Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэрийг хүлээн авлаа.
2014.10.07

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2014.10.06/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчноён Роберт Шоэллхаммэр Байнгын хорооны даргыг хүлээн авч уулзсанд талархаад манай улсад хэрэгжиж байгаа “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг сайжруулах төсөл” болон Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-үүдийн талаар танилцууллаа.

Дархан хотын төвлөрсөн цэвэрлэх байгууламж нь 1965 онд байгуулагдаж 1987-1990 онд өргөтгөл хийгдсэн боловч тоног төхөөрөмж нь хуучирч, эвдрэл гэмтэл гарсан байна. Цэвэрлэх байгууламжийн эвдрэлээс үүдэж гүйцэд цэвэрлэгдээгүй бохир ус гүний ус болон Хараа гол руу хаягдсаар байгаа аж. Тиймээс ирээдүйд үүсэх эрэлтийг хангах, шинээр байгуулагдах аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчны тогтвортой байдлыг хадгалах зорилгоор цэвэрлэх байгууламж, бохир усны системийг шинэчлэх нь тулгамдсан асуудал болоод байгааг танилцуулав.

Харин “Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг сайжруулах төсөл” нь Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх ур чадварыг сайжруулах замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэнМэргэжлийн боловсрол сургалтын  тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд үндэсний хэмжээнд доод тал нь 20 мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага, 30 ерөнхий боловсролын сургуулийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, сургалтын хөтөлбөр, стандартууд боловсруулан хэрэгжүүлэхээс гадна багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх юм.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Монгол Улсын боловсролын салбарт төдийгүй эрүүл мэндийн салбарт чиглэсэн төсөл хөтөлбөр  хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг онцлоод цаашид энэ талаар анхаарч ажиллахыг хүсэв.

Тэрээр хэлэхдээ “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монгол Улсад ядууралтай тэмцэх асуудал мөн чухлаар тавигдаж байна. Ядуурлыг бууруулахын тулд иргэнээ боловсруулах явдал чухал гэж үзэж байна. Дараа дараагийн төсөл хөтөлбөрүүд эдгээр асуудлуудыг чиглэх хүлээлттэй байна” гэв.

Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчноён Роберт Шоэллхаммэр, эрүүл мэнд болоод  боловсролын салбар нь аливаа улс орны тэргүүлэх салбарууд хэмээн онцлон тэмдэглээд цаашдын төлөвлөгөөндөө энэ талаар тусгаж, анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Энэхүү уулзалтын дараа УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар ноён Роберт Шоэллхаммэрийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Роберт Шоэллхаммэр Байнгын хорооны даргад Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар танилцуулж харилцан санал солилцов.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар, Байнгын хороо аливаа зээл, тусламжийн зарцуулалтад ихээхэн анхаарч хяналт тавин ажиллаж буйг онцлоод төслүүдийн талаар мэдээлэлтэй байгаагийн зэрэгцээ төслийг хэрэгжүүлэхэд байнгын хорооноос дэмжиж ажиллахаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.