Л.Болд: Бид ажиглагчийн байр сууринд үргэлжлүүлэн байх хэрэгтэй
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дэх өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ.
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ ШХАБ-ын хүрээнд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх зорилтоо тодорхойлсноо мэдэгдэж, зарим санал хүсэлтээ дэвшүүлсэн юм.
Юуны түрүүнд Монгол улс харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах хамгийн үр дүнтэй арга гэж тодорхойлж, үүний тулд ажиглагч түнш орнуудыг татан оролцуулах энэ чиглэлээр тусгай хөтөлбөр гарган ажиллах нь ач холбогдолтой гэж илэрхийлсэн.
Түүнчлэн Монгол улс нь эрчим хүчний клуб дэх оролцоогоо бэхжүүлэхээ хэллээ. Бас ШХАБ-ын хүрээнд гурван талын дамжин өнгөрөх тээврийн нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, гурван талт хамтын ажиллагааг байгууллагын хүрээнд үргэлжилж байгаа дамжин өнгөрөх тээврийн торгоны замын бүс, Транс-Сибирь, Байгал-Амарын гол замын дамжин өнгөрөх хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл болон бусад төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах нь бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулна итгэлтэй байгааг илэрхийлсэн юм.
Харин энэ талаар Гадаад харилцааны сайд Л.Болд “Монгол улс бол үндсэн хуулийнхаа дагуу гадаад бодлогоо тодорхойлсон, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай учраас тэр болгондоо тодорхой чиглэлүүдийг гаргаж өгсөн.
Тэр бүү хэл гуравдагч хөршүүдийг зааж өгсөн байдаг. Харин бид үргэлжлүүлэн ажиглагчийн байр суурьнаас бүх хүчээ дайчлан ажиллах ёстой” гэж хэллээ.