Д.Оюунхорол: Тоогоор тоглосон төсвийн төслийг татан авах хэрэгтэй
Ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан МАН-ын бүлгээс дэд дарга Д.Оюунхоролоор ахлуулсан 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулжээ.
Засгийн газраас өргөн барьсан 2015 оны төсвийн төсөл нь тодорхой хуулиудыг зөрчсөн, Засгийн газрын бүтэц шинээр батлагдсан учраас бүтэц, бүрэлдэхүүндээ тохирсон төсвийг оруулж ирэх шаардлага үүсээд байгааг Д.Оюунхорол гишүүн онцлов. Үүний тулд өргөн барьсан төсвийн төслөө татан авч хуульд нийцүүлэн дахин өргөн барих ёстой гэж үзсэн байна.
МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэлэхдээ "2015 оны төсвийг хэлэлцэхэд УИХ-аас Засгийн газарт тодорхой чиглэлүүдийг өгсөн. Тухайлбал, УИХ-ын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгаж үзэх ёстой. Сангийн сайд Ч.Улаан ирэх оны төсөвт реформ хийнэ гэж мэдэгдэж, цалин тэтгэврийг 2.5 дахин нэмэгдүүлэхэд 500 тэрбум төгрөг суулгасан гэсэн.
Гэтэл энэ мөнгөөр цалин тэтгэврийг 2.5 дахин нэмэх ямар ч боломжгүй, энэ мэтээр тоон дээр тоглож ард иргэдээ тохуурхдаг ийм сэтгэхүйгээ зогсоох шаардлагатай. Ирэх оны төсөвт ам.долларыг 1750 төгрөгөөр тооцсон байх юм. Энэ жилийн төсөвт 1340 ам.доллараар тооцсоноос болж баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид, ард иргэд асар их хохирол амссан.
Тиймээс ам.долларын ханшийг бодит тоотой уялдуулж тооцохыг бид шаардаж байна. Мөн "Эзэн-100" хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ төсөвтэй холбоотой үүргээ Засгийн газар хэрхэн биелүүлсэн болон орлого зарлагатай холбоотой мэдээллийг авна" гэлээ.
МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Эзэн 100" хөтөлбөрийн үр дүн хангалтгүй байсныг онцлоод "Ерөнхий сайдаас ирсэн энэ талаарх тайланг нягтлан үзэж байгаа. Төсөв санхүүгийн хувьд хуудуутай, бусдын хийсэн ажлыг хуулбарласан ноцтой асуудал олон байгаа. Энэ мэт асуудлаар бид байр суурь, дүгнэлтээ удахгүй хүргэх болно" гэлээ.