Я.Содбаатар: Бүрэлдэхүүний асуудал хариуцлагатай хамт байгаасай
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газрын бүтцийн асуудлыг УИХ-ын чуулганаар баталлаа. Шинэ бүтцийн талаар та болон танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
Энэ удаагийн УИХ-ын намрын чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх саналаа танилцууллаа. Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг тодорхой байр сууриа илэрхийж, УИХ-ын нэгдсэн чуулганд бүлгээс баримталж байгаа бүтэц бүрэлдэхүүний талаар байр сууриа илэрхийлсэн. Үүнээс гадна УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр бүтэц, бүрэлдэхүүний талаар тодорхой саналууд гаргасан.
Ер нь бол энэ удаагийн Засгийн газар байгуулагдах цагаасаа эхлээд хэтэрхий данхар, том бүтэцтэй, олон жил явсан Монголын төрийн салбар хоорондын бодлогын уялдаа, холбоог алдагдуулсан, фракц, эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдэд зориулсан, тэдний амыг хаах гэсэн зарчимтай байна гэдгийг бид хэлсэн.
Тийм учраас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүтэц, бүрэлдэхүүнээ багасгаач, зөв гольдролд нь оруулаач, төрийн албаны шинэчлэл, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах талаар ажиллаач гэдгийг манай намын зүгээс байнга хэлж, олон санал, санаачилгуудыг гаргаж байсан. Нэг талаасаа УИХ дахь МАН-ын бүлгийн санаачилга, нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгч гэх зэрэг бусад институциудын шахалтаар Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлтийг оруулж ирж байна л даа.
Дургүйд хүчгүй гэгчээр энэ удаагийн оруулж ирсэн бүтэц нь эргээд л нам доторх дөрөв, таван фракцийнхаа эрх ашгийг хангах, улс төр, бизнесийн бүлэглэлийнхний сонирхлыг шингээсэн шинж чанартай байна. Яг тооцоо судалгаатай, Монгол төрийн ажлыг үнэхээр зөв явуулчихъя гэсэн зүйл алга байна.
Яг тооцоо судалгаатай, Монгол төрийн ажлыг үнэхээр зөв явуулчихъя гэсэн зүйл алга байна.
-Засгийн газар нэгэнт бүтцийн өөрчлөлт оруулах гэж байгаа юм бол ийм байдлаар хийе гэдэг саналуудаа намын бүлгүүдээс илэрхийллээ. Хэлэлцүүлгийн явцад МАН-ын бүлгээс оруулж ирээд, дэмжигдсэн санал байна уу?
МАН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны ажил үүргийг холбогдох газруудад нь зөв зохистой байршуулъя гэдэг саналаа илэрхийлсэн. Бид татан буулгах тухай яриагүй. Өнөөдөр гурван салбар нэгдээд нэг яам болчихсон байна.
Эргүүлээд энэ гурван салбарын уялдаа холбоог хангахгүй бол тодорхой хүмүүс, жишээ нь соёл, спортынхны эрх ашиг хөндөгдөж байна гэсэн зүйлийг ярьсан. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн. Харамсалтай нь УИХ-ын чуулган дээр дэмжигдэж чадсангүй. Хоёрдугаарт, Ерөнхий сайд бүтэцдээ хоёр шадар сайдтай байх асуудлыг оруулж ирсэн. Үүнийг манай намын бүлэг дэмжээгүй. Энэ санал чуулган дээр дэмжигдсэн.
Цаашдаа хоёр шадар сайдтай биш нэг шадар сайдтайгаа явахаар болж байх шиг байна. Гуравдугаарт, бид Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг нэгтгэе гэсэн. Харамсалтай нь мөн л дэмжлэг авч чадсангүй. Ер нь сүүлийн үед салбарын ажлыг унагаая гэхээрээ яам байгуулдаг болсон байна. Хөдөлмөрийн яам байгуулагдаад хөдөлмөр эрхлэлтийн асуудал улам орхигдоод, олон компаниуд цомхотгол хийж байна.
Ер нь сүүлийн үед салбарын ажлыг унагаая гэхээрээ яам байгуулдаг болсон байна.
Соёлын яам байгуулагдаад соёлын салбар хаягдаж, байгуулагдсанаасаа хойш нэг динозаврын яс ярьсаар байгаад л таарлаа. Тэгэхээр энэ бүхэн юуг хэлээд байна вэ гэхээр үнэхээр тооцоо судалгаатай, өнөөдрийн Монгол Улсад төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад Засгийн газар ямар бүтэцтэй байх вэ гэдэг асуудал. 100-аад жилийн өмнө таван яамтай байсан.
Тэрнээс хойш янз бүрийн л яамтай байж ирлээ. Одоо тэгвэл өнөөгийн хөгжил дэвшил, эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад хэдэн яамтай байх ёстой юм. Тэр нь ямар чиг үүрэгтэй байх юм гэдгийг судалгаа тооцоонд үндэслэн тогтох ёстой. Тэгээд яамд тогтвортой үйл ажиллагаагаа явуулах нь хамгийн чухал гэж үзэж байгаа.
-Төрийн залгамж чанар гадаад бодлого хамгийн чухал гэдэгтэй улстөрчид санал нийлэх байх. Сая бүтцийн өөрчлөлтөөр ГХЯ маань Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам гэдэг нэртэй болчихлоо. Ингэж нэрлэгдсэнээрээ гадаад бодлогын чиглэлд тодорхой өөрчлөлт орох болов уу. Ер нь яамны нэрийг ингэж өөрчилснөөр салбарын бодлогод ямар ахиц, дэвшил гарах бол?
Гадаад харилцааны яам гээд байдгаараа байх боломжтой. Зүгээр л сайдыг нь өөрчлөх гээд л ийм зүйл хийж байгаа юм. Үүнд нууж, хаагаад байх зүйл байхгүй. Л.Болд таалагдсангүй, тэгээд сайд нь өөрчлөгдөнө. Сайдыг өөрчлөхийн тулд нэр өөрчлөх шаардлагатай. Ийм л үйл ажиллагаа явж байгаа юм.
Үүнд нэг их бодоод, тооцож судлаад л, сүйд болох зүйл байхгүй. Үнэхээр тооцож, судалсан, мундаг юм бол тэгээд хамгаалах нь яасан юм. Чуулганы индэр дээрээс Ерөнхий сайд нь өөрөө хүртэл мэдэгдээд байгаа шүү дээ. “Бид тооцоо судалгаа хийгээгүй ээ” гээд. Төсөв хэр хэмнэгдэх юм гээд асуухаар “Мэдэхгүй” гэж байгаа.
-Сайд нь таалагдаагүй учраас яамных нь нэрийг өөрчиллөө гэж байна. Гэтэл Ерөнхий сайд мэдэгдэхдээ нэгтгэгдэж байгаа яамдын ажлын хүрээнд олон шинэчлэл хийгдсэн гэж байгаа шүү дээ. Зам тээврийн салбар, барилгын салбарт олон ахиц дэвшил гарсан гэж байсан. Тэр бүгд нь таныхаар бол худлаа гэсэн үг үү?
Хэрвээ сайн явж байгаа юм бол, яагаад сайн байгаа салбарыг яагаад нэгтгэнэ гэж. Үнэндээ өнөөдөр сайн явж байгаа салбар нэг ч байхгүй шүү дээ. Эдийн засаг хүнд байна. Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан зорилго нь юу байсан юм. Бонд аваад, өр тавих гэж үү, үгүй. 20 жилийн дунд хугацааны, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг гаргая.
Урт хугацааны бодлогогүй учраас хөгжлийн бодлого хоёр, эсвэл дөрвөн жилээр өөрлөгдөөд, савлаад байна. Тийм учраас урт хугацааны бодлогыг гаргаад, яам хоорондын уялдааг хангая гэдэг зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулсан. Тийм зүйл хийгдсэн үү, нэг бичиг баримт өөрчлөгдсөн үү, үгүй. 2008 онд батлагдсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичиг өнөөдөр яг хэвээрээ байгаа.
Урт хугацааны бодлогогүй учраас хөгжлийн бодлого хоёр, эсвэл дөрвөн жилээр өөрлөгдөөд, савлаад байна.
Нэг үг, үсэг ч нэмэгдээгүй. Өнөөдөр Үндэсний хөгжлийн хөтөлбөр боловсруулъя гээд гурван бүлгийн даргын ахалсан ажлын хэсэг ажиллаж байна. Эндээс нэг цаас ч гарч ирээгүй. Гэтэл тэр яам нь яагаад татан буугдаж байгаа юм. Хариуцлагаас бултаж байгаа л асуудал. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам өнөөдөр асуудал нь шийдэгдчихсэн салбар уу. Бас л үгүй шүү дээ. Яг шийдсэн ажил их ховор.
Автозамууд тодорхой хэмжээнд ашиглалтад орсон. Гэхдээ энэ бол хоёр Засгийн газрын дамнаж хийж байгаа ажил. Зам бол нэг өглөө босоод хийчихдэг ажил биш. Улаанбаатар хотод “Гудамж” төслийн хүрээнд хэтэрхий өндөр үнээр хэдэн уулзвар засаж байгаа. Уг нь хийх ёстой ажил, гэхдээ хэтэрхий өндөр үнээр хийж байна. Энэ мэт ажлууд хүмүүст таалагдаж л байгаа. Гэхдээ Гудамж төслийн хүрээнд хийгдсэн замуудын нэг ширхэг ч тендер Зам тээврийн яаман дээр явагдаагүй. Бүгд Эдийн засгийн хөгжлийн яаман дээр хийгдсэн ажил.
Яг энэ асуудлуудаа багцлаад ярьсан зүйл байхгүй. Тайлбарлаж байгаа тайлбараасаа авахуулаад зөрчилдөөнтэй байна л даа. Үнэхээр болохгүй байгаа газар, болохгүй байгаа системийг янзлахын тулд бид бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх ёстой гэж харж байгаа. Үүнийг хийх хэд хэдэн шалтгаан байна.
Нэгдүгээрт, бүтэц бүрэлдэхүүн хэтэрхий данхайсан байна. Хоёрдугаарт эдийн засаг хүндрэлтэй байгаа үед төр хяналт шалгалтаа нэмэгдүүлж, татварын төрлөө нэмэгдүүлж байснаас төр өөрийнхөө бүсийг чангалж, цомхон, чадварлаг болох ёстой. Ийм хүлээлт нийгэмд ч байсан, бидэнд ч байсан.
-Энэ өөрчлөлтөд сайшааж болох шийдэл байна уу?
Чих нь хульхиар дүүрчихсэн, бөглөрчихсөн байсан төрийн чих бага ч болов онгойж байгаа юм байна. Гэхдээ яаж хийх аргаа олохгүй байх шиг байна. Ядахдаа нэг 10 гаруй дарга, цэргийн автомашины зардал хэмнэгдэх байлгүй дээ. Янз бүрийн яам, тамгын газар гээд том том байшинд 60, 70-аараа очоод суучихсан хүмүүсийн тоо багасаасай л гэж хүсэж байна.
Фракц, бүлэглэлийн хуваагдлаас болж хоёр салчихсан байсан салбарууд эргээд нийлж байна л даа. Эргээд харвал С.Батболд, С.Баяр даргын Засгийн газрын үеийн бүтэцтэй ойртож ирж байна. Үнэхээр Зам тээвэр, Барилга хот байгуулалт хоёрыг хамт байлгахгүй бол олон зүйл дээр хоорондоо зөрчилдөж байгаа.
Энэ мэт салбарууд нь хоорондоо эргээд нэгдэх нь. Бас нэг эерэг үр дүн гараасай л гэж бодож байна. Аль болох л эерэг үр дүн гараасай, зөв болоосой гэж л шүүмжилж байгаа.
Сая өргөн баригдсан төсвөөр бол Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам гээд салчихсан байгаа шүү дээ.
-Одоо шинэ бүтэцтэй ирэх оны төсвийг уяна гэж байгаа?
Шинэ бүтэцтэй ирэх оны төсвийг уяна. Хууль нь тийм юм чинь. Тэгэхээр одоо өргөн барьсан төсвөө татаж аваад, бүтэц,бүрэлдэхүүн батлагдсаны дараа дахин төсвийг өргөн мэдүүлэх ёстой. Төсвийн тухай хууль, бусад холбогдох хуулиудад юу гэж заасан байдаг вэ гэхээр “УИХ-ын гол үүрэг бол Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгийг эргэж зарцуулахдаа зүйл заалт бүрээр нь мөнгөн дүнтэй нь баталж өгдөг.
Сая өргөн баригдсан төсвөөр бол Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам гээд салчихсан байгаа шүү дээ. Одоо эд нарыг нийлүүлээд, багцыг нь өөрчлөөд, зүйл заалтыг тус бүр дээр нь мөнгөн дүнг нь өөрчилнө.
-Шинээр томилогдох сайд нарын тухайд танай намын бүлэг ямар байр суурь баримталж байгаа вэ?
Бид бүлэг дээр ярьж байгаад нэгдүгээрт салбараа мэддэг мэргэшсэн хүн байгаасай гэж хүсэж байгаа. Яагаад гэвэл дараагийн дүн тавих хугацаа ойртойж байна. Салбараа мэдэхгүй, хаа хамаагүй хүн ороод ирж болохгүй. Сая хавар томилогдсон Ш.Түвдэндорж сайд хүртэл УИХ дээр юу ч хариулж чадахгүй байна шүү дээ. Салбараа мэдэхгүй. Тийм учраас салбарынхаа гүнд орж, жаргал зовлонг нь мэдэрч байж асуудлаа шийдүүлэх гэсээр байтал хоёр жилийн хугацаа нь дуусчих гээд байна.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүнийг давхар хийж байгаа хүмүүс болиосой гэж хүсэж байгаа. Энэ асуудлаар хангалттай улстөржилт явагдсан. Хангалттай талцсан. Тийм учраас одоо Н.Алтанхуяг сайд томилуулах сайд нараа ядаж гаднаас оруулж ирээсэй гэж байгаа. Гуравдугаарт, Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг оруулж ирэхдээ хариуцлага тооцох асуудлаа давхар оруулж ирээсэй гэж үсэж байна.