Баянгол дүүргийнхэн багш ажилчиддаа хүндэтгэл үзүүлнэ
Дэлхийн багш нарын баяр, Монголын багш нарын 48 дахь удаагийн баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэстэй хамтран өнөөдөр 16:30 цагт “Улаанбаатар палас”-т дүүргийнхээ багш, сурган хүмүүжүүлэгч нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхээр болжээ.
Уг хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Боловсрол, Шинжлэх ухааны яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Ц.Алтанцэцэг, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо нар болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчид, цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш, ажилтан, сурагчид оролцох юм.
Мөн боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа шилдэг Тэргүүний байгууллага, багш нарыг Төрийн одон медаль, БШУЯ-ны шагнал, ХАХНХЯ-ны шагнал, Жуух бичиг, Нийслэлийн Боловсролын газрын болон Баянгол дүүргийн Засаг даргын шагналаар шагнах хүндэтгэлийн арга хэмжээ болно.
Түүнчлэн Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар 2013-2014 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг Ерөнхий шалгалтанд амжилттай бэлтгэсэн 10 багш, нэг сургуулийг шалгаруулж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.