О.Баасанхүү: ШӨХТГ-ынхан мэргэжлийн хяналтын ажлыг хийж байна шүү
Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.
Мэргэжлийн хяналтыг Шадар сайдын харъяанд үлдээж, салбарт бүрт нь хяналтын байгууллагыг шилжүүлэх гэж байгаа аж. Энэ хуулийн төсөлд гишүүд нухацтай хандлаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Мэргэжлийн хяналтын газрынхан хүнд суртал их гаргаж байгааг онцлов. Жишээ нь гишүүн Ж.Батзандан “Мэргэжлийн хяналтын газар байрлаж байгаа газраас нь 100 метрийн өмнө баригдаж байгаа барилгад хяналт тавьж чадахгүй, хүний амь нас эрсдүүлсэн.
Яагаад та нар хяналт тавиагүй вэ? гэсэн чинь төлөвлөгөөт хяналт болоогүй байсан юм гэж хээв нэг хариулсан. Бидний нүдэн дээр байшин барилга энд тэндгүй босч байна, зөрчил ч гарч байна. Гэтэл мэргэжлийн хяналтын тогтолцоо байхгүй, таг чиг. Энэ хуулийн төслийг сайжруулахын тулд хэд хэдэн зүйл дээр анхаараач. Нийтийн аюулгүй байдлыг энэ хуулиараа оруулж ирээч.
Харанхуй гудамжинд явж байгаад нохойд уруулсан, таггүй траншейд унаад гэмтсэн, халтиргаатай зам дээр унаж бэртсэн олон мянган иргэд бий. Энэ зохицуулалтыг яагаад оруулж ирэхгүй байна вэ? хэмээн асууж байлаа. Үүнд Д.Тэрбишдагва гишүүн санал нэгтэй байгаагаа илэрхийлээд анхааралдаа авахаа хэллээ. Мэргэжлийн хяналтын тогтолцоогоо нэн даруй өөрчлөх хэрэгтэйг А.Бакей гишүүн анхааруулж байв.
Харин О.Баасанхүү хуулийг үндэслэл муутай, тодорхой бус болжээ гэж шүүмжлэв. Стандарт нь тодорхойгүй байгаа учир энэ хуулийг буцаах хэрэгтэй гэж үзэв. Цаашлаад “Шударга өрсөлдөөн-хэрэглэгчийн төлөө газрынхан Мэргэжлийн хяналтын ажлыг хийж байна шүү” гэлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэбат “Бид яриад, шүүмжлээд байх юм. Харин ажил явахгүй байна. Үүнийг буцааснаар сайжирч боловсруулаад оруулж ирнэ гэдэгт итгэхгүй байна. Тиймээс хэлэлцэхээр шийдээд, УИХ дээрээ хэлэлцье” гэж байлаа.
Ийнхүү 17,20 минут болж ажлын цаг дууссан тул УИХ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг завсарлууллаа. Маргаашийн хуралдаан уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулснаар эхлэх юм.