Ж.Эрдэнэбат:АН-ын бүлэг фракцуудынхаа эрхшээлээс гараагүй цагт ажил явахгүй
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2014.10.09

Ж.Эрдэнэбат:АН-ын бүлэг фракцуудынхаа эрхшээлээс гараагүй цагт ажил явахгүй

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа. 

-Танай намын бүлэг хуралдаад ССАЖЯ-ыг нэгтгэхэд нэгдсэн гэсэн. Энэ саналаа албан ёсоор Ерөнхий сайдад хүргүүлэв үү?

Яамдын тоог нэмж, төрийн бүтцийг данхайлгах нь буруу. Оновчтой бүтцээр ажлаа явуулаач гэдэг саналыг манай намын бүлэг удаа дараа тавьж байсан. Харамсалтай нь энэ бүтцийг бий болгохдоо манай намын бүлэггүйгээр данхар бүтцийг бүрдүүлчихсэн шүү дээ. Хэдий оройтсон ч гэлээ эрх баригчид энэ данхар бүтцээ цомхотгоё гэдэг асуудлыг оруулж ирж байна.

Энэ бүтцийн өөрчлөлтийг манай намын бүлэг дэмжихээ илэрхийлсэн байгаа. Гэхдээ өнөөдрийн улс орны эдийн засгийн нөхцөл байдал ямар хүнд байгааг, энэ хэрээр ард иргэдийн амьдрал яаж дордож байгааг хэн хүнгүй харж байна. Цаашлаад төсвийн орлого яаж, хэдий хэмжээгээр тасарч байгааг ч мөн хэлэх хэрэгтэй.

Тийм учраас энэ данхар бүтцээ дахин цомхотгох боломж байна гэдгийг бид хэлж байгаа юм. Улс орны амьдрал хэцүү байгаа үед төр цомхон, чадварлаг бүтцээр ажиллах хэрэгтэй гэдэгт бид санал нэгдсэн.

Энэ утгаараа дахин дөрвөн яамыг нэгтгэх боломж байна гэж харж байна. Үүнд Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг Боловсролын яамтай, Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэж болно гэж үзсэн.

Төсөв мөнгө хэмнэх үүднээсээ ч тэр улс оронд чухал хэрэгтэй саналыг бид хэллээ. Харамсалтай нь хэлсэн саналууд ажил хэрэг болохдоо тааруу байгаа.

Үндсэндээ орлого олдог хэдэн яамаа нэгтгэсэн атлаа зарлага гаргадаг яамдыг нэгтгэлгүй үлдээчихлээ гэж хэлэх гээд байна л даа. Гэтэл зарлага гаргадаг хэдэн яам саланги байснаараа салбар нь хэр хөгжсөн бэ гэдгийг тухайн салбарын хүмүүс ч тэр хаа сайгүй л хэлж байна.

-Та бүхний энэ саналыг Ерөнхий сайд хэр хүлээж авах бол. Хэрвээ хүлээж авахгүй бол ямар нэгэн хариу үйлдэл хийх үү?

Ямар ч байсан бид ийм боломж байна гэдэг саналаа тавьсан. Н.Алтанхуяг сайд үнэхээр л цаашид Засгийн газраа цомхон, чадварлаг бүтцээр ажиллуулъя гэж бодож байгаа бол бидний саналыг хүлээж авах л хэрэгтэй. Төсөв мөнгө хэмнэх үүднээсээ ч тэр улс оронд чухал хэрэгтэй саналыг бид хэллээ. Харамсалтай нь хэлсэн саналууд ажил хэрэг болохдоо тааруу байгаа.

-16 яамыг 13 болгож нэгтгэснээр хэр хэмжээний хэмнэлт гарах талаар Ерөнхий сайд бодит судалааг та бүхэнд таницуулсан уу. Ер нь энэ удаагийн бүтцийн өөрчлөлтөөр төсөвт гарах хэмнэлтийг яаж тооцож байгаа юм бол?

Цомхон болгох тал дээр ч төсөв хэмнэх үүднээс ч тэр бага боловч хэмнэлт гарч таарна. Гэхдээ гуравхан яамыг татан буулгаснаар асуудлыг дуусгачихаж боломгүй байна. Ямар ч байсан бид дахин цөөлөх боломж байгаа талаар гаргасан саналаа Байнгын хороо болон чуулганы хуралдаан дээр хэлэх болно.

Бүтцийг дахин цомхотгох талаар ганц манай бүлэг гэлтгүй эрх баригч дотроос мөн шүүмжлэлтэй хандаж байгаа хүн цөөнгүй байна. Ер нь Соёлын яам гэж байх хэрэг байгаа эсэхийг ч ярьж байгаа юм билээ. Тэгэхээр бидэнтэй ижил бодолтой хүн цөөнгүй байгаа учраас Ерөнхий сайд анхаарал хандуулах байх итгэж байгаа.

-Ерөнхий сайд “ЭЗЭН 100“ хөтөлбөрийн тайланг тавилаа. Харин үүний араас “Хөтөлбөрөө хугацаа хожимдож тайлагнаснаас гадна хавь ойрын зүйл хамсан 100 ажил нэрлэлээ” гэсэн шүүмжлэл хүчтэй өрнөж байна. Харин та энэ хөтөлбөрийн тайланг хэрхэн дүгнэж байна вэ?

Ерөнхий сайд Засгийн газрынхаа хөтөлбөрийн тайланг тавих нь зүйн хэрэг. Хамгийн гол нь “ЭЗЭН 100” хөтөлбөр дуусахад цаг тухайд нь ямар үр дүн гарав гэдгийг тайлагнасан бол ач холбогдолтой байх байлаа. Ерөнхий сайдын танилцуулсан дүгнэлтээс бодит ажил ерөөсөө харагдахгүй байна лээ.

Угаасаа ч анхнаасаа энэ хөтөлбөрийг эдийн засгийг эрчимжүүлэх бус уналтад оруулахаар баталсан мэт байсныг хаана хаанаа мэдэж байгаа байх. Заавал нэг хөтөлбөр баталсан батлаагүй эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх нь Засгийн газрын хийх л ажил шүү дээ. Гэтэл урсгалаараа хийгдээд явах ажлуудыг хамаад л “Бид ийм ажил хийлээ” гэж дүгнэлээ шүү дээ.

Нөгөө талаар энэ хөтөлбөрийн нэр анхнаасаа томдсон. Эдийн засгийн уналтыг сэргээх эсвэл эдийн засгаа тогтворжуулах гэх маягаар хөтөлбөрөө нэрлэснийхээ дараа “Эдийн засаг уналттай үед бид ийм ажил хийлээ” гэж дүгнэсэн бол бодит байдалтай арай илүү зохицох байлаа.

-“ЭЗЭН 100”-ийн тайланд Кыргыз руу автобус явдаг боллоо, Эрээн рүү шууд нислэг үйлддэг боллоо гэх мэт тайлбар багтсан байсан?

Дээр хэлсэнчлэн урсгалаараа л хийгддэг ажлуудыг хамаж яриад байгаа нь энэ. “ЭЗЭН 100” хөтөлбөр гарснаар дээрх ажлуудыг хийчихсэн юм биш. Амьдрал үргэлжилж байгаа учраас урсгалаараа ажил урагшилж л байгаа. Гэтэл энэ бүхнийг шүүрч аваад л “Бид хийчихлээ” гэж яриад байгаа нь ичгэвтэр юм даа.

Шинэ яамдын сайдаар давхар албан тушаал хашдаг хүн тавихгүй байх ёстой л гэж харж байгаа.
-Нэгтгэж байгаа яамдыг хэн толгойлж үлдэх талаар таавар яваад эхэлчихлээ. Таныхаар нэгдсэн яамдыг тэргүүлэх хүнийг хэрхэн сонгох хэрэгтэй гэж үзэж байна вэ?

УИХ-ын олон гишүүн Засгийн газрын сайд болчихоор төрийн ажил удааширдаг. Нөгөө талаас алдаатай, буруу зөрүү хийсэн ажлыг нь шүүмжлэхээр тал талаас хамгаалалт бий болгочихоод байна. Өмнөх Засгийн газруудад УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашиж байсан тохиолдол бий.

Гэхдээ тэр хүмүүс хариуцлага гэдэг зүйлийг ухамсарлачихсан улс байжээ гэж дүгнэж байгаа. Өөрөөр хэлбэл, давхар албан тушаал хашиж байгаа гээд нэгийг нь орхигдуулдаггүй байж. Мөн ийм давхар албан тушаалтай хүн цөөн байжээ. Гэтэл одоо бол 18 хүн сайд байхаар ажил явуулахад маш түвэгтэй. Ерөнхийлөгч ч мөн үүнийг хэлж байгаа. “Цаашид энэ төр засгийн ажлыг үнэхээр л явуулъя гэж байгаа бол шинээр томилох сайд нараа давхар дээлгүй байлга” гэж.

Энэ утгаараа шинэ яамдын сайдаар давхар албан тушаал хашдаг хүн тавихгүй байх ёстой л гэж харж байгаа.

-Чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг хэр оновчтой болсон гэж харж байгаа вэ. Хэвлэлийн эрх чөлөөний болон Эдийн засгийн өршөөлийн хууль багтсангүй гэж шүүмжлэх цөөнгүй байгаа учраас асууж байна л даа?

Хөөрхий, хэлэлцэх асуудлын дараалал гээд л нэг юм батлаад яваад байгаа. Гэхдээ сүүлийн хэдэн чуулганаар хэлэлцэх асуудлаа бүрэн гүйцэт хэлэлцэхгүй байгаа шүү дээ. Энэ утгаараа хэлэлцэх асуудалд нэг их ач холбогдол өгөхөө больсон.

Нэгэнт бүрэн гүйцэт хэлэлцэж гүйцэхгүй байна шд. Жишээ нь, яаралтай хэлэлцэх гээд л чуулган эхлэнгүүт бүтцийн асуудлыг оруулж ирсэн. Гэтэл яав, дотроо санаа оноо нийлэхгүй байна гээд л цаг хугацаа алдсан, сандал ширээтэйгээ зууралдсан байдалтай байна шүү дээ.

-Засгийн газрын бүтцийн асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж эхлэнгүүт АН-ын бүлгээс завсарлага авчихлаа.

Би чуулган эхэлдэг өдөр “Эх орноо, ард иргэдээ бодоод ажил хийдэг механизм руугаа орооч ээ, сандал суудалтайгаа битгий зууралдаач ээ, эрх баригчид аа” гэж хэлсэн. Гэтэл энэ мэтээр одоо ч гэсэн хоорондоо эвээ олохгүй. Дотоод зөрчлөө арилгаж чадахгүй байна. Хэдэн бүлэг фракцийнхаа эрхшээлд орчихоод байвал улс орны ажил урагшлахгүй ээ.