Эрүүл мэндийн сайд Н.Удвал ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд Н.Удвал ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Азизов Искандер Кубаровичийг өнөөдөр ЭМЯ дээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд эрүүл мэндийн сайд Н.Удвал ЭМЯ-нд хүрэлцэн ирсэн Элчин сайд ноён Кубаровичд талархал илэрхийлээд, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаанд сүүлийн жилүүдэд гарсан ололт амжилт, хийгдсэн ажлууд, хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч мэдээлэл хийж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргахад хэрхэн ажиллах талаар харилцан ярилцаж, санал солилцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Монгол улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар хооронд эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр 1995 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсанаас хойш одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.
Хэлэлцээрийн заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд хамгийн сүүлд 2007 онд хоёр улсын Эрүүл мэндийн яам хооронд 2007-2010 онд хамтран ажиллах протоколыг шинэчлэн байгуулсан нь 2010 оны эцсээр дуусгавар болсон байна.
Иймд эрүүл мэндийн сайд Н.Удвал 2015 онд ОХУ-ын Эрүүлийг хамгаалахын сайд Вероника Скворцоваг Монгол улсад айлчилж, хоёр яамдын хамтын ажиллагааны протоколыг шинэчлэн байгуулах саналыг холбогдох албаны хүмүүст уламжилж өгнө үү гэж элчин сайдаас хүслээ.
Элчин сайд Кубарович хэлэхдээ, Эрүүл мэндийн сайд таны ОХУ-ын Эрүүлийг хамгаалахын сайд Вероника Скворцоваг айлчлахыг урьсан урилгыг цаг тухайн үед нь уламжилж өгөх болно, дэвшүүлсэн 4 асуудлыг холбогдох хүмүүст танилцуулна гэдгээ мэдэгдлээ.
Мөн Монгол улсын эрүүлийг хамгаалахын салбарт ОХУ-ын Тува, Буриад, Эрхүү муж хамтран ажиллах сонирхол байгааг хэллээ. Тун удахгүй визийн хөнгөлөлт эхлэхээр энэ талын хамтын ажиллагаанд ихээхэн дэм болох нь гарцаагүй гэдгийг ч онцоллоо.
Түүнчлэн өөрийн бүрэн эрхийн хугацаанд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.