Л.Болд: Цахим эрх чөлөөний талаар олон улсын конвенцийн санаачлагч нь болно
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд
2014.10.02

Л.Болд: Цахим эрх чөлөөний талаар олон улсын конвенцийн санаачлагч нь болно

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдтой ярилцлаа.

-Энэ жилд манай улс НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд хэр ач холбогдолтой оролцож чадсан гэж та бодож байна

Манай улсын НҮБ дахь оролцоо жилээс жилд нэмэгдэж байна. 69 дүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцлоо. Бид 30 гаруй улсын төр засгийн тэргүүнтэй дээд хэмжээнд болон сайдын түвшинд хоёр талын хэлэлцээр хийх бололцоо гарлаа. Мөн дээд болон өндөр хэмжээний 10 гаруй хуралдаанд оролцож, заримд нь даргалж мөн үг хэлж, Монгол Улсын байр суурийг танилцуулсан.

Энэ жилийн чуулганы онцлог гэвэл уур амьсгалын өөрчлөлт, дэлхий нийтэд тулгараад байгаа терроризмын аюул, халдварт өвчин эбола гэх мэт асуудлыг олон талаас нь хэлэлцэж байна. Цаашдаа үргэлжлэх чуулганаар Монгол Улсын санаачилж байгаа гурван ч тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Монгол Улс бол Олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн. Бидний санаачилж гаргадаг тогтоолууд, бидний тэргүүлдэг байгууллагууд, санаачилж авч явдаг сэдвүүд гээд энэ бүгдээрээ Монгол Улсын байр суурь болж чуулганд оролцогчдод тодорхой ойлголт өгсөн байх гэж бодож байна. Цаашдаа ч дипломат болон хоёр талын мөн бүс нутгийн харилцааны шугамаар идэвхтэй ажиллах болно.

-Ер нь тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар улс орнуудын байр суурь ямар байв. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, терроризмын эсрэг ч гэдэг юм уу?

Улс орон бүхэн өөр өөрийнхөө өнцгөөс асуудлуудад хандаж, үзэл бодлоо танилцуулж байгаа. Ёр нь, улс орнуудын оролцооноос харахад дээр дурдсан асуудлууд үнэхээр дэлхий нийтийг хамарч гэдэг нь харагдаж байна.

Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуралдаанд дэлхийн 100 гаруй улсын төрийн тэргүүн оролцлоо. Тэгэхээр том жижиг гэлтгүй бүхий л улс нийтээр тулгамдсан асуудлуудад маш хариуцлагатай, ач холбогдол өгч хандаж байгаагийн илрэл энэ.

Өнөөдөр бол Монгол улс үндсэн хуулийнхаа дагуу жинхэнэ хүмүүнлэг ардчилсан нийгмээ байгуулжээ.
-Цахим эрх чөлөөний асуудлаар та хуралд илтгэл тавьсан. Энэ талаар цаашдаа ямар ажил хийх вэ?

Цахим эрх чөлөө гэдэг хэдийгээр орчин үеийн техник технологи гэж ойлгогдож байгаа ч энэ бол хүний үндсэн эрхийн асуудал. НҮБ-аас ч ингэж тунхаглаж байгаа. Өмнө нь иргэн бүр боловсролтой, бичиг үсэгтэй байх чинь хамгийн үндсэн эрхийн нэг байлаа. Гэтэл өнөөдөр цахим эрх чөлөө гэдэг энэ хэмжээнд яригдах том сэдэв болчихоод байна.

Монгол Улс маань хэвлэлийн болоод хүний эрх чөлөөг баталгаажуулсан тэргүүлэх орны нэг шуу дээ. Тэгэхээр бид энэ чиглэлээр үлгэр жишээ болж, өөрийн дотоодын хууль тогтоомжоо улам боловсронгуй болгох ажил бий. Дээр нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн томоохон санаачилга бий. Юу гэвэл цахим эрх чөлөөний талаар олон улсын конвенцын анхны санаачлагч нь болох юм.

Ирэх жилээс НҮБ-ын гишүүн орнууд нөлээн ач холбогдол өгч оролцдог. Засгийн газрын хоорондын байгууллагыг би тэргүүлнэ. Энэ бол цахим эрх чөлөөний эвсэл. Энэ чиглэлээр Эстони улстай хамтраад бидэнд хийх олон ажил байна. Түүнчлэн Монгол Улс өөрөө далайд гарцгүй улс орнуудын бүлэгт нэлээд идэвхтэй гишүүний нэг. Энэ чиглэлээр бид улс орнууд хийгээд олон улсын байгууллагуудтай хийхээр төлөвлөсөн зүйлүүд бий.

-НҮБ-ын Ассамблей жил бүр хүний эрхийн асуудлаар онцгойлон ярилцдаг. Энэ жилийн тухайд цаазаар авах ялыг хориглох талаар хэлэлцэж байна. Манай улсын хувьд цаазаар авах ялаас түдгэлзсэн улс.

Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч үнэхээр дэлхий нийтэд анзаарагдаж, хүндлэгдсэн тийм шийдвэр гаргасан л даа. Саяхныг хүртэл Монголын тухай ойлголт дэлхийд арай өөр байлаа. Өнөөдөр бол Монгол улс үндсэн хуулийнхаа дагуу жинхэнэ хүмүүнлэг ардчилсан нийгмээ байгуулжээ.

Хүний амьд явах эрх гэдэг хамгийн дээд эрх байдаг. Энэ чиглэлээр дэлхийд үлгэр жишээ болж байгаа нь Ерөнхийлөгчийн тавьсан илтгэл, удирдсан хурал, бусад улс болон олон улсын байгууллагуудын Монгол Улсад өгсөн үнэлгээ зэргээс харагдаж байгаа.

Манай улс НҮБ-ын гишүүн 193 орноос 181-тэй нь дипломат харилцаа тогтоогоод байна.

-Манай улс одоо хэчнээн улстай дипломат харилцаа тогтоогоод байна?

Одоо бол бид НҮБ-ын гишүүн 193 орноос 181-тэй нь дипломат харилцаа тогтоогоод байна. Үлдсэн улстай, энэ чуулганы үеэр идэвхтэй яриа хэлэлцээр явууллаа. Заримтай нь дипломат харилцаа тогтоох гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна.

Ер нь, энэ Засгийн. газрын бүрэн эрхийнхээ хугацаанд НҮБ-ын бүх гишүүн оронтой дипломат харилцаа тогтооно гэсэн том зорилтондоо хүрэхээр ажиллаж байна.