С.Ганбаатар: Хяналтын хуулийг нууцлах шаардлагагүй
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс даваа гариг бүр мэдээлэл хийдэг уламжлалын дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хяналтын тухай хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Хяналтын тухай хууль нууцлагдмал байна.
Энэ хууль яагаад нууц байна гэдэг нь анхаарал татаж байгаа. Мөн олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулаагүй. Хяналтын гэдэг нь үндсэндээ Мэргэжлийн хяналтын тухай хууль гээд нэр нь хүртэл өөр байгаа. Ер нь аж ахуй нэгжээ дэмжиж, төрийн хяналтыг сулруулах гэсэн байр суурь, бодлого явж байна. Үүнийг бие даагчдын зөвлөлөөс эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл, хүнд сурталыг дэмжихгүй. Хамгийн гол нь хүнс, эмийн асуудал дээр төрийн зүгээс тавих хяналтыг чангатгаж, сайжруулахгүй бол нэгдсэн зохицуулалт орхигдоно.
Үүнээс болж ард иргэдийн дунд хүнс, эмээс болсон өвчлөл, эрсдэл өндөр хэмжээнд байна. Эрсдлийн судалгаа хийнэ гэдэг нэрийдлээр төрийг хүчгүйдүүлэх явдал байж болохгүй. Бие даагчдын зөвлөлийн зүгээс Хүнс, эмийн хяналтын тухай хуулийг зэрэг өргөн барьж байгааг энэ дашрамд мэдэгдэж байна. Энэ хуульд төрийн хяналтыг маш их сулруулсан. Дээр нь нэмээд хэлэхэд, хүнс, эмийн хяналтад дээр тусгайлсан агентлаг байх ёстой.
Энэ бол олон улсын жишиг. Харамсалтай нь энэ хууль парламентын сайд дээр тавигдаагүй байгаа. Гэтэл энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийднэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, нийгмийн хэлэлцүүлэг явуулаагүй" гэв.
Мөн тэрээр хяналтыг ямар байдлаар сулруулж байгаа талаар тодруулахад, "Энэ хуулийг нууц биш, ард иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулах ёстой. Тэгэхээр хуулийн анхны хувилбар дээр тулгуурлаж ярихад, уул уурхай, хүнс, эм, хөдөлмөр, байгаль орчин гэдгийг Мэргэжлийн хяналтад үлдээгээд бусад хяналтыг яаманд өгнө гэж зүйлчилсэн.
Үзэл баримтлалд нь аж ахуй нэгжүүдийг дэмжих гэдэг гоё үгээр төрийн хяналтыг сулруулж, эрсдэлд тулгуурласан хяналт, шалтгалтыг хийнэ гэж нэрлэж байгаа. Мөн улсын байцаагч юу хийх нь тодорхойгүй ийм байдалтай байна гэдэг нь иргэд эрсдэлд орно гэж үзэж байгаа" гэлээ.