Газар тариалангийн тогтвортой хөгжил хөтөлбөрийг боловсруулж байна
ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар
2014.08.28

Газар тариалангийн тогтвортой хөгжил хөтөлбөрийг боловсруулж байна

ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Ариунболдоос газар тариалангийн бодлогын талаар тодрууллаа.

-Газар тариаланг дэмжих чиглэлээр ямар бодлого барьж  байгаа вэ?

Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого 2013 онд батлагдсан. Энэ бодлого 2015 он хүртэл үргэлжлэх ёстой. Үүнээс өмнөх хугацаанд хэрэгжсэн Атрын гуравдугаар аян бол яахын аргагүй манай улсын газар тариаланг хөгжүүлэх томоохон ажлын нэг байсан. Тус аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл, буудайн үйлдвэрлэлийн хөгжлийг сэргээх томоохон алхам болсон юм.

Атрын гурав дах аяны хүрээнд монгол улсын төсвөөс нийтдээ 57 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Техник тоног төхөөрөмж нийлүүлэх, үр тариа хураах комбайн, хөрс боловсруулах машинууд, ургамал хамгааллын бодис болон төрөл бүрийн үрлүүд гээд олон арга хэмжээг зохион байгуулсан.

-Энэ дундаас түлхүү дэмжлэгтэй ямар тариалалт байдаг вэ?

Ерөөсөө л буудай. Монгол улсын стратегийн бүтээгдэхүүн учир буудайн үйлдвэрлэлийг сэргээх нь хамгийн чухал. Үүний дараа төмс хүнсний ногооны үйлдвэрлэл орно.

Одоогийн байдлаар манай улс дотооддоо буудай, төмсний үйлдвэрлэлээ 100 хувь хангаж байгаа бөгөөд бусад ногооныхоо 54 хувийг хангаж байна. Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд буудай төмсний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж буй амжилтаа бататгахын хамт хүнсний ногооны үйлдвэрлэлээ 100 хувьд хүргэх зорилтыг дэвшүүлээд ажиллаж байна.

Мөн л техник тоног төхөөрөмжийг нутагшуулах, хөрсний үржил шимээ сайжруулан шинэчлэх, технологийг нутагшуулах гээд маш өргөн хүрээтэй ажлыг хийж байна.  

-Зарим эрдэмтэд, үйлдвэрлэгчдийн зүгээс ургамлын тосны үр болох рапсыг их хэмжээгээр тарьж, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлвэл ургамлын тосны дотоод хэрэгцээгээ зуун хувь хангаад зогсохгүй, зөгийн аж ахуй, малын тэжээл, биодизель хөгжих боломжтой гэх юм. Энэ тал дээр уг нь төрийн хэмжээнд 1990 оны эхээр бодлого явж ирсэн. Мөн 2003 оны 29-р тогтоолд мөн дэмжихээр заасан байдаг. Эдгээр бодлогын хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ?

Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод ургамлын тосны хэрэгцээний тодорхой хувийг хангахаар тусгасан байгаа. Энэ газар тариаланг сэргээн хөгжүүлэх үйл явцад ээлжлэн тариалах сэлгээгээр рапсын тариалан орж ирж байгааг хэлэх нь зүйтэй.

Рапсын тариаланг дэлхий нийтээрээ ээлжлэн тариалах хэмжээгээр тариалж, талбайнхаа 20 хувиас хэтрүүлэхгүйгээр тухайн жилдээ тариалж, таван жилийн дараа давтан тариалдаг системтэй. Тиймээс бид бүхэн яг л тэр технологийг нутагшуулах шаардлагатай.

Энэ ч үүднээс ҮХААЯ-наас аймгийн засаг дарга нараар дамжуулаад сайдтай хийсэн үр дүнгийн гэрээндээ тухайн бүс нутгийн тариаланчдыг тухайн жилд нийт талбайнхаа 10-15 хувиас хэтрүүлэхгүйгээр рапсыг сэлгээнд тариалахаар заасан. Ийм л бодлогыг барьж ажиллаж байна.

-Яагаад ингээд болгоомжлоод байна вэ?

Хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт манайд рапсыг тариалах нутагшсан технологи хараахан бүрдээгүй. Одоохондоо тариаланчид туршилтийн шатандаа явж байгаа гэж хэлж болно.

Тиймээс нутагшсан үртэй болж зориулалтын техникүүдийг нэвтрүүлэх шаардлагатай. Хаягдал болон хурааж авах технологи гээд олон асуудлыг цогцоор нь авч үзэх учиртай.

Түүнээс гадна рапс хөрсөнд эерэг нөлөөтэй юу, сөрөг үү гэдэгт эрдэмтэд, тариаланчид хоёр хуваагддаг.

 Технологийг горимыг нь зөв бариагүй байж рапсыг хэт муулах нь утгагүй.

Аль ч таримал адилхан хөрснөөс тодорхой хэмжээний шим тэжээлийг авдгаараа  сайн муу нөлөөтэй байдаг. Аль нэг талыг барьж, туйлшрах шаардлагагүй. Рапс өөрөө буурцагт ургамал учраас агаарын азотыг навчаараа аваад хөрсөнд шингээдэг сайн талтай.

Сөрөг нөлөө нь бүдүүн иштэй учир, хураалтын дараа чийгийг ууршуулаад орхичихдог. Тийм учраас нутагшсан технологиор тарьсаны дараа шууд хөрс боловсруулалтыг хийх ёстой. Улаанбуудай ч мөн адил.

 Зарим тариачдын зүгээс технологийн горимыг зөв бариагүй байж рапсыг хэт муулах нь утгагүй санагддаг. Бусад тарималтай зөв сэлгээнд оруулж, зөв харьцаанд тариалах нь зүйтэй.

-Ургамлын тосны томоохон үйлдвэрлэл сэргэж байгаа. Яамны зүгээс хэрхэн дэмждэг вэ?

Томоохон үйлдвэрүүд өсөөд ирэхээр бид түүхий эдээр хангах шаардлага гарна. Үүнд тариалангийн нэг сөрөг давалгаа яваад байгаа юм. Үнэтэй таримал учраас шууд Хятадуудад зарах гээд ашгаа бодон тариалж дотоодын үйлдвэрүүдэд өгөхгүй байх вий гэсэн болгоомжлол байгаа.

Уг нь жилдээ нийт тариалж байгаа талбайнхаа 10-15 хувьд нь рапсаа тариалахад тодорхой хэмжээнд дотоодынхоо үйлдвэрийн хэрэгцээг хангах боломжтой.

Энэ талаар гадны томоохон төсөл хөтөлбөрүүд явж байгаа. Төрөөс баримтлах бодлого 2015 онд дууссаны дараа үргэлжлүүлээд Газар тариалангийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ хөтөлбөрийг бид 2020 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх бодлоготой байнаа. Үүн дотор Үрийн бодлого, Техникийн бодлого, борлуулалтын бодлого бүхэлдээ туссан байгаа.

-Ярилцсанд баярлалаа.