Нийслэлийн автозамын бүтээн байгуулалтад иргэд сэтгэл хангалуун байна гэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Нийслэлийн Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлж байгаа авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн танилцаж, тус дүүргийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонслоо.
Хамгийн түрүүнд Концессын анхны гэрээгээр барьж байгаа Өлзийт хорооллоос шувуун фабрик чиглэлийн есөн км замын ажилтай танилцлаа. Тус замын ажил зургадугаар сарын 20-ноос эхэлсэн бөгөөд гүйцэтгэгчээр "Ди Ар Жэй" компани ажиллаж байгаа юм. Одоогоор замын ажлын явц 70 хувьтай явж байна. Уг замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 30-нд нээх төлөвлөгөөтэй байгааг гүйцэтгэгч компанийнхан хэлж байлаа.
Мөн Хан-Уул дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрт байрладаг Нисэхийн товчоо - Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өргөтгөж шинэчилж байна. Хоёр эгнээ, есөн метр өргөнтэй баригдах уг замын ажлыг “Тотал Инж” ХХК гүйцэтгэж байгаа юм. Нисэхийн товчооноос Биокомбинат хүртэлх авто замыг 1972 онд, Биокомбинатаас Шувуун фабрик хүртэлх авто замыг 1985-1987 онд барьж ашиглалтад оруулсан бөгөөд үүнээс хойш их засвар хийж байгаагүй юм.
Энэхүү замын нэгдүгээр хэсэг Нисэхийн Шалган бүртгэх товчооноос эхэлж Морингийн даваагаар даван Биокомбинатын хойгуур, “МТ” Шатахуун түгээх” станцийн урдуур гарч Бөхөгийн гол, Түргэний гол дээр 30 метр урт хоёр гүүр барьж, Шувуун фабрикийн баруун хойд айлууд хүртэлх 20.591 км юм.
Харин хоёрдугаар хэсэг нэгдүгээр хэсгийн замын 11.408 км-ээс эхэлж, Туул голыг хөндлөн гарч байгаа төмөр зам хүртэлх 2.22 км тус тус үргэлжилж байгаа юм. Энэ ажлын хүрээнд Бөхөг болон Түргэний гол дээр 30 метрийн урттай хоёр гүүр барьж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга болон холбогдох албаны мэргэжилтнүүд замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсаны дараа Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол, Био комбинат, Шувуун фабрик, Туул тосгоны иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, тус дүүрэгт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлыг танилцууллаа.
Тус дүүргийн иргэд нийслэлд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлыг ихэд сайшааж байгаагаа хэлж байсан юм. Тэр тусмаа Хан-Уул дүүрэгт хэрэгжүүлж байгаа авто замын ажлуудыг дэмжиж, хотын удирдлагуудад талархлаа илэрхийллээ.
Энэ үеэр иргэд Өлзийт хорооллоос хотын төв рүү нийтийн тээврийг 500 төгрөгөөр явуулж, автобусыг 120 мянгат руу явдаг чиглэлтэй болгох, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилчдыг орон сууцжуулах, 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг олон саналыг хотын даргад уламжиллаа.
Биокомбинатаас Шувуун фабрик хүртэлх авто замыг 1985-1987 онд барьж ашиглалтад оруулсан бөгөөд үүнээс хойш их засвар хийж байгаагүй юм
Хан-Уул дүүрэгт автозам, цэцэрлэг сургууль, гэрэлтүүлэг, камержуулалт, эмнэлгийн хүртээмжийн чиглэлээр олон ажил хийж байгаа бөгөөд иргэдийн хэлсэн саналыг хүлээн авч шийдвэрлэнэ гэж хотын дарга хэллээ. Тэрээр “Юуны өмнө бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж байгаа.
Та бүхэндээ талархал илэрхийлье. Нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлууд шат дараагаар явж байна. Та бүхэнд аль болох чирэгдэл учруулахгүй талаас нь шийдэхээр ажиллаж байна. Хэдийгээр Өлзийт хороолол, Туул тосгон хотын төвөөс зайдуу байдаг ч гэлээ нийслэлийн нутаг дэвсгэрт хамаардаг нэг тал нь шүү дээ. Тиймээс бид эдгээр хорооллыг хотын төвөөс дутахааргүй хөгжүүлэхийн төлөө ажиллана” гэлээ.