Ж.Эрдэнэбат: Үргүй зардал гаргаагүй бол цалин, тэтгэврийг 30 хувь нэмэх бүрэн боломж байж
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.06.26/ үдээс өмнөх хуралдаанаар “Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.
УИХ-ын гишүүд Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан болон Үндэсний аудитын газрын дүгнэлттэй холбогдуулан Засгийн газрын гишүүд, Аудитын газрын холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын байр суурийг хүргэж байна.
2013 оны төсөв төлөвлөлтөөсөө эхлээд л алдаатай болсон гэдгийг бүгд хэлж байгаа. Цаашдаа Ч.Улаан сайд үүнийгээ засна гэдгээ хүлээв зөвшөөрч байгаа. Аудитын байгууллага ямар нэг дарамт шахалтгүй санал, дүгнэлтийг сайн гаргасанд талархалтай байна. Цаашид төсвийн үргүй зардлыг хэрхэн бууруулах вэ гэдгийг хаана хаана ярих ёстой.
Жишээ нь 147 тэрбум төгрөгийн зөрчил дутагдлыг аудитын байгууллага илрүүлж, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцож байгаа гэж Аудит хэлж байгаа. Энэ 147 тэрбум дээрээс нь 5.7 тэрбумын шатахуун, унаа машин унах эрхгүй 222 албан хаагчдад авч өгсөн машин, хэрэглэсэн шатахуун, сэлбэг хэрэгсэл гээд зардлыг тооцоод үзвэл төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг 30 хувийн нэмэгдлийг бүрэн хийчих боломж байсан.