Хотын захиргаа JCI байгууллагыг дэмжиж ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл JCI байгууллагын 2014 оны Ерөнхийлөгч Шайн Баскаран болон JCI Монгол байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар JCI Монгол байгууллагын 2014 оны Ерөнхийлөгч С.Сайнбат 2017 онд Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тус үйл ажиллагааг Хотын захиргаатай хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаа гэлээ.
Харин нийслэлийн Засаг дарга “JCI байгууллага нь ажил хэрэгч залуучуудыг нэгтгэж чаддаг. Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалтыг манай улсад 2017 онд зохион байгуулснаараа манай орны хөгжилд их чухал нөлөөтэй. Чуулга уулзалтыг зохион байгуулахад бидний зүгээс бүхий л талаар туслахад бэлэн байна” гэдгийг онцлон хэллээ.
JCI байгууллагын 2014 оны Ерөнхийлөгч ноён Шайн Баскаран нийслэлийн Засаг дарга хүлээж авч уулзсанд талархал илэрхийлээд, байгууллагынхаа талаар товч танилцуулсан. Шайн Баскаран нь 2013 оны Бразилын Рио Дэ Жанэро хотноо зохиогдсон JCI Байгууллагын Дэлхийн чуулганы үеэр 2014 оны Ерөнхийлөгчөөр Энэтхэг улсаас сонгогдсон юм. Тэрээр 1976 онд Энэтхэгийн Натика хотод төрсөн.
Худалдаа, Зочид буудалын удирдлага болон хуулийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Hotel Dreamland, Dreams Color Lab, Golden Gate Tours and Travels компаниудийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байна.
JCI байгууллага нь дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийг сайн дурын үндсэн дээр нэгтгэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм.
Байгуулагдсан цагаасаа Бизнес, Хамтын ажиллагаа, Олон нийт, Хувь хүн гэсэн дөрвөн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд НҮБ-ын ЮНИСЕФ, ЮНЕСКО-ын үйл ажиллагаанд байнга идэвхтэй оролцож, 2011 оноос НҮБ-ын зөвлөх статустай байгууллага болжээ. Өнөөдөр JCI байгууллага дэлхийн 120 гаруй оронд 5000 орчим салбар байгууллагын 200.000 идэвхтэй, 1.000.000 гаруй дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн томоохон олон улсын байгууллага болсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.