С.Эрдэнэ: Засаг захиргааны шинэ хот байгуулбал нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжтой
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэ
2014.10.14

С.Эрдэнэ: Засаг захиргааны шинэ хот байгуулбал нийгэмд тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжтой

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэтэй ярилцлаа. Энэ сарын 3-5-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгуулагдсан Ардчилсан хүчний холбооны “Нийслэлийн чуулган”-аар гишүүд дэмжигчдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, улмаар Засаг захиргааны шинэ хот байгуулах асуудлыг чухалчлан авч үзсэн билээ.  

-Ардчилсан хүчний холбооны арав дахь удаагийн чуулган саяхан болж өнгөрлөө. Энэ удаагийн чуулганаар авч хэлэлцсэн асуудал, түүнийг шийдэх гарцыг та хэрхэн харж байна вэ?

Ардчилсан хүчний холбооноос жилд хоёроос доошгүй удаа чуулган зохион байгуулах зорилттой ажилладаг. Үүний хүрээнд зохион байгуулсан “Нийслэлийн чуулган” маань бидний хувьд арав дахь удаагийн чуулган гэсэн үг. Энэ удаагийн чуулганаар нийслэлийн өмнө  тулгамдаж байгаа олон асуудлыг авч хэлэлцсэн. Зөвхөн өнөө маргаашаа аргацаасан хэмжээнд асуудлыг хөндөж тавих бус арай илүү далайцтай, өргөн хүрээнд хийж хэлэлцэн шийдвэрлэх ёстой болов уу.

Ялангуяа нийслэл хотын тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг цогцоор нь авч үзэж, шийдэх нэгдсэн бодлого үгүйлэгдээд байна гэж харж байгаа. Тиймээс бид үндсэн хоёр асуудлыг сэдэв болгон авч хэлэлцлээ.

Баянгол дүүрэгт гэхэд л, найман мянга, арван мянгаас дээш хүн амтай найман хороо бий.

Нэгдүгээрт нь, нийслэлийн анхан шатны нэгж болсон хороог яаж хөгжүүлэхийн тулд  “Шинэ хороо” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь туйлын чухал юм байна. Яагаад гэвэл, нийслэл байтугай төрөөс ч тэр анхан шатны нэгж болсон хороо руугаа тавьж байгаа анхаарал үнэхээр алга байна. Ажиглаад байхад ихэвчлэн хөдөөгийн сумууд руу илүү анхаараад байх шиг. Нийслэлийн засаг захиргааны нэгжийн хувьд, хороо хамгийн бага учраас хөдөөгийн аль нэг багийн хэмжээнд ойлгоод байдаг, яг үнэндээ зарим хороод бараг гурав дөрвөн сумыг нийлүүлэх хэмжээний хүн амтай, эдийн засгийн чадавхитай байна шүү дээ.

Баянгол дүүрэгт гэхэд л, найман мянга, арван мянгаас дээш хүн амтай найман хороо бий. Эдгээр хороодыг засаг захиргааны нэгжид хуваах шаардлага аль хэдийнэ үүсчихсэн. Гэтэл хөдөөд дунджаар гурван мянган хүн амтай сумдууд л байгаа шүү дээ. Тэгэхээр хүн амын тоо, эдийн засгийн чадавхиа аваад үзсэн ч тэр нийслэлийн хороод бол хөдөөгийн захын сумаас том л байгаа байхгүй юу.

-Анхан шатны нэгжид өөрчлөлт, шинэчлэлт хийх шийдэл нь “Шинэ хороо” хөтөлбөр гэж та үзэж байна уу?

Тиймээ, эхний ээлжинд “Шинэ хороо” хөтөлбөрийг боловсруулж, хороог хэрхэн  бие даасан засаг захиргааны нэгж болгох вэ гэдэг асуудлыг авч үзэх ёстой. Бид бүхэн шууд ардчилал гэж яриад байгаа. Хороо хэрхэн бие дааж хөгжих вэ. Мөн тухайн хороодод амьдарч байгаа иргэдийн оролцоотойгоор хороог яаж хөгжүүлэх боломж байна вэ гэдэг энэ асуудал дээр л зайлшгүй хөтөлбөр боловсруулж ажиллах шаардлагатай гэж харж байна.

Яахав, нийслэл хотын маань зам харгуй сайжирч, ногоон байгууламж өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа нь үнэн. Гэвч үнэндээ балчир хүүхэд нүүрээ угаах гээд хацар, хамрынхаа хэсгийг арчаад өнгөрсөнтэй адил өнгө төдий засал хийгээд байна л даа. Харин орон сууцны хороолол болон гэр хорооллуудын дунд дэд бүтэц, тохижилт хийгдэхгүй л байгаа байхгүй юу. Ийм байдлаар цаашид явбал маш утгагүй хэрэг болно. Бээжин хот нэг хэсэг иймэрхүү л өнгө төрхтэй байсан.

Янз бүрийн зам, барилга нэмэгдээд байгаа мөртлөө яг гудамжаар нь явахаар элдэв үнэр танар, хог шороондоо дарагдсан газар байлаа. Улаанбаатар хот өнөөдөр яг л тийм дүр төрхтэй байна шүү дээ. Сүүлийн үед төв замууд нь арай гайгүй боллоо. “Гудамж” төслийн үр дүнд нэлээд хэдэн уулзваруудыг орчин үеийн стандартад нийцүүлж өөрчилсөн.

Энэ мэтээр нийслэлийн өнгө төрхийг өөрчилж, Засгийн газар нэлээн юм хийгээд байх шиг, харин нийслэл маань өөрөө юу хийгээд байгаа юм бэ. Нийслэлийнхээ анхан шат болох дүүрэг, хороод руу хүрч ажилласан гэхээр зүйл харагдахгүй байна. Тиймээс “Шинэ хороо” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлье гэж шийдвэрлэсэн.

-Энэ хөтөлбөрийнхөө санааг Солонгосын хөгжилд түлхэц болсон “Шинэ тосгон” хөдөлгөөнөөс авсан гэл үү?

Тийм, бид дандаа бүгдийг цоо шинээр бодож олно гэвэл яах билээ. Бусад улс орны нийслэл хотуудын хөгжил, түүхэн туршлагаас зайлшгүй жишээ авч үзэх ёстой. Тухайлбал, өнөөгийн БНСУ-ын үсрэнгүй хөгжилд томоохон түлхэц өгсөн “Шинэ тосгон” хөдөлгөөнөөс санаа авч болно шүү дээ. Энэ дагуу бид сая Ардчилсан хүчний холбооны “Нийслэлийн чуулган” дээр “Шинэ тосгон” хөдөлгөөний гол зохион байгуулагчийг урьж авчирсан.

Тэр хүн өөрийн амьдрал, “Шинэ тосгон” хөдөлгөөний тухай маш сонирхолтой баримтат кино үзүүлж яагаад ийм алхам хийх болсон, ямар үр дүнд хүрснээ сэтгэл нь ихэд хөдөлж ярина лээ.

Гэхдээ бид заавал бусдыг даган дуурайж, хуулах албагүй шүү дээ. Тухайн асуудалд чухам ямар оновчтой санал санаачилга байгааг судалж үзээд, түүнээс нь санаа авч Монголынхоо  нөхцөл байдалд тохируулан зохион байгуулъя гэвэл гадаадын бэлэн туршлага олон  байна. Өнөөдөр ямар үйлчилгээ, үйл ажиллагаа явуулдаг нь мэдэгдэхгүй янз бүрийн төв байгуулагдлаа л гэнэ.

Бусад улс орны нийслэл хотуудын хөгжил, түүхэн туршлагаас зайлшгүй жишээ авч үзэх ёстой.

Энд ийм хурал, тэнд тийм уулзалт хийлээ л гэнэ. Яг иргэддээ хүрсэн үйлчилгээ, нэгдсэн бодлого, цогц хөтөлбөр гарч ирэхгүй байна гэдэг асуудал дээр Ардчилсан хүчний холбооныхон гол анхаарлаа чиглүүлсэн.

-Засаг захиргааны шинэ хот байгуулах асуудал нь хэлэлцүүлгийн хоёрдугаар сэдэв байсан?

Нийслэлийг нүүлгэн шилжүүлэх тухай асуудал нэг хэсэг их яригдсан. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулж, хууль эрхзүйн боломжийг нь бүрдүүлэх ёстой юм билээ. Тэгэхээр заавал нийслэлээ нүүлгэх ямар албатай юм бэ. Бусад улс орнуудын жишгээр засаг захиргааны шинэ хот яагаад тусад нь байгуулж болдоггүй юм. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын гишүүд нь нийслэлдээ байдаг л юм байгаа биз.

Харин яагаад гүйцэтгэх засаглал болсон яам, агентлагуудаа нүүлгэн шилжүүлээд засаг захиргааны хот байгуулж болдоггүй юм. Австрали гэхэд л, тэр төв нийслэл Сиднейд нь засаг захиргааны нэгж байгууллага огт байдаггүй, Камбирад нь бүх элчин сайд, яам, тамгын газрууд нь байдаг. Тиймээс өдгөө Сидней хот цэвэр улс төр, соёл, эдийн засгийн маш том төв болж үлдсэн.

Какахстан Улсын Алма-Ата хотоо улс төр, соёл, эдийн засгийн төв хэвээр нь үлдээж, засаг захиргааны шинэ хот болгон Астанаг, мөн Турк Улсын Стамбул хотоо улс төр, соёл, эдийн засгийн төв хэвээр үлдээж засаг захиргааны бүх нэгж нь Анкара хотод, Герман Улс засаг захиргааны төвөө Бонноос шилжүүлэн Берлин рүү нүүлгэсэн гээд маш олон жишээ бий. 

Үндсэн хуулийн 13.1-д “Төрийн эрх барих дээд байгууллагууд байрлаж байгаа газрыг Монгол Улсын нийслэл гэж үзнэ” гээд заачихсан байдаг. Манайх парламентын засаглалтай улс. Төрийн эрх барих дээд байгууллага буюу хууль тогтоох дээд байгууллага, Ерөнхийлөгч нь тамгын газартаа байж байхад Улаанбаатар хот эндээ л үлдэнэ. Яам, агентлаг гэх мэт засаг захиргааны бусад нэгжүүд нь Хархорин руу шилжиж, тусдаа хот байгуулж болно шүү дээ. Түүнийг дагаад асар олон бизнес, аж ахуйн нэгжүүд тэнд төвлөрнө. Хүн ам, эдийн засгийн төвлөрөл үүсч,  шинэ хот бий болно.

Энэ хоёрын хооронд хурдны галт тэрэг, хурдны автозам тавиад дахиад л хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийгдэнэ. Бүр яагаад Улаанбаатар, Хархорин хоёрын дунд богино нислэг үйлдэх онгоцтой байж болдоггүй юм гээд яривал их юм бий. Түүхээ сөхөж үзсэн ч тэр, Монгол Улс хүчирхэг байх үедээ Хархоринд нийслэл хотоо байгуулж байсан. Монгол орны төв цэг нь Хархорин шүү дээ. Гэх мэтээр маш олон талын ач холбогдол, гарц шийдэл энд байна.

-Шинэ хот байгуулснаар нийслэлийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх нь ээ?

-Улаанбаатар хотыг улс төр, соёл, шинжлэх ухаан, эдийн засгийн төв хэвээр нь үлдээж, Хархоринд засаг захиргааны шинэ хот байгуулбал энэ их хүн амын төвлөрөл, замын түгжрэл тодорхой хэмжээгээр багасна. Үнэнийг хэлэхэд, 5-10 жилийн дараа Улаанбаатар хот ундны усны асуудалд орох болчихоод байна. Одоо ч энэ асуудал ихээр яригдаж байгаа шүү дээ. Гэтэл тэнд Орхоны хөндий гээд цэнгэг устай хэчнээн сайхан нутаг орон байна вэ. Анхнаас нь зөв төлөвлөж, дэд бүтцийг нь зөв тавиад шинэ хот байгуулж болно.

Монголчууд яагаад бүтээн байгуулалт хийхгүй байгаа юм бэ. Бүгдээрээ сайхан бүтээн байгуулалт хийе л дээ, энэ чинь. Шинэ хот байгуулъя л даа. Хоорондоо хэрэлдэж, хэдэн   биенээ элдвээр дуудаж суухын оронд их бүтээн байгуулалт руу ханцуй шамлан оръё л доо. Хүн бүр чадлынхаараа хэрээр зүтгээд ч болов, шинэ хотыг байгуулъя. Ингэж чадвал Монгол Улс маань хөгжинө. Түүнээс биш энэ нам, тэр хүн сайн муу гэж чичлэх байдлаар цаашид явбал асуудал сайжрахгүй, бас юу ч шийдэхгүй.

-Энэ асуудлын хүрээнд ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажил юу байна вэ?
Үнэнийг хэлэхэд, 5-10 жилийн дараа Улаанбаатар хот ундны усны асуудалд орох болчихоод байна.

Их бүтээн байгуулалтын санал санаачилгыг гаргаж чадлаа. Одоо бид бүхэн хийж бүтээх л үлдлээ. Хархоринд цоо шинэ засаг захиргааны хот бий болгож чадвал Улаанбаатар хотын нүүр царай шал өөр болоод явчихна шүү дээ. Хүн амын төвлөрөл, замын түгжрэл гэх мэт олон талын асуудал нааштайгаар эргэнэ. Ийм зүйлийг л авч хэлэлцсэн дээ, бид нар. Цаашид засаг захиргааны шинэ хот байгуулах боломжийг судлах ажлын хэсэг гаргахаар тохиролцсон.

Энэ хүрээнд бас “Шинэ хороо” хөтөлбөрийг боловсруулах хоёр ажлын хэсэг гарна. Одоо эл хоёр асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, тэдний санал санаачилга, идэвхи оролцоонд тулгуурлан аль болох өргөн хэмжээнд авч хэлэлцэхээр  төлөвлөж байна

-Магадгүй, зарим хүмүүсийн хувьд Дархан, Эрдэнэт гэх мэт хотуудынхаа дэд бүтцийг сайжруулах асуудлыг авч үзэх нь зүйтэй гэж ярьж байгаа?

Дархан, Эрдэнэт бол угаасаа хүн амын төвлөрөл нэмэгдэж, хотжилт бий болсон газрууд. Гэхдээ энэ бүхэн 10-20 жилийн өмнө монголчуудын хийсэн бүтээн байгууллалт шүү дээ. Зүгээр л нэг хуучин юман дээр нэмж овоолоод байх биш. Арай том хүрээнд бодож, төлөвлөж хийхгүй бол болохгүй. Байгаа зүйлээ улам төгс төгөлдөр болгож, шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлье л дээ. Тэртээ тэргүй төмөр зам дагасан улс төр, эдийн засаг,  нийгмийн хэт их төвлөрөл бий болчихлоо.

Сэлэнгэ, Орхон, Дархан, Улаанбаатар, Замын-Үүд, Сайшанд гээд ярьж болно. Харин улсын маань төв болон баруун нутгууд эзэнгүй шахуу, тэнд ямар ч бүтээн байгуулалт алга. Үүх түүхээ аваад үзвэл, Хархорин бол манай Монгол Улсын нийсэл байсан газар. Түүхэн хаадууд маань эерэг энерги, өөдлөн дэвжих билэгдлээ бодож л тэр газарт нийслэлээ байгуулж байсан болов уу.