Ч.Улаан: Ирэх сараас төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй
Сангийн сайд Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сангийн сайдын хувьд эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн 100” хөтөлбөр хэр үр дүнтэй байсан гэж бодож байна вэ. Олон нийт цаг үрсэн дэмий ажил гэж яриад байгаа шүү дээ?
Үр дүн гаралгүй яах вэ. Цаашдаа ч гарах болно. Энэ хугацаанд эдийн засгийг, ялангуяа хувийн хэвшил бизнесийн салбарыг идэвхжүүлэхэд чиглэсэн олон чухал арга хэмжээ авсан.
Сангийн яам л гэхэд 12 хууль батлуулж, гурван тогтоол гаргасан байна. Энэ бүхэн маань ч бүрэн утгаараа хэрэгжээд эхэлчихсэн. Цаашид бидний хийсэн ажлууд үр дүнгээ өгч, Монголын эдийн засгийн эрчимжилт нэмэгдэнэ.
Зөвхөн сүүлийн хоёр сард л гэхэд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үзүүлсэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ өмнөх жилийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдлээ. Энэ бол жижиг, дунд үйлдвэрүүдийн бүтээмж тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг. Энэ мэтчилэн өнгөрсөн хугацаанд шийдсэн олон ажил цаашид үр дүнгээ өгнө.
-Есдүгээр сарын байдлаар улсын төсөв хэр байгаа вэ?
Сар дөнгөж дундаа орж байгаа болохоор энэ сарын дүн гарах болоогүй. Улсын төсвийн орлогын бүрдүүлэлт 80 гаруй хувьтай явж байна. Харин өмнөх найман сарын дүн гарсан. Төсвийн орлого бодитой шалтгаанаар тасалдаж байгаа.
Сангийн яам л гэхэд 12 хууль батлуулж, гурван тогтоол гаргасан байна.
Үүнийг нөхөхийн тулд бололцоотой бүхий л арга хэмжээг авч байна. Хамгийн гол нь хуулийн хүрээнд бизнесийн салбарт дарамт учруулахгүйгээр төсөв болон хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх бололцоог нь хангаж ажиллах ёстой.
-Төсвийн алдагдлыг тодорхой тоогоор илэрхийлбэл?
400 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлогын тасалдал гарсан.
-Үүнийг нөхөх боломж бий юу?
Оны эцэст бид үүнийг нөхөж чадахгүй. Дэлхийн эдийн засгийн байдал, хоёр хөршийн маань гадаад худалдааны идэвхжил төдийлэн сайн биш байгаа учраас үлдэж буй хугацаанд энэ хэмжээний орлогыг нөхөж чадахгүй. Харин гарч болох тасалдлыг аль болох бага байлгахын тулд боломжтой бүхнийг хийнэ.
-Тэгвэл төсвийн тодотгол гэдэг зүйл бас л яригдах нь ээ?
Орлого ийм их хэмжээгээр тасалдаж байгаа учраас ирэх сараас төсвийн тодотгол хийхээс өөр аргагүй болж байх шиг байна. Орлогодоо тааруулж, зарлагаа оновчтой зохицуулах ёстой.
Өмнөх шиг хүн амьтнаас зээлж, урьдчилж аваад өр болгоод тараачихдаг фракцын алдааг бид давтахгүй. Тиймээс төсвийн тодотголыг орлого, зарлагыг уялдуулах чиглэлд хийх байх.
-Аль салбарт орлогын тасалдал илүү байгаа вэ?
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогууд тасалдсан. Үүнийг дагаад аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар ч тасалдсан байгаа.
-Засгийн газар шинэ бүтэц, зохион байгуулалтын талаар ярилцаж байна. Яамдын тоог цөөлж, сайд нарыг сэлгэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
400 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлогын тасалдал гарсан.
Энэ мэтээр таамаглаж ярих нь хүмүүсийн эрхийн асуудал. Харин Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал нь Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхэд байдаг. Тиймээс зөвхөн Ерөнхий сайд өөрөө боловсруулж, УИХ-д оруулдаг.
Өнөөдөр Ерөнхий сайдын бодлого, чиглэл бүрэн хэмжээгээр тодорхой болоогүй байна. Тиймээс урьдчилсан таамаглал хэлэх нь цуурхал тараасан хэрэг болно.
-Гэхдээ яамдыг цөөлж, орон тоог багасгах нь зөв юм биш үү?
Ер нь төсвийн зардлыг хэмнэх, хэмнэлтийн горимд шилжүүлэх арга хэмжээг дорвитой авах ёстой. Энэ хүрээнд ажлын байрны давхардлыг арилгах, орон тоо, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох хэрэгтэй.
Аливаа асуудлыг шийдвэр гарсны дараа дүгнэх хэрэгтэй. Түүнээс боловсруулагдаж байгаа үед янз бүрийн зүйл ярих нь эрч хүчийг нь сулруулах, магадгүй эцсийн шийдвэрт нь сөргөөр нөлөөлөх үр дагавартай учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй.