Налайх дүүрэгт барилгын материалын үйлдвэр технологийн парк барина.
2014.09.09

Налайх, Эмээлтэд үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар шийдвэрлэв

Нийслэлийн ИТХ өчигдөр хуралдаж, Налайх дүүрэгт барих барилгын материалын үйлдвэр технологийн парк, Эмээлтэд барих хөнгөн үйлдвэрийн техник, технологийн паркийн үйл ажиллагааг эрчимжүүлж, бүтээн байгуулах нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулах, эсэхийг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын хөгжилтэй холбоотойгоор цаашид барилгын материалын үйлдвэрлэлийг эрчимжүүлэх шаард- лага жил ирэх тусам ихсэж буй тул иийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид “Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулахыг дэмжлээ.

130 га газартай энэ паркыг байгуулахад 130-200 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг хувийн хэвшлийг дэмжих замаар бүрдүүлэх төлөвлөгөөтэй гэнэ. Дэд бүтцийг нь нийслэлээс тавьж өгөх аж.

130 га газартай энэ паркыг байгуулахад 130-200 тэрбум төгрөг шаардлагатай.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн зарим нь “Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ” гээд Эмээлтэд хөнгөн үйлдвэрийн техник, технологийн парк байгуулахын эсрэг байр суурьтай байв. Нийслэлд арьс ширний анхан шатны боловсруулалт хийж буй 30 гаруй үйлдвэр байдаг аж. Тэдний олонх нь бохир усаа цэвэрлэж чадахгүй асгадаг.

Үүний адил "Уг паркт арьс ширний анхан шатны боловсруулалт хийж, Туул гол руу бохироо асгаж хордуулна” гэж төлөөлөгчид үзэж байлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ “Улаанбаатар хотын төвд үйлдвэрлэл явуулж, бохир усаа асгаж буй үйлдвэрүүдийг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг УИХ гаргасан.

Эмээлтэд зөвхөн парк байгуулаад зогсохгүй, суурьшлын шинэ бүс бий болгож, Улаанбаатарын дагуул хот болгон хөгжүүлэх боломжтой. Байгаль орчинд хор нөлөөгүй байлгах үүднээс хамгийн түрүүнд байгальд ээлтэй, өндөр технологийн цэвэрлэх байгууламж барина” гэлээ. Эмээлтийн арьс ширний үйлдвэрлэл, технологийн паркыг 214 га газарт барих болсон.

Нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж, парк байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг 2012 онд “Идеал групп” компаниар хийлгэжээ. Дэд бүтцийн ажлын зургийг “Инж байгууламж” компани боловсруулж, өдгөө экспертизээр хянуулах шатанд байгаа аж.

Тэргүүлэгчдийн зарим нь эсэргүүцэж байсан ч олонхын саналаар уг ажлыг зохион байгуулах орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах болсон.

Дээрх хоёр газрын бүтэц, орон тоог баталж, санхүүжилтийн болон бусад арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд үүрэг болголоо.