Ж.Эрдэнэбат: Монголдоо үрийн үйлдвэр байгуулах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2014.05.06

Ж.Эрдэнэбат: Монголдоо үрийн үйлдвэр байгуулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрээр манай сайтаар бүтэн жилийн турш экспертүүдээр хэлэлцүүлэгдсэн орон нутгийн хөгжил, хүнс, газар тариалан гэсэн  сэдвийн хүрээнд, экспертүүдийн саналд хариу байр сууриа илэрхийлсэн юм.

-Та газар тариалан хөгжсөн Сэлэнгэ аймгийн засаг даргаар ажиллаж байсан хүн. Хүнс, газар тариалангийн урамшууллын талаар ямар бодолтой байдаг вэ?

Хүнсний ногооны хувьд байдал өөр. Манай улсад дандаа өрхийн зориулалтаар тариалагддаг. Тиймээс төр засгаас урамшууллаа бордоогоор өгч, техник технологи зөөх боломжгүй. Харин мөнгөн хэлбэрээр өгөх нь зөв. Би Сэлэнгэ аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа талбайд нь ногдсон урамшуулалтай байх саналыг яаманд гаргаж байсан. Даанч  2013 онд хэрэгжих боломжгүй гээд хойшлуулсан.

-Импортын хүнсний ногоог багасгах замаар дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж болох уу?

Дотоодын хүнсний ногоог дэмжихийн тулд импортыг багасгана гэдэг нь нэг талдаа зөв. Гэхдээ аливаа хөгжил өрсөлдөөнөөс бий болдог. Бид нар импортын бүтээгдэхүүнийг дарах хэмжээнд үйлдвэрлэлээ явуулах ёстой. Үүний тулд чанартай үрээр тариалах сонголтыг хийх нь чухал. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үрийн үйлдвэр байгуулахаар судалж, газрын асуудлыг нь шийдтэл орон нутгийн хувьд санхүү хүндрэлтэй тул барьж чадаагүй. Хүнсний ногоо тарих сонирхлыг нь төрүүлж, импортын бүтээгдэхүүнийг хаана бооно гэхээс илүү өрсөлдөх чадварыг нь үрээр дэмжих нь ухаалаг.

Хөгжил өрсөлдөөнөөс бий болдог
- Сүүний төвлөрсөн фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэсэн саналыг та дэмждэг үү?

Маш их малтай ч эцсийн дүндээ малынхаа бүтээгдэхүүнийг зуун хувь ашиглаж чадахгүй байна. Дотоодын сүүний хэрэглээний 60 гаруй хувийг импортоор авдаг. Өнгөрсөн жил сүүнд урамшуулал олгох асуудлыг ярьж байсан ч зогсчихлоо.
Манай аймгийн хувьд хуурай сүүний үйлдвэр байсан. Тухайн үед малчид иргэдээс сүүг нь аваад үйлдвэрлэлээ явуулж байсан. Харамсалтай нь зун сүү ихдээд, өвөл байхгүй болчихдог байсан тул эргэлтийн хөрөнгөгүй болоод зогссон. Тиймээс төр засгаас анхаараад зөв бодлого баривал боломжтой. Манай улс аливаа асуудлыг нэг дор цогцоор нь шийднэ гээд зүтгэдэг.

Гэхдээ заавал том том фермийн аж ахуй байгуулах шаардлагагүй.  Бид өнөөдөр бэлчээрийн мал аж ахуйгаас эрхэлсэн цагаан идээгээр монгол улсаа бүрэн хангах боломжтой. Гадны улсууд газрын хомсдлоос болоод суурин фермийн аж ахуйг эрхлэдэг. Бид тэднийг дууриах шаардлагагүй. Зүгээр л одоо байгаа малчдынхаа сүүг авахад л хангалттай.

-Орон нутгийн хөгжилд босоо удирдлагыг халах хэрэгтэй гэж аймгийн ИТХ-ын дарга нар хэлж байсан. Та санал нийлэх үү. Орон нутагт эрх мэдэл өгөх хэрэгтэй гэж тэд үзэж байна?

Миний хувьд аймгийн даргаар ажиллаж байхад орон нутагт тодорхой эрх мэдэл байсан гэж боддог. Харин одоо байхгүй болсон.
Өнөөдөр тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй засаг захиргаа, сум нэгжүүд хоорондоо нэг баг байсан цагт харилцан ойлголцож ажлаа ахиулна. Гэтэл нэг баг болж чадахааргүйгээр дээрээс томилсон байхаар маш хэцүү. Харин ажил төрлөө хийхгүй байгаа хүмүүсийг ажлаас халах эрх засаг даргад нь байдаггүй. Улс төрийн хамгаалалттай учир яаж ч чаддаггүй. Миний үед ч тийм л байсан. Архи уудаг, ажлаа хийдэггүй дарга нарыг халах гэхээр хуулиараа хүртэл хамгаалчихдаг. Тиймээс ард түмнийхээ сонголтоор томилж, буцаан халдаг байх тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.

-Татварын хөнгөлөлт нь хөдөө орон нутаг ЖДҮ эрхлэгчдэд тус нэмэр болох уу. Орон нутгийнхан хөнгөлөлт хүсч байсан?

ЖДҮ эрхлэгчид бол манай улсын нийт ажиллах хүчийг гар дээрээ авч яваа. Татварын хөнгөлөлт гэхээс илүү байнгын шалгалт, хяналт, зөвшөөрлөө багасгах хэргэтэй. Сэлэнгэ аймгийн хувьд ЖДҮ-ийг дэмжих санг байгуулж байсан.
Гурван жилийн хугацаатай зээлийг олгодог байлаа. Мөн эхний нэг жил татвар авдаггүй байсан. Тодорхой үр ашиг олсных нь дараа татвар авах нөхцөлтэй. Зээлийн хүүг бас эхний жил аваагүй. Орон нутаг өөрийнхөө чадал чинээнд таарсан эх үүсвэрийг л гаргаж байсан. Сум болгонд талх нарийн боов үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдийг байгуулах гэж хичээсэн. Одоо зарим сумдын үйлдвэр ажиллаж байгаа.

Ярилцсанд баярлалаа.