2014.08.22

Си Зиньпин: Хятад, Монгол хоёр харилцах ашигтай, хамтдаа хожих сайн түнш болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан зарласан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2014.08.22/ боллоо.

Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар байлцав.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпинийг чуулганы хуралдааны танхимд орж ирэхэд Улсын Их Хурлын гишүүд, хүндэт зочид босч хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдааныг Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээж үг хэллээ. Улсын Их Хурлын дарга дараа нь хүндэт зочныг Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд үг хэлэхийг урилаа.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин хэлсэн үгэндээ,/Үгийг бүрэн эхээр нь дээрх бичлгээс үзнэ үү/

“Өнөөдөр Монгол Улсын Их Хуралд зочилж Та бүхэнтэй уулзаж байгаадаа их баяртай байна. Юуны өмнө миний бие Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаа энд байлцаж буй та бүхнээр дамжуулан бүх Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе.

Айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байна

Миний бие Монгол Улсын удирдагч нартай Хятад, Монголын харилцаа болон хамтран сонирхсон асуудлаар гүн гүнзгий санал бодлоо солилцож өргөн хүрээнд тохиролцоонд хүрсэн. Хоёр тал Хятад Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлэх хамтарсан Тунхаглал гаргаж 20 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Айлчлалын үр дүнд сэтгэл ханамжтай байна.

Хятад, Монголын харилцааны ирээдүйд итгэл төгс байна. Морины сайныг унаж мэддэг, хүний сайныг ханилж мэддэг. 65 жилийн өмнө Хятад, Монгол хоёр улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол улс бол хамгийн эрт шинэ Хятад улстай дипломат харилцаа тогтоосон улсуудын нэг мөн” гэлээ.

Үүний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүндэт зочинд хандаж, Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд халуун дотно үг хэлсэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.