Б.Сэргэлэн: Ногоочдод дэмжлэг хэрэгтэй байна
Энэ жил борлуулалтын асуудал хүнд байгааг ногоочид хэлж байна.
2014.07.29

Б.Сэргэлэн: Ногоочдод дэмжлэг хэрэгтэй байна

Сэлэнгэ аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын газар тариалан, технологи хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сэлэнгээс тус аймгийн тариалалтын талаар тодрууллаа.

-Сэлэнгэ аймаг энэ жил хэдэн га талбайд тариалан тарьж байгаа вэ?

Манай аймаг энэ жил нийт 173900 га-д тариалалт хийсэн. Үүнээс үр тариа 141900 тэжээлийн ургамал 3200, тосны ургамал 28500, төмс 2900, хүнсний ногоо 2100 га-д тариалаад байна.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад үр тариа 2000-3000 га-гаар илүү улаан буудайг 5000-6000 га-гаар бага тариалсан. Харин 110000 га-д уринш тариалж байна. Одоогоор болцын хувьд цэцэглэлт сүүн болцын шатандаа орж уриншийн нэгдүгээр боловсруулалт дуусч удахгүй хоёрдугаар боловсруулалт руугаа орно.

-Танай аймгаар цаг агаар хэр байна. Тарилалтад нөлөөлж байна уу?

-Ихэнх нутгаар түр зуурын бороотой байгаа ч хөрс чийглэх хэмжээний бороо орохгүй байна. Тиймээс Улайнбуудай гандаж магадгүй юм. Харин Сант зэрэг ганц нэг газраар мөндөр цохьсон. Үргэлжлээд бороо орвол ургац сайн авна. Удахгүй хадлан тэжээл бэлтгэх бригадуудын судалгааг авч дуусна.

-Танай аймгийн ногоочид ургацаа хаана борлуулж байна?

-Эрт ургацын төмс хүнсний ногоогоо хураагаад 20 гаруй хонож байна. Ногоочдын олонх нь Улаанбаатар хот руу явж борлуулдаг. Энэ жил борлуулалтын асуудал хүнд байгааг ногоочид хэлж байна. Хотын том зоориуд бүгд эртийн ногоо хураахаас өмнө хятадын ногоогоор дүүрсэн учраас эндээс очсон хүмүүсийн ногоог авахгүй байна.

Авахаараа маш хямд авч байна гэсэн. Уг нь эртийн ногооны үнэтэй зарагддаг үе. Тиймээс ногоочдод цэвэр ашиг бараг гарахгүй. Энэ нь нэг талаараа хүмүүсийн эдийн засгийн хямралтай холбоотой байж магадгүй ч төр, засгийн зүгээс ногоочдоо дэмжих хэрэгтэй байна. Хятадаас орж ирж байгаа хүнсний ногоог багасгаж, үзэсгэлэн худалдаа олон явуулах хэрэгтэй.

-Технологийн хувьд ямар аргаар тариалалт хийж байна?

-Техник технологи өмнөх жилүүдийнхийг бодвол сайжирсан. Уриншийн хоёрдугаар боловсруулалт дуусахаар техник засвар, хүн хүчнийхээ талаар анхаарна. Манай аймгийн хувьд цомхотгосон технологиос тэг технологи руу орно. Хөрсийг маш бага хөнддөг тэг технологийг хэрэгжүүлж байгаа хоёр гурван аж ахуй нэгж бий.