэ удаа даргаа “ойрхноос ажиглаж”, түүний нэг өдөр хэрхэн өнгөрдгийг мэдэх боломж олдсон юм. Си Цзиньпин өдөр бүрийн ажлаа маш түргэн хийхийн зэрэгцээ нэлээд хүч зарцуулахаас өөр аргагүй болдог. Тэр байтугай “хоног тойрон ажиллах” гэсэн үг хүртэл түүний хэрхэн ачаалалтай ажилладагийг илэрхийлж хүчрэхгүй. Мэдээж хятад хүн болсон хойно Си Цзиньпин хошигноход бага ч гэсэн цаг гаргадаг бөгөөд баяр хөөртэй мөчүүд бий.
Миний хувьд Хятадын дарга чухам хэдэн цагт сэрдгийг олж мэдээгүй ч Си дарга эртэч хүмүүсийн тоонд лавтай орно. Үүрээр өглөөний цайгаа ууж, Хятадын Коммунист намын Төв хорооны Бичиг хэргийн газрын бэлдсэн товч илтгэлийг сонссоны дараа Бүх Хятадын ардын хурлын төлөөлөгчдийн ордон руу явлаа. Тэнд очоод “Дэд бүтцийн хөгжлийн Азийн банк байгуулах тунхаг бичиг”-т гарын үсэг зурах ёслолд оролцох ёстой. Уг арга хэмжээнд 20 орны төлөөлөгч иржээ.
Миний ажигласнаар Си Цзиньпин нь ямар зорилт тавьснаас үл хамааран дотоод болон гадаад улс төрийн нөхцөл байдлаас бодитой дүгнэлт хийж чаддаг. Түүний яриа намуухан, ойлгомжтой. Жишээ болгож дээрх тунхаг бичгийн ёслолыг аваад үзье. Си Цзиньпин ингэж ярив: “Баян болохын тулд эхлээд баялагт хүрэх замаа засах хэрэгтэй. Хүмүүс нэгдмэл санаатай байхад уулыг ч эргүүлсэн болно”. Арга хэмжээнд оролцогчид санал нэгтэй толгой дохино.
Харин дотоод, гадаад улс төрийн нөхцөл байдлын талаар ингэж ярив: “Хятад орон шинэчлэлийн явцыг түргэтгэж, “100 жилийн зорилго” (1921-2021) хөтөлбөрийн хэрэгжилтэд тэмүүлж байна. Түүнчлэн 100 жилд багтааж (1949-2049) дундад түвшний чинээлэг нийгмийг байгуулахыг зорьж байна. Улс орны эдийн засаг урьдын адил хөгжлийн эрүүл чиг хандлагатай байна. Бидний өсөлт, дэвжилт бүх дэлхийтэй, түүн дотроо Ази тивтэй нягт холбоотой. Манай орон харилцан ашигтай байдалд үндэслэсэн стратегийн нээлтэй байдлыг эрхэмлэдэг. Би ”нэг бүс, нэг зам” (торгоны замын эдийн засгийн бүс болон 21 дүгээр зууны далайн торгоны замыг хэлж байна) бодлого, түүнчлэн Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс Дэд бүтцийн хөгжлийн Азийн банкийг санаачиллаа. Бид Хятадын ололт бүс нутагт төдийгүй бүх дэлхийд ач тусаа өгөхийн төлөө ажиллана”.
Си Цзиньпин тэр өдрөө Индонезийн шинэ ерөнхийлөгч Джоко Видодо (Joko Widodo)-той утсаар ярив. Хятадын дарга түүнд баяр хүргэж, дараа сард Бээжинд болох Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны албан бус уулзалтад урив.
Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бичиг хэргийн газрын дарга Ли Чжаньшу (Li Zhanshu)-ийн хэлснээр Си Цзиньпин маш хурдтай ажилладаг аж. Тэрээр ажлыг нэг дор овоолж маргааш хэмээн хойшлуулах дургүй бөгөөд орчин тойрондоо ч ийм шаардлага тавьдаг. Аливаа ажлыг болгоомжтой хийдэг, тавьсан зорилтуудаа түргэн хугацаанд биелүүлдэг. Шөнө дөлөөр ямар нэгэн бичиг баримт аваачиж өгсөн ч өглөө болоход хариулт нь бэлэн.
Түүний ажлын ийм хэв маяг үдээс хойш Танзаний ерөнхийлөгч Джакайя Киквете (Jakaya Kikwete)-тай уулзах үед илрэв. Баяр хүргэх ёслол болсны дараа Си Цзиньпин төлөөлөгчдийн хамт хурлын зааланд гүйх шахам оров. Бид тэднийг гүйцэхийн тулд яарахаас өөр аргагүй болов. Танзаний төлөөлөгчид суусны дараа Си Цзиньпин тэдэнд хандаж хэлэлцэх асуудал их учраас цаг хэмнэхийн тулд синхрон орчуулга ашиглана гэдгийг хэллээ.
Си Цзиньпин болон Танзаний ерөнхийлөгч
Синхрон орчуулгын ачаар хэлэлцээр санаснаас хурдан дуусав. Хэлэлцээр орон нутгийн цагаар 18:15 цагт дууслаа. Хамтын ажиллагааны тухай хэлэлцээнд гарын үсэг зурахын тулд хоёр улсын тэргүүн Хэбэй мужийн зааланд оров. Хэдийгээр хоёр заалны хооронд 10-аадхан метрийн зайтай ч Си Цзиньпин Джакайя Киквететэй ямар нэгэн чухал зүйлийн талаар ярилцаад амжив.
Өдөржин үргэлжлэх адармаатай хэлэлцээр хэн бүхнийг залхаадаг бөгөөд бага ч гэсэн хүч сэлбэхийн тулд хошигнох хэрэгтэй болдог. Чухамдаа Си Цзиньпин ийм аргыг хэрэглэдэг. Хоёр ерөнхийлөгч гарын үсэг зурах баримт бичгийн тавьсан ширээний хажууд зогсож байхад Хятадын дарга Танзаний ерөнхийлөгчийн суух гэж буйг хараад түүнд хандаж “хэсэгхэн зогсох л хэрэгтэй болж, бид чинь энэ баримт бичгийн фон төдий шүү дээ” гэж хошигнов. Хажууд нь зогсож байсан мэргэжлийн орчуулагч тэр дор нь Си даргын үгийг хөрвүүлж Киквете хошигнолыг ойлгож инээмсэглэн өндийв.
Олон сая гэр бүл оройн хоолоо идэж, зурагтаа үзэж суухад Хятадын даргын төрийн ажил дуусаагүй л байв.
Баримт бичигт гарын үсэг зурсны дараа Танзаний нэгэн сайд Си Цзиньпинтэй гар барихаа мартаж орхив. Киквете дохио өгснөөр сайд буцаж ирэв. Хятадын дарга инээмсэглэв.
Гэхдээ үүгээр Хятадын даргын ажлын өдөр дууссангүй. Танзаний ерөнхийлөгчид зориулж хүндэтгэлийн цайллага хийх хэрэгтэй. Үдэш болж Чанъан гудамж, Ардын төлөөлөгчдийн Ордны гурван давхарт дэнлүү, чийдэн асаав. Олон сая гэр бүл оройн хоолоо идэж, зурагтаа үзэж суухад Хятадын даргын төрийн ажил дуусаагүй л байв.
Ноднин Си Цзиньпин Москва хотод Хятадын Элчин сайдын яамны ажилтнуудтай уулзах үеэрээ: “Зовлон, жаргал хоёр нэгэн гарт байдаг гэж ярьдаг. Гэхдээ миний хувьд ядарснаар баяр хөөрийг мэдэрдэг” гэж хэлж байсныг санаж байна”