Д.Баттулга: Нийт 700 айлын газрыг чөлөөлж 60 блок орон сууц барьж байна
НИТХ-ын дарга Д.Баттулгаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцаас тодрууллаа.
-Иргэдтэй хэрхэн тохиролцож газрыг нь чөлөөлж байна вэ?
НИТХ өнгөрсөн оны нэгдүгээр сард гэр хорооллын дахин төлөвлөлтийн зургийг баталж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Ингээд төсөл хэрэгжүүлэгчийн тендер зарласан юм. Үүнд шалгарсан компаниуд барилгын ажлаа тавдугаар сараас эхэллээ.
Өнөөдөр дахин төлөвлөлтөд хамрагдсан 10 гаруй газрын дэд бүтцийн ажпын зураг бэлэн болсон. Мөн хөрөнгө оруулалтыг нь шийдээд хийж байгаа. Өнөөдөр дахин төлөвлөлтийн анхны орон сууцаа ашиглалтад өгч байгаа "Херо пропертис" компани Сонгин хайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороонд төсөл хэрэгжүүлж байна.
Эдгээр орон сууцыг жилийн хугацаанд барилаа. Энэ газарт 14 хашаа, жижиг дэлгүүр, үйлчилгээний газар байсан. Тэднийг бүгдийг нь буулгаж ам.метр талбайн хэмжээгээр нь шинэ орон сууцны үйлчилгээний төвд талбай олголоо.
-Дахин төлөвлөлтийн ажлын дэд бүтцийг яаж шийдэж байна вэ?
Сонгинохайрхан дүүргийн 5,6,7 дугаар хороонд хийх дахин төлөвлөлтийн орон сууцны цахилгааныг бүрэн шийдсэн. Өчигдөр улсын комисс хүлээж авлаа. Төвлөрсөн хангамжаас дулаанаа авна. Цэвэр, бохир усны шугамаа угсарч байна. Дэд бүтцэд нь нийспэл болон улсын төсвөөс 9.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм.
-Үүнээс өөр энэ онд багтаж ашиглалтад орох орон сууц байгаа юу?
Ирэх арванхоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн долдугаар хороололд 4-5 орон сууцны барилга ашиглалтад орно. Дэд бүтцийг нь шийдсэн. Одоо замыг нь тавьж байгаа. Мөн цэцэрлэг, сургуулийн барилга нь хараахан дуусаагүй.
Дахин төлөвлөлтөөр 168 айл газраа байраар солилоо
-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хэдэн айлын хашааны газар хамрагдаад байна вэ?
Одоогоор нийслэлийн 24 байршилд дахин төлөвлөлт хийхээр баталсан. Нийт 60 гаруй блок орон сууцны барилга барьж байна. Өнөөдрийн байдлаар 700 айл өрхийг нүүлгэн шилжүүлж түрээсийн байранд оруулсан. Өөрөөр хэлбэл, дээрх айлуудын хашааны газрыг чөлөөлсөн гэсэн үг юм.