Хэрүүл, шуугиантай Бразилийн ерөнхийлөгчийн сонгууль
Дилма Руссеф
2014.10.30

Хэрүүл, шуугиантай Бразилийн ерөнхийлөгчийн сонгууль

Бразилийн ерөнхийлөгчийн сонгууль одоогийн ерөнхийлөгч Дилма Руссефийн ялалтаар өндөрлөв. Vip76.mn уншигч та бүхэндээ Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Руссеф, Аэсио Невис нарын сонгуулийн өрсөлдөөний талаархи Английн The Guardian сонины сонирхолтой нийтлэлийг хүргэж байна.

Аравдугаар сарын 26 нд болсон, Бразилийн улс төрийн түүхэнд хамгийн ширүүн өрсөлдөөн өрнөсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Дилма Руссеф дахин сонгогдов. Латин Америкийн хамгийн том энэ орон тэгш бус байдлыг арилгахыг зорьсон Хөдөлмөрчдийн намын эрх мэдэлд үлдлээ.

Руссеф 51,6 хувийн санал авсан нь өмнөх сонгуулиас арай бага үзүүлэлт байв. Хамгийн хүчтэй өрсөлдөгч нь бизнесийн хүрээний дэмжлэг авсан Аэсио Невис байлаа.

Ялалт байгуулж, хацар нь ягаарсан Руссеф ард түмэндээ итгэж байна гэж хэлэв. Сонгогчиддоо хандаж хэлсэн үгэндээ “тэгш бус байдлыг гүнзгийрүүлэхийн оронд эвлэлдэн нэгдэх нөхцлийг бүрдүүлнэ гэдэгт би итгэж байна, би өмнөхөөсөө сайн ерөнхийлөгч байх болно” гэж онцлов.

Дилма Руссефийн дэмжигч. Фото: Nelson Antoine / AP

Руссеф Бразилийн ерөнхийлөгч асан Инасиу Лула да Силвад хамгийн их талархаж буй аж. Экс ерөнхийлөгчийг 2018 онд нэрээ дэвшүүлэхийг олон хүн ятгаж байгаа. Учир нь Руссеф гурав дараалан нэрээ дэвшүүлэх боломжгүй.

Харин Невис ерөнхийлөгчид баяр хүргэж, дэмжсэн хүмүүстээ талархал илэрхийлэв.

Рио-де-Жанейро хотод Хөдөлмөрчдийн намыг дэмжигчид аварга том дэлгэцнээс сонгуулийн үр дүнг харахын тулд бороог үл хайхран Лапа районы гудамжинд цуглав. Руссефийн ялалтыг зарласан даруйд цугларагсад туг далбаа өргөн, «Оле, оле, оле, Дилма, Дилма!» хэмээн хашгирч эхлэв.

“Руссеф ялсан нь хэн хүнд хэрэгтэй, тэр ядууст зориулж олон зүйл хийсэн” хэмээн дэмжигчдийн нэг болох Винициус Барчилон ярив.

Дилма Руссеф Бразилийн Умард, Зүүн умард нутгийн ядуусыг дэмжиж ажилладаг. Эндхийнхэн төрийн олон төслийн үр шимийг хүртсэн бөгөөд олон хүн “bolsa familia” буюу ядууралтай тэмцэхэд зориулсан хөтөлбөрийн тэтгэмж авдаг. Гэвч Руссеф Сан-Паулу,  Рио-де-Жанейро зэрэг Зүүн өмнөдийн чинээлэг хотын иргэдийн дэмжлэгийг авч чадсангүй. Бразилийн дунд давхаргынхан улс орныхоо эдийн засгийн байдал, авилгалын хэрүүл маргаанд сэтгэл дундуур байна.

Сонгуулийн сурталчилгааны зарим нэг бохир арга сонгогчдыг зэвүүцүүлж байлаа. Нэг нэгнээ доромжлох, олон нийтийн сүлжээгээр дамжуулан цуурхал тараах, ядуурал, ой сүйтгэлтэй холбоотой Засгийн газрын тайланг олонд дэлгэхгүй удаасан зэрэг нь хүмүүсийн дургуйг хүргэв.

Руссефийн эсрэг зогссон Бразилийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Petrobras хэмээх төрийн өмчит компаниас хууль бусаар гаргасан мөнгийг сонгуулийн сурталчилгаа, улс төрчдийг хахуульдахад зориулсан гэсэн тодотголтой авилгалын хэрэгт гол анхаарлаа хандуулав. Veja сэтгүүлд Руссеф болон өмнөх ерөнхийлөгч Да Силву нар уг хэргийг мэдэж байсан мөртөө нуусан тухай нийтлэл гарав. Мэдээж мань хоёр энэ бүхнийг үгүйсгэв.

Невис үүнийг ашиглаад “Авилгалын асуудлыг нэг мөсөн шийдэх ганцхан арга бий. Энэ бол Хөдөлмөрчдийн намд саналаа өгөхгүй байх” гэсэн уриалга гаргав.

Бизнесменүүдийн дэмжлэг Аэсио Невисэд тус болсонгүй. Фото: Silvia Izquierdo / AP

Гэвч түүний уриалга өөрийг нь буруутгасан мэдэгдэл дунд живэв. Хөдөлмөрчдийн нам Невисийг бохир гартай хэмээн үзэж, гэр бүлийнхээ эзэмшил газарт онгоцны буудал бариад зогсоогүй Минас-Жерайс мужийн амбан захирагч байхдаа хамаатнуудынхаа тэн хагасыг төрийн албанд томилсон гэдгийг хэллээ. Түүнчлэн хуримлахаасаа өмнө эхнэрээ зодсоныг нь сануулж эмэгтэйчүүдийг хүндэтгэдэггүй гэж буруутгав. Невис үүнийг үгүйсгэж байсан ч түүнийг дэмжих бразиль эмэгтэйчүүдийн тоо багасчээ. 

Өрсөлдөгчид хэлэх үгээ ч бодолгүй нэг нэгнээ доромжилж байв. Жишээ нь Хөдөлмөрчдийн намын сонгуулийн кампанит ажлыг хариуцсан Жоао Сантаног Гитлерийн Германы Гуравдугаар Рейхийн суртал ухуулгын яамны дарга Йозеф Геббельстэй харьцуулав. Хариуд нь Лула да Силва социал-демократууд Зүүн умардын ядууст нацистууд еврейчүүдэд ханддаг байсантай адил ханддаг гэж хэлжээ. Түүнчлэн Невист архичин, хүүхэмсэг гэсэн пайз зүүв.

Өрсөлдөгчид энэ мэт бохир аргыг олонтаа хэрэглэсэн  ч санал өгөх эрхтэй 143 сая бразиль иргэний олонхи нь иргэний үүргээ олон таван үггүй биелүүлжээ. Бразилийн хуулиар сонгуульд заавал санал өгөх ёстой ч 29 сая хүн санал өгөхөөс татгалзаж, долоон сая орчим саналын хуудас хоосон байсан, эсвэл хүчингүйд тооцогджээ.

Оюутан ахуйдаа марксизмын нууц бүлгэмийн идэвхтэй гишүүн байсан Руссеф нийгмийн тэгш бус байдлыг арилгах Засгийн газрын хөтөлбөрүүдийг цаашид хөгжүүлэхийг хичээнэ гэдгээ мэдэгдэв. Хөдөлмөрчдийн нам засгийн эрхэнд 12 жил байгаа билээ. Энэ хугацаанд улсын хүн амын тавны нэг буюу 40 сая хүн ядуу гэсэн ангиллаас хасагджээ. Бразиль дахь баян, хоосны ялгаа дэлхийд хамгийн дээгүүрт тооцогддог. Гэхдээ ядуурлын коэффициент 0,56-аас 0,49 хүртэл буурчээ. Харин ажилгүйдлийн түвшин түүхэндээ хамгийн доогуур байна.

Гэсэн ч эдийн засгийн ерөнхий нөхцөл найдвар муутай. Энэ жил Бразилийн аж үйлдвэр зогсонги байдалд орж, харин санхүүгийн салбар уналтад орж Хөдөлмөрчдийн намд бүх бурууг тохлоо.