Г.Батхүү: Зөрчлөөс сэргийлдэг хуультай болно
Хяналтын тухай хуулийн төсөлд иргэд, байгууллагын саналыг хүлээн авах зорилгоор өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хяналтын тухай хууль хоёр удаа УИХ-д өргөн баригдаж хэлэлцэгдээд олонхийн дэмжлэг авч чадаагүй. Дэмжигдэхгүй байгаа шалтгаан нь юу байна вэ?
Хяналтын тухай хуулийг шинэчилснээрээ нийгмийн хүлээлттэй байгаа асуудал буюу хяналтын тогтолцооны өөрчлөлттэй олон асуудлыг шийдэж чадаагүй гэж ажлын хэсэг үзэж байгаа. Ажлын хэсэг Хяналтын тухай хуулийг гурав дахь удаагаа УИХ-аар хэлэлцүүлэхийн тулд бүх аймгийн ИТХ-аар дамжуулж аймаг орон нутгийн саналуудыг авч байгаа.
Аймаг орон нутгаас ирж байгаа саналууд асуудал дэвшүүлсэн байна. Өнөөдөр НИТХ-тай хамтарч Хяналтын тухай хуулийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлэгт иргэд, олон нийтийн байгууллага, хяналтыг хэрэгжүүлдэг төрийн болон төрийн бус олон байгууллагын саналыг сонсч байна. Энэ саналуудыг ажлын хэсэг нэгтгэж дүгнэнэ.
-Одоо бэлтгэгдэж байгаа хуулийн төслийн үзэл баримтлал нь юу вэ?
Хяналтын байгууллага бол зөрчил гаргасны дараа түүнийг таслан зогсоодог, хаадаг, торгодог байх биш урьдчилан сэргийлэх, сургах, зөвлөгөө өгөх, хамтарч ажиллах чиглэл рүү нэлээд оролцсон байгууллага. Мөн Хяналтын байгууллагын бүтэц зохион байгуулалт дээр нэлээд өөрчлөлт хийе гэж бодож байгаа.
Хяналтын байгууллага нь нийгэмд үйлчилж байгаа ард түмэнтэй хамгийн ойр дотны байгууллага учраас тэнд ажиллаж байгаа байцаагч, түүний удирдлагуудыг орон нутгийн оролцоо, бусад олон нийтийн байгууллагатай зөвшилцлөлд хүрсний үндсэн дээр томилдог, тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчийг төрийн албаны тухай хуулийн зарим заалттай уялдуулж, тодорхой шалгуураар оруулах бүтцийг хийнэ.
-Хяналтын тухай хууль нь ямар ач холбогдолтой вэ?
Хяналтын байгууллагын ач холбогдол нь маш өндөр. Хүн болгоны өдөр тутмын үйл ажиллагаанд мэдрэгдэж байдаг. Сүүлийн үед гарч байгаа өвчлөлүүд, нийгмийн дунд болж байгаа олон сөрөг үр дагаврууд нь мэргэжлийн хяналтын тогтолцоо буруу байгаатай холбоотой.
Мөн хүнсний эрүүл ахуйтай холбоотой асуудлуудыг хяналтын байцаагч нар дангаараа үүрдэг биш, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд тэр талаас нь дүгнэлт гаргадаг, тэр дүгнэлтэнд үндэслэж хяналтын байгууллага хамтарч ажиллах нь зүйтэй юм болов уу гэж үзэж байгаа.