ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 65 дугаар чуулган болж байна
Дэлхийн эруул мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 65 дугаар чуулган энэ сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотноо эхэллээ.
Чуулганд бүсийн гишүүн 37 улс орны эрүүл мэндийн сайд тэргүүтэй 250 гаруй төлөөлөгчид оролцож байгаа ба чуулганы нээлтэнд Филиппин Улсын Ерөнхийлөгч Бенино Акыно, ДЭМБ-ын Ерөнхий захирлын газрын Гүйцэтгэх захирал Др. Йэн Смит зэрэг өндөр түвшний албан тушаалтнууд оролцсон байна.
Энэ үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны захирал Др.Шин Ян-Су чуулганыг нээж хэлсэн үгэндээ ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс шинэ болон сэргэж байгаа халдварт өвчний гаралт өндөртэй, SARS зэрэг томоохон халдварын тахлын эсрэг амжилттай хариу арга хэмжээ авч, тархалтыг зогсоож чадсан, нийгмийн эрүүл мэндийн онцгой үеийн бэлэн байдлыг хангах, халдварт өвчний тандалт, эрт илрүүлгийн чиглэлээр туршлага сайтай бүс нутаг болохыг тодотгоод, хэдий туршлагатай ч эбола вирусын тахал эрчимтэй тархаж байгаа энэ цаг үед бүсийн гишүүн улсуудаас урьд урьдынхаас илүү сонор сэрэмж, бэлэн байдлыг шаардаж байгааг анхааруулжээ.
Чуулганы хоёр дахь өдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал Хөтөлбөрийн гүйцэтгэл (2012-2013)- ийн эцсийн тайланг хэлэлцүүлгийн үеэр үг хэлж, ДЭМБ-ын НДББХ-ноос гишүүн улсуудын хэрэгцээ, хөтөлбөрийн гүйцэтгэлд суурилж төлөвлөлт, санхүүгийн хуваарилалтыг хийж байгааг сайшаав.
Мөн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Монгол Улсад байгуулагдсан “Шуурхай удирдлагын төв”-ийн үйл ажиллагааг цаашид тогтворжуулах, чадавхийг бэхжүүлэх, Монгол Улс “Улаан бурхангүй Монгол Улс” болсон статусыг тогтвортой барихад Бүсийн төвтэй нягт хамтран ажиллахаа илэрхийлж, ДЭМБ-аас цаашид үргэлжлүүлэн дэмжиж, хамтран ажиллахыг хүсчээ.