Сангийн сайд Ч.Улаан Оросын Холбооны Улсын Төрийн сангийн дарга Роман Артюхиныг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Сангийн сайдын урилгаар Монгол Улсад айлчилж буй Оросын Холбооны Улсын Төрийн сангийн дарга Роман Артюхин тэргүүтэй төлөөлөгчдийг Сангийн сайд Ч.Улаан тус яамны хүндэтгэлийн танхимд 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Ноён Артюхины энэ удаагийн айлчлалын гол зорилго тус яам болон ОХУ-ын Төрийн сангийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах явдал бөгөөд тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх ажлын айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирээд байна.
Уулзалтын үеэр Сангийн сайдын зүгээс ноён Артюхиныг өөрийн урилгыг хүлээн авч хоёр байгууллагын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар хүрэлцэн ирсэнд талархаад, Монгол Улсад тавтай морилж тухтай саатан явахыг хүслээ.
Хэдийгээр ОХУ-ын Төрийн сан болон Монгол Улсын Сангийн яамны бүтэц, зохион байгуулал харилцан адилгүй ч ОХУ-ын Төрийн сан маш урт түүхтэй агуу их туршлагатай байгууллага тул бид цаашид хамтран ажиллаж илүү ойр дотно байхыг хүсэж байгаагаа илэрхийллээ.
Ноён Артюхин Монгол Улсад анх удаа айлчилж байгаадаа сэтгэл өндөр байгаа бөгөөд өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад талархаж байгаа талаар ярилаа. Ноён Артюхин ОХУ-ны Төрийн сангийн зүгээс Монгол Улсын Сангийн яамны ажилтнуудад өөрийн байгууллагын болон ОХУ-ын бусад бүс нутаг, хотуудын төрийн сангуудын туршлагыг танилцуулан хүлээн авахад хэзээд бэлэн гэлээ.
Сангийн сайд Ч.Улаан ирсэн төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав.
Түүнчлэн тэрээр тус байгууллага түүхэндээ анх удаа энэ их өндөр хэмжээнд баримт бичигт гарын үсэг зурах гэж байгаадаа маш их баярлаж байгаагаа илэрхийллээ.
Ийнхүү уулзалт найрсаг бөгөөд харилцан санал солилцсон ажил хэрэгч уур амьсгалд болж өнгөрсөн бөгөөд хоёр байгууллагын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ажил 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх ажлын айлчлалын үеэр Төрийн ордонд зохион байгуулагдах Монгол Улсын ОХУ-тай байгуулах баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны хүрээнд хийгдэх болно.