А.Гантулга: Бид нэгдэж ажиллаж чадвал Азийн бар улс болох ойрхон байна
Төрийн Орон Сууцны Корпорацийн ерөнхий захирал А.Гантулгатай ярилцлаа.
- “Буянт-Ухаа 1” хорооллыг барих болсон учир шалтгааныг сөхвөл?
Анх Орон сууц санхүүжилтийн корпораци гээд гурван хувь нийлүүлэгчтэй орон нутгийн өмчит ХХК байсан. Би Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдчихоод 2012 оны аравдугаар сарын 8-нд Орон сууц санхүүжилтийн корпорацийн захирлаар томилогдсон. Намайг ажлаа авах үед өмнөх гүйцэтгэх захирлын эрх мэдлийн хүрээнд “Буянт-Ухаа 1” хорооллын есөн давхар гурван блокийн ажил 80-90 хувьтай, нэг байшин нь бүрэн баригдсан, бусад нь дутуу байлаа.
- “Хасү мандал трейд” ХХК-ийн барьсан байруудыг хэлж байна уу?
- Тийм ээ. Би ажлаа аваад ажлын явц байдлыг харж, ямар шатанд яаж ажиллаж байгааг судлахад энэ хорооллын төслийн зураг, инженерийн шугам сүлжээний төсөл гээд бараг бүх юм нь бэлэн болсон мөртлөө санхүүжилт дээрээ хүндрэлтэй болчихсон байсан. Аливаа бүтээн байгуулалтад санхүүгийн асуудал мэдээж маш чухлаар яригдана. ОССК тухайн үедээ 40 мянган айлын, төрийн албан хаагчдын 4000 айлын, аймаг, сум бүрт гээд орон сууцны олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн ч алдаатай зүйл олон байсан. Эндээс орон сууцны бодлогод төрийн зохицуулалт хийн зорилтот бүлэгт хандсан, чанартай бас хямд орон сууцаар хангахад анхааръя гэж шийдсэн. Өндөр хөгжилтэй орнууд ч ийм маягаар шийдэж ирсэн юм билээ. Үүнээс санаа авч Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн удирдлагууд, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нартай санал солилцсоны үндсэнд Ерөнхий сайд Н.Алтанхуягт саналаа уламжилж, бид барилгынхантай хамтран нэлээд том уулзалтуудыг бараг 20 удаа хийсэн.
"Буянт Ухаа 1" хороолол
Үндэсний компаниуд, барилгын болон холбогдох хүмүүстэй уулзаж орон сууцжуулах бодлогыг яаж явуулах талаар ярилцсан. Нэлээд анхаарал тавьж, эрчимтэй ажилласны үр дүнд зах зээлийн үнээс харьцангуй хямд /м2 нь нэг сая төгрөг/ орон сууц барих боломж байгааг олж хараад төрийн хэмжээнд энэ бодлогыг хэрэгжүүлэхээр болоход ОССК-ийн “Буянт-Ухаа 1” хороолол нь бэлэн болчихсон төсөл байсан л даа. Ингээд Засгийн газрын хуралдаанаар гурван удирдлагатай, гурван өөр толгойтой, нэг нь нэг юм хэлэхээр нөгөөх нь өөр юм ярьдаг, ажил нь явдаггүй ийм дүр зурагтай ОССК-ийг өөрчилье гэж шийдвэрлэсэн. Ингээд Засгийн газрын шууд мэдэлд Төрийн орон сууцны корпорацийг байгуулж 100 хувийн төрийн өмчит, аж ахуйн тооцоотой болгохоор асуудлыг шийдсэн дээ.
Ингээд бид ажлаа эхэлж 2013 оны дөрөвдүгээр сарын 20-нд үлдсэн байруудынхаа шавыг тавьж, барилгын гүйцэтгэгч таван том компанийн нэгдэл Үндэсний бүтээн байгуулалтын корпораци /ҮББК/-тай хамтран ажиллаж жилийн дотор 1764 айлын орон сууцыг хоёр цэцэрлэг, үйлчилгээний төв, ЦТП, туннелийн систем бүхий инженерийн шугам сүлжээг ашиглалтад орууллаа. Эхний ээлжинд 1680 иргэн гэрээ хийж, 900-гаад айл орон сууцандаа ороод байна.
- Олон компанитай уулзаж янз бүрийн гарц хайсан гэлээ. ҮББК-ийг чухам ямар шалгуураар сонгов?
- Олон ч хүнтэй уулзсан. Цүнхний ч компани таарлаа, үнэхээр хийж бүтээе гэсэн хүмүүстэй ч таарлаа. Тэр олон уулзалтын ард үнэхээр сэтгэлийнхээ үзүүрт юм хийчих юмсан гэсэн бодолтой, бүтээн байгуулна, зохион байгуулалтад орж чадна гэсэн компаниуд л тунаж үлдсэн дээ. Анхны уулзалтууд дээр компаниуд 20, 30-аараа ирдэг байсан. Сүүлдээ шигшигдсээр байгаад үндэсний томоохон гүйцэтгэгч компани “И Си Си”, “Улаанбаатар барилга”, “БҮТИ”, “Дельта констракшн”, “Эрэлт импекс” ХХК- иуд нэгдэж ҮББК-ийг байгуулан сая төгрөгт багтаан бүрэн цутгамал байшин бариад өгье гэсэн. Өөрсдөө юмаа гардаж хийдэг, бүтээн байгуулдаг ийм л хүмүүс өнөөдөр улс орныхоо ирээдүй, сайн сайхны төлөө, ард иргэддээ сайн чанартай, хямд орон сууц барьж өгөхийн төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөсөн. Одоо “Буянт-Ухаа 2” төсөл дээр ажиллаж байна. Бүх зүйл нүдэн дээр ил тод өрнөж байна. Ажил хийе гэж зүтгэвэл болдог л юм билээ.
- Ажил явуулах гол хөшүүрэг бол санхүүгийн асуудал. Зогсонги байдалд орсон төслийг хөдөлгөх гарцыг олохын тулд нэлээд зүтгэсэн байх. Санхүүгийн хүндрэлтэй байдлаас хэрхэн гарч энэ их ажлыг эхлүүлэв?
- Манай ТОСК-ийн чиг үүргийг зохион байгуулалтад оруулах үед УИХ-ын экс гишүүн, одоогийн Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх маш их сэтгэл гаргасан. ТОСК эхэндээ Улаанбаатар банкнаас зээл аваад Сангийн яаманд төлөх өрнийхөө талыг өгч, илүү гаргасан мөнгөө “Буянт-Ухаа” хороолол руу хуваарилж нэлээд хүнд байдалд ажиллаж байлаа. Харин бүтээн байгуулалт өрнөөд, нүдэн дээр ажил босоод ирэхээр Засгийн газар ажлаа зохион байгуулж чадаж байгаа, улс орныхоо төлөө сэтгэлээ зориулж байгаа хүмүүсийг хараад том том, дорвитой шийдвэрүүдийг гаргасан.
ТОСК нь БНХАУ-ын ЭКСИМ Банктай Зээлийн ерөнхий гэрээ байгууллаа
Үүний тод жишээ бол ТОСК-ийн эхний хөрөнгө оруулалт болох 100 сая ам.долларыг шийдэж өгсөн. Энэ эрчиндээ бид ажлаа шуурхай явуулж 50 саяыг нь Улаанбаатар хот, үлдсэн 50 саяыг орон нутагт 1000, 1000 айлын орон сууцны хөтөлбөрт зориулж хэрэгжүүлж эхэлсэн дээ. Одоо орон нутагт найман аймагт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Онцолж хэлэхэд, нийслэлийн удирдлагууд, Э.Бат-Үүл дарга ихээхэн дэмжсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Нийслэлд өрнөж байгаа бүтээн байгуулалт мэдээж нийслэлийн удирдлагуудтай нягт холбоотой. Бат-Үүл дарга бидэнд 100 га газар шийдэж өглөө.
Үүний 28 га-д “Буянт-Ухаа 2” гээд 7800 айлын орон сууц, 240 хүүхдийн нийт дөрвөн цэцэрлэгтэй, 960 хүүхдийн багтаамжтай хоёр сургуультай, долоон давхар граж, кинотеатр, үйлчилгээний төв, ногоон байгууламж бүхий цогцолбор хорооллыг барихаар ажлаа эхлүүлсэн. Энэ хорооллын онцлог нь хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ явахдаа машины зам хөндлөн гарахгүй. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг сайн хангасан. Гэрээсээ гараад шууд сургууль руугаа гүйгээд орчихдог байхаар зохион байгуулсан. Өнөөдөр хүүхдүүдийг харж хандаагүйгээс, замаар замбараагүй явуулснаас осол их гарч байна. Энэ бүгдийг бодолцож хийсэн юм шүү.
- “Буянт-Ухаа 1” хорооллын төсөл үндсэн зорилгоо биелүүлж чадсан уу. Та юу гэж дүгнэж байгаа вэ?
- Бидний эхний зорилго бол зорилтот бүлэгт хандсан, зөв хуваарилалттай, зөв хүмүүстээ хүрсэн хөтөлбөр болоосой гэсэндээ чамбай хандсан. Орон сууцны хувьд бүрэн цутгамал болохоор чанартайд тооцогдоно. Том бүтээн байгуулалт хийхэд алдаа оноо гаралгүй яахав. Ямар ч асуудал гарсан бид тухай бүрт нь шийдэж байгаа. Тиймээс ямар ч байсан зорьсон зорилгодоо хүрсэн гэж ойлгож болно. Мэдээж бид алдаа, оноогоо эргэн харж, дүгнэж байна. Одоо “Буянт-Ухаа 2” төсөлд улам туршлагажиж, зохион байгуулалтаа сайжруулахын төлөө мэрийж байгаа. Бид даваа гараг бүр шуурхай хуралдаж, лхагва гараг бүр удирдлагын зөвлөл хуралдаж байна. Асуудал гарвал дор дор нь шийдвэрлэхийн тулд өдөр, шөнө гэлтгүй 24 цагийн турш бэлэн байдалд ажилладаг. Бүтээн байгуулалт ард түмний нүдэнд ил тод харагдаж байгаа. Ийм нөхцөлд ард түмэн маань дүгнэсэн нь дээр болов уу гэж бодож байна.
- “Буянт-Ухаа 1” хороололтой холбоотой гарсан журам дахин шинэчлэгдэх үү?
- Журмын тухайд бол бэлэн мөнгөө бариад ирэх нь хэд билээ? ард түмний амьдрал ямар байгаа билээ? Мэдээж шинэчлэлийн Засгийн газрын ипотекийн 8 хувийн хүүтэй зээл их дэм болж байна. Ипотекийн зээлийн корпорацийн тавьж байгаа шаардлага, банкуудын дүрэм журамтай бидний тавьсан шаардлага бага зэрэг зөрсөн тал бий. 15 жилийн хугацаанд зарж болохгүй, түрээсэлж болохгүй гэхчилэн дамлан зарах наймаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан нь энэ асуудлыг үүсгэсэн. Ипотекийн корпорацийн захирал Гантөгс, Монгол банкны ерөнхийлөгч Золжаргалтай зөвлөлдсөний үндсэнд иргэд зээлээ төлж чадахгүй бол банк байрыг нь аваад зарах боломжийг нээж өгсөн. Харин иргэд хоорондоо зарах, наймаалцах боломж хаагдмал хэвээр үлдсэн.
- “Буянт-Ухаа 2” төслийн хүрээнд зорилтот бүлгийн хүрээ өөрчлөгдөх үү?
"Буянт Ухаа 2" төслий ажлын явц
-Мэдээж тодорхой зохион байгуулалтад орно. Гэхдээ “Буянт-Ухаа 1” шиг сугалаа хийхгүй байх. Хамгийн гол нь байгаа онох, хүрэх ёстой хүндээ хүрэхэд л анхаарна даа. Миний хувьд нийслэлийн янданг цөөлье, хорт утааг багасгая, үр хүүхэд, ард түмэн, хойч үедээ өвчин “өвлүүлэх” бус эрүүл сайхан нийгмийг үлдээе гэсэн бодолтой. ТОСК гэр хорооллын иргэдэд зориулсан орон сууцыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Дамлан зардаг наймаачдын гарт өгчихмөөргүй байна. Ченжүүдийн гарт биш, баячууд очоод тэр дор нь худалдаж авчихаад ард түмэнд түрээслэдэг тэр үйлдлийг таслан зогсооё, болиулъя гэсэн бодлогоор ажиллана.
- ТОСК өөр ямар ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна?
-“Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөр эхнээсээ хэрэгжиж байна. Гэр хорооллыг дахин төлөвлөх, Хан-Уул дүүргийн IV хорооны наймдугаар хэсэг гээд том төсөл хэрэгжиж байгаа. Мөн долдугаар хорооллын гэр хорооллыг дахин төлөвлөх ажил ирэх жилээс эхэлнэ. БНХАУ-ын Си Жин Пин даргын айлчлалын үеэр шийдсэн Хятадын хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлээр том төсөл хэрэгжинэ.
- Улстөрийн гараагаа хэрхэн эхэлж байсан тань сонирхолтой байна?
- АН 1996-2000 онд сонгуульд ялагдчихсан, олон сайд, даргаа сольчихсон тийм үе байсан. 2000 онд ард түмэн дүнгээ тавиад АН-ыг ганцхан суудалтай үлдээсэн шүү дээ. Тэр үед одоогийн Ерөнхий прокурор Д.Дорлигжав тухайн үед намын дарга, одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, тэр үед ерөнхий нарийн бичгийн дарга, Стратегийн газрын дарга Мэндсайхан дарга нараас би анх АН-ын гишүүний батлахаа гардан авч байлаа. Тэгээд Хяргас нуурын эрэг дээр баруун бүсийн уулзалтыг зохион байгуулах анхны даалгавраа авсан. Түүнээс хойш 2004-2008 онд Хан- Уул дүүргийн намын хорооны даргаар ажилласан. Одоо бол АН-ын ҮЗХ-ны гишүүн, Хан-Уул дүүргээс сонгогдсон ГЗ-ийн гишүүн, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч гэсэн улстөрийн давхар албан тушаалтай явж байна даа.
- Та ид хийж бүтээх насандаа их бүтээн байгуулалт руу орлоо. Таны сэтгэлд буй хүсэл мөрөөдөл юу бол?
- Монголчууд маань сайхан ард түмэн шүү дээ. 40 хүрээгүй хүнээр төр бүү бариул гэж хэлсэн байдаг. Бас 40 хүрсэн эр, дөрөв дарсан ат гээд л жишдэг. Би хувийн салбарт нэлээд ажилласан хүн. Дуудах нэрийг аав ээж өгдөг, дурсах нэрийг ард түмэн өгдөг гэдэг дээ. Намайг Монголын бизнесийн салбарынхан “Олд чех”-ийн Ганаа гэдгээр мэддэг. Би олон түмэндээ буруу зөрүү зүйл хийлгүй, зөв замаар, зөв алхам хийж явсан болохоор ар гэр, гэр бүл, найз нөхдийн дэмжлэгээр гайгүй сайн явна даа. Бас нэг үг бий дээ, манай монголчуудын “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэж. Миний хувьд биеэ засаад, гэрээ засаад одоо өөрийнхөө оюун ухаанаа төрдөө зарцуулъя гэсэн бодлоор бүтээн байгуулалт хийхээр сэтгэж, сэрж, хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа гэж боддог. Засгийн газар маань ч, нийслэлийн удирдлагууд маань ч дэмжиж байна. Дээр нь ҮББК-ийн хамт олон маань дуу нэгтэйгээр хүчээ нэгтгэж хамтран ажиллаж байна.
Монголууд гаднынхныг царайчлаад суухгүй, гаднаас хараат бус байж юу хийж чаддагийг энэ бүтээн байгуулалтаараа харуулж байна гэж боддог. Одоо бид эв нэгдэлтэй, зөв санаагаар, зөв удирдлага дор, зөв зохион байгуулалтаар ажиллавал хийж чадахгүй юм байхгүй болов уу. Спортыг хар. Наймхан настай хүүхэд дэлхийн шатрын аварга болоод ирж байна. Бид өнөөдөр хоёрхон саяулаа мөртлөө Азийн 46 улстай өрсөлдөөд 16-д орлоо. Энэ бол Монголын гайхамшиг, бахархал. Тиймээс бид зөв хөдөлж чадвал Азийн бар улс болох ойрхон байна даа.
- Хувийн салбарт ажиллаж байгаад төрийн албанд ирэхэд ямар санагдаж байв?
- Намайг анх төрийн албанд ирэхэд хүмүүс “Ямар чиний хувийн компани уу” гэж ярьдаг л байсан. Гэхдээ хувийн хэвшлийнхэн төртэйгөө хамтраад, хувийн чадамжаа зөв ашиглаад, төрийн бодлогодоо зөв нөлөөлж чадвал амжилт ойрхон л байдаг юм байна. Хувь хүнээс бас их шалтгаална. Өөр юм бодож ирсэн бол өөр л байх байсан байх. Надад бол ийм хувийн сэтгэгдэл байгаагүй. Би олуулаа, гэр хороололд өссөн. Ээж, аав хоёр маань 88, 90-тэй сайхан буурлууд байна. Манайх ах, дүү 11-үүлээ, би айлын бага хүү. Бусдын л адил гэр хороололд усаа зөөгөөд л, боорцгоо чанаад л, гамбир хайрч идээд л явсан амьдралын түүхээрээ би бахархдаг.