С.Эрдэнэ: “Шонхор” одоогийн байр сууриа хадгалах бодол л бий
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газрын танхимд хийх бүтцийн өөрчлөлт нэг талдаа гарлаа. Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн төслийн хүрээнд танхимыг УИХ баталж өглөө. Гэхдээ асуудал дуусаагүй дахиад даваа байна?
-Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүтцийг өргөн мэдүүлснийг УИХ баталлаа. Хаа, хамаагүй салбарыг нэгтгээд оруулаад ирсэн юм биш шүү дээ.
-Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлэг яамдыг дахиад ч нэгтгэх бололцоотой. Хөдөлмөрийн яамыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай нэгтгэж болно гэсэн байр суурийг илэрхийлж, олон нийт ч дэмжсэн?
-Өмнөх парламентын үед Ардчилсан нам “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөр санаачилж, сонгогчид дэмжсэнээр Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан. Ардчилсан намын дэвшүүлсэн чухал зорилтуудад “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр багтдаг.
Иргэнээ сургаж, мэргэшүүлж, ажлын байраар хангах нь туйлын чухал. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажлын байр манайд хангалттай бий болсон байна. Хүн өөрөө ажиллах хүсэл сонирхол, мэдлэг, мэргэжил чадвар байвал хаана ч ажилласан ажлын байр байна. Харин ажиллах сонирхол нийгэмд байна уу гэдгийг бодох ёстой.
Сонин сэтгүүл, телевиз, радиогоор “Ажилд авна” гэсэн зар маш их цацагдаж байгааг анзаараарай. Харин “Ажил хайж байна” гэсэн зар бараг л байхгүй болсон. Бизнесмэнүүдтэй уулзахад “Ажиллах хүн олдохгүй байна” гэж л ярьдаг.
-Яагаад ажиллах хүч нь олдохгүй болов?
-Цалин голдог, эсвэл мэргэжил нь таардаггүй. Уг нь 1990-ээд оны эхэн үед хэвлэлүүдэд ажил хайсан зар их байсан бол түрүүчийн Засгийн газрын үед ажил хайсан, ажил зарласан зар тэнцүү цацагддаг байсан. Одоо тэгтэл ажил хайсан зар байхгүй болж.
Тэгэхээр Хөдөлмөрийн яамны чиг үүрэг бол иргэндээ мэргэжил эзэмшүүлэх, чадваржуулахын зэрэгцээ хөдөлмөр эрхлэх сонирхлыг бий болгох, бэлэнчлэн сэтгэлгээнээс салгах нь туйлын чухал байна. Ингэхээр тус яамны чиг үүрэг, хариуцлага өндөр байна гэсэн үг л дээ.
Хөдөлмөрийн яамны чиг үүрэг бол иргэндээ мэргэжил эзэмшүүлэх, чадваржуулахын зэрэгцээ хөдөлмөр эрхлэх сонирхлыг бий болгох, бэлэнчлэн сэтгэлгээнээс салгах нь туйлын чухал байна
-Өмнөх Засгийн газрын үед нийгмийн хамгааллын салбар, хөдөлмөр эрхлэлт хоёр цугтаа нэг сайдын эрхлэх асуудлын хүрээнд зангилагддаг байсан. Шинэчлэлийн Засгийн газар болохоор асуудлыг хоёр салгаж, төрийг данхгар болголоо гэх?
-Аль ч улсад хүн амын хөгжлийн цогц бодлого тэргүүлэх зэрэгт тавигддаг. Хүнээ хөгжүүлж байж л улс хөгжинө. Хуучин ямар том алдаатай бодлого хэрэгжүүлж байсан бэ гэхээр хүний хөгжлийнхөө бодлогыг төрийн бус байгууллагад хариуцуулаад гудамжинд орхиж, ноос, ноолуур, үйлдвэр, уурхай, зам барилга гээд материаллаг тал руугаа гол анхаарлаа хандуулж бодлого хэрэгжүүлсэн юм шүү дээ.
Гэтэл логикоороо цугтаа хүний хөгжлийн орчин бий болж байх ёстой. Эргээд харахад хүүхдүүдээ хаана хаясан байна, залуучуудаа хаана хаяв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ мөн хаана хаяв. Энгийн жишээ татъя, хичээлээ тараад хүүхдүүдэд очих, хөгжих орчин байна уу.
Зуныхаа амралтыг үр бүтээлтэй өнгөрөөх зуслан хэд байна вэ, залуучуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх, хөгжих, ядаж л номын сан хангалттай байна уу. Энэ бүх зүйл хаягдсан байхгүй юу. Тэр бүгдийг бий болгох гээд, бүтээх гээд үзэж байна. Арай гэж суурийг нь тавиад жигдрүүллээ. Энэ үед аль нэг яамтай нэгтгэнэ гэхээр суурийг нь тавьсан ажил юу болох вэ?.
-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулж хоёр жил ажиллалаа. Энэ хугацаанд юу бий болсон юм бэ. Хаа очиж, бүтцийн өөрчлөлтөд багтсан Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамдад хийсэн ажил их байна шүү дээ гэх. Нэг талдаа зөв ч юм шиг, 20 гаруй жилийн хугацаанд баригдсан зам хоёр жилийн хугацаанд баригдсан байх жишээтэй?
-Нийгмийн хамгааллын салбар аль ч Засгийн газар, ямар ч нийгэмд тэргүүнд тавигддаг. Нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээ 2.9 сая орчим иргэнийг хамарсан том үйлчилгээ. Нийгмийн даатгалд хамрагддаггүй, нийгмийн халамжид хамрагддаггүй хүн гэж бараг үгүй.
Баялаг бүтээдэггүй мэт харагдах ч хийсэн ажил энэ хоёр жилийн хугацаанд их шүү дээ. Тухайлбал, НҮБ-ын Хүн амын сантай хамтраад залуучууд, хөгжлийн төвүүдийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт байгуулах гээд эхний ээлжинд 4-5-ыг нь байгуулаад ажиллаж байна. Хүүхдийн зуслангийн асуудал одоо л анхаарлын төвд орж, хөрөнгө оруулалт эхнээсээ орж ирж байна.
Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар анх удаа 30 сая доллар буюу 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд зориулсан Үндэсний хөгжлийн төв байгуулах гээд барилга, бүтээн байгуулалтын ажил нь эхлэх болж байна. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвүүдийг барьж эхэлж байна.
Анх удаа Сэргээн засалт үндэсний хөгжлийн төвд энэ онд 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, протезийн үйлдвэрээ шинэчилж байна. Сэргээн засах эмнэлгийг шинээр барьж байна. Улсын ахмадын асрамжийн газар гэж ямар газар байлаа, хаягдсан, гологдсон ахмадууд л очдог. Одоо түүнийг өргөтгөж, төрөлжүүлснээр хэн хүссэн нь очдог газар болно. Ахмадын нөхөн сэргээх эмчилгээ сувилгааны төв гээд маш том төв байгуулж байна. Хоёр жилийн хугацаанд хийсэн ажлыг товчхон ярихад л ийм.
Ардчилсан намын дэвшүүлсэн чухал зорилтуудад “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөр багтдаг
-Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг Боловсрол, шинжлэх ухаан, Байгаль орчин, Эрүүл мэндийн яамтай нэгтгэе гэх саналыг УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан ч олонхийн саналаар хүлээж авсангүй?
-Монгол Улсад Спорт, аялал жуулчлалын яам зайлшгүй байх ёстой. Нэг номерт байх ёстой яам. Монгол чинь жижигхэн улс шүү дээ, ний нуугүй хэлэхэд. Газар нутаг томтой ч хүн ам цөөтэй. Нийгэм, эдийн засгийн хүчин чадлын хувьд дөнгөж хөгжиж эхэлж байгаа улс. Бусад улс оронтой нийгэм, эдийн засгаараа, цэрэг зэвсгээрээ өрсөлдөхөд хаана нь ч хүрэхгүй. Дэлхийд Монгол гэдэг нэрийг дуурсгаж, харуулах гол боломж юундаа байгаа юм гэхээр соёл, спорт л байна.
Азийн Инчоны наадмаар бид юугаараа бахархав, спортынхоо амжилтаар л бахархлаа. Дэлхийд бахархаж байгаа нэг үзүүлэлт нь юу байна, соёл урлаг. Өөр юугаар бахархах юм. Бид хэрвээ хөгжье, улс орноо дэлхийд нэртэй хүндтэй өв уламжлалаа хадгалсан хүчирхэг тийм улс байлгая гэж бодож байгаа бол нэн тэргүүнд соёл, өв уламжлал, спортоо л хөгжүүлэх ёстой.
Тэгж байж дэлхийд Монгол гэдэг чинь чансаатай улс шүү, удамтай улс шүү гэдгээ харуулна. Жишээ нь, сая Азийн наадамд боксоор өрсөлдсөн нэг тамирчных нь амжилтыг луйдвардахад нөгөө нь алт аваад ирлээ. Багийн спортоор сагсан бөмбөгийн баг шалгарч анх удаа наймд шалгарлаа.
Олимпоос Монголын тамирчин алтан медаль авч байна. Энэ бүхэн шууд бус утгаараа төрийн бодлого, төрийн анхааралд орж, тодорхой хэмжээний дэмжлэг авсны илрэл. Огт бодлоггүй, дэмжлэггүй бол хэцүү. Спортынхон, соёлынхон ярьдаг “Бие даасан яамтай байх нь маш чухал аа” гэж... Аль нэг яамны хавсарга болохоор хаягддаг байхгүй юу, анхаарлын хоёрдугаарт бичигдээд л эхэлдэг.
-Засгийн газрын бүтцийг баталсны дараа нэр бүхий яамдыг удирдах сайд нарын нэрийг санал болгоно. Энэ үед “Шонхор” фракцийн Уул уурхайн сайдын квот танагдаж болзошгүй байгаа?
-Шулуухан хэлэхэд “Шонхор”-ын хувьд байгаа байр сууриа хэвээр хадгалах бодол бий. Хэн нэгний юм булаагаад юм уу, хэн нэгэнд булаалгаад байх сонирхол бодол алга. Ер нь бол бүтцийн өөрчлөлт хийж болно, нэг нам дотроо хэдэн ч фракцитай байж болно. Гэхдээ нам дотроо асуудлаа ярьж чаддаг, ойлголцож чаддаг байх ёстой. Тэгж байж л нам байна шүү дээ.