Хуулийн байгууллагын урсгал зардлыг хамаагүй танаж болохгүй
Байнгын хорооны хуралдаан
2014.06.27

Хуулийн байгууллагын урсгал зардлыг хамаагүй танаж болохгүй

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2014.06.27/ хуралдан Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнийбайгууллагуудын төсвийн гүйцэтгэлийн тайланг Сангийн сайд Ч.Улаан, тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад танилцуулсны дараа гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Хууль сахиулахын их сургуулийн барилгын ажлын талаар тодруулсан бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль зүйн салбарын урсгал зардал хүрэлцэж байгаа эсэх, түүнийг танаснаар ямар бэрхшээл учирч байгааг тодруулсан.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн тайлбарласнаар, Хууль сахиулахын их сургуулийн барилгын ажил 2013 онд эхэлж маш эрчимтэй явж байсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод энэ онд ч ашиглалтад орох бололцоогүй болсон байна. Хууль зүйн салбарын урсгал зардал танагдахаар хууль сахиулж буй цагдаагийн ажилтнууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарын машин бензингүй, цагдаагийн ажилтнууд, хил хамгаалагчдын хувцасны зардал байхгүй болдог хэмээн Хууль зүйн сайд хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, жилийн жилд төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхдээ өнгөц хандаж ирлээ гээд төсвийн гүйцэтгэлд хяналт тавих нь тун чухал хэмээн онцолсон. Тэрбээр, Хуулийн байгууллагын урсгал зардлыг хамаагүй танаж болохгүй хэмээн нэмж хэлсэн. Байнгын хороо дээрх асуудлыг ийнхүү хэлэлцээд санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо