Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 4 компани ажил эхлэх батламжаа гардлаа
Иргэдийн энэ саналын дагуу 2 талт гэрээ байгуулсан бөгөөд 3 жилийн хугацаанд төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэнэ.
2014.09.29

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 4 компани ажил эхлэх батламжаа гардлаа

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэл чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийслэлийн ИТХ-ын 7/29, 12/43 тоот тогтоолоор 21 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж  байна.

Өнөөдрийн байдлаар 21 байршилд нийт 29 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу эхний ээлжийн 4000 орчим орон сууц 2014 оны 4-р улирал, 2015 оны 1-р улиралд ашиглалтад орно. Харин өнөөдөр дээрх 21 байршлийн 5 хэсэгт төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдэд нийслэлийн ИТХ-ын дарга, Төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар ажил эхлэх эрх бүхий “Батламж”, нийслэлийн Засаг даргын захирамжийг гардууллаа.

  • Эрэл групп ХХК- Чингэлтэй дүүргийн 9,10, 11-р хороо Дэнжийн 1000 орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, 39%7 га, Чингэлтэй дүүргийн 7, 8-р хороо Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 27 га
  •  Монкон групп ХХК- Чингэлтэй дүүргийн 9,10,11-р хороо Дэнжийн мянга орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 15,2 га
  •  Магма од ХХК- Баянзүрх дүүргийн 2-р хороо Дарь эх орчмйн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 4,5 га
  • Монгол угсаа ХХК- Баянзүрх дүүргийн 2-р хороо Дарь эх орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-15,5 га газарт төсөл хэрэгжүүлнэ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын дагуу дээрх аж ахуйн нэгжүүд нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэдийн олонхийн дэмжлэг авч, бичиг баримтын зөрчилгүй иргэдийн 75 хувиас дээш иргэдтэй хоёр талт гэрээ байгуулсан тул цаашид гурван талт гэрээ хийж, бүтээн байгуулалтын ажлаа эхлэх боломжтой болж байна.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга ,Төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байна гэж бид дүгнэж байгаа. Эхний ээлжийн орон сууцууд ирэх сард ашиглалтад орно.

Өнөөдөр батламж гардаж авч буй аж ахуйн нэгжүүдэд амжилт хүсье. Нийгмийн болон техникийн нөхцөлийг хотын захиргаа шийдэж өгнө. Бид төслөө амжилттай хэрэгжүүлэхэд та бүхнийг бүрэн дэмжиж ажиллана” гэдгийг онцлон хэллээ.

Жишээ нь:  Магма од ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт хамаарагдаж буй иргэдийн 80 орчим хувь нь амины тохилог орон сууцтай болох санал тавьсан байна.

Иргэдийн энэ саналын дагуу 2 талт гэрээ байгуулсан бөгөөд 3 жилийн хугацаанд  төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж компанийн удирдлагууд хэлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.