АЖДХ нь ОХУ-ын Автодаатгагчдын холбоотой хамтран ажиллах тухай санамж бичиг зурлаа
Санамж бичигт ОХУ-ын АДХ-ны Ерөнхийлөгч П.Бунин, АЖДХ-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар гарын үсэг зурлаа.
2014.07.18

АЖДХ нь ОХУ-ын Автодаатгагчдын холбоотой хамтран ажиллах тухай санамж бичиг зурлаа

ОХУ-ын Бүх Оросын Даатгачдын Холбоо болон ОХУ-ын Автодаатгагчдын Холбооны урилгаар 2014 оны 6 дугаар сарын 2-7-ны өдрүүдэд Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав болон тус Холбооны даатгалын сангийн захирал М.Өлзийбат нар Москва хотноо ажлын айчлал хийлээ.

Дээрх айчлал нь гурван хэсгээс бүрдсэн болно. Айлчлалын эхний хэсэг нь АЖДХ нь ОХУ-ын Автодаатгагчдын холбоотой /АДХ/ хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулах явдал байв.

Санамж бичигт ОХУ-ын АДХ-ны Ерөнхийлөгч П.Бунин, АЖДХ-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн дагуу талууд Жолоочийн хариуцлагын даатгалын арга зүй, аргачлалын талаар харилцан туршлага, мэдээлэл солилцох солилцох чиглэлээр хамтран ажиллах, онол практикийн хамтарсан судалгаа явуулах, семинар болон бусад сургалт, судалгааны арга хэмжээг хамтран зохион байгуулах, мөн мэргэжлийн боловсон хүчин сургах болон хамтын ажиллагааны бусад арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

ОХУ-ын АДХ нь ОХУ-ын 2002 оны 4 дүгээр сарын 25ны өдрийн “Тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэний жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай” хуулийн дагуу 2002 оны 8 дугаар сарын 8- ны өдөр даатгалын 48 компанийг гишүүнд багтаан байгуулагдаж 2002 оны 10 дугаар сарын 14 ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

Айлчлалын хоёр дахь хэсэг нь тус улсын Дотоод хэргийн яамны Гадаад харилцааны хэлсийн дарга Дмитрий Митрошин, Сангийн яамны Даатгалын үйл ажиллагаа зохицуулалтын хэлтсийн дарга Дмитрий Андреевич Никульшин, Төв банкны Даатгалын зах зээлийн газрын дарга Жук Игорь Николаевич нартай уулзаж хоёр улсын даатгалын зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцаж, харилцан мэдээлэл солилцлоо.

Олон улсын даатгалын 12 дугаар хуралд оролцлоо

Мөн энэхүү уулзалтын үеэр Төв банкны Даатгалын зах зээлийн газрын дарга Жук Игорь Николаевичийг манай улсад айлчилж, даатгалын зах зээлийн хяналт тавих арга барилын талаар санал солилцохыг урьсан болно. Айлчлалын гурав дахь хэсэг нь Бүх оросын даатгагчдын холбооны урилгаар жил бур зохион байгуулагддаг Олон улсын даатгалын 12 дугаар хуралд оролцлоо.

Энэхүү хуралд Герман, Казахстан, Белорусь, Франц, Монгол улсын болон тус улсын зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг даатгалын салбарын 278 төлөөлөгч оролцлоо.

Тус хуралданаар даатгалын зах зээлийн хөгжил ОХУ болон бусад оронд, Даатгалын зах зээлийн цаашдын чиг хандлага, даатгалын хариуцлага-тулгарч буй хүндрэл, албан журмын даатгалын чиг хандлага, жолоочийн хариуцлагын даатгал, жолоочийн хариуцлагын даатгалын мэдээллийн шинэ үе, хандлага, гаалийн холбооны болон эдийн засгийн нэгдсэн бүсэд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, евроазийн орнуудын даатгалын хяналт шалгалтыг сайжруулах зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдаж хэлэлцсэн болно.

Энэхүү хуралдаанд Монгол улсаас оролцож байгааг нийт хуралд оролцогч нарт албан ёсоор мэдэгдлээ. Тус хуралдааны үеэр Белорусь, Герман,Франц болон ОХУ-ын Албан журмын даатгагчдын холбооны төлөөлөгч нартай уулзаж, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.

Түүнчлэн санхүүгийн зах зээлийн чиглэлээр нийтлэл гаргадаг “Финансы” сэтгүүлд Монгол улсын даатгалын зах зээлийн өнөөгийн байдал болон жолоочийн хариуцлагын даатгалын чиглэлээр АЖДХ-ны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав ярилцлага өглөө. Олон улсын хурал нь ОХУ-ын Бүх даатгагчдын холбооны 20 жил болон даатгалын хяналт шалгалт үүсч хөгжсөний 120 жилийн ойн хүрээнд явагдаж буйгаар онцлогтой болсон.