Хөнгөн бетоны нийлүүлэлтийн 40 хувийг дотоодоосоо хангана
“Дорнын цас” компанийн хийт хөнгөн бетоны үйлдвэрийн нээлт өчигдөр боллоо.
Үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Манай улс хөнгөн бетоныхоо 60 гаруй хувийг БНХАУ-аас импортолдог.
Үүнийг бууруулж, 30-40 хувийг эх орондоо үйлдвэрлэх зорилгоор “Дорнын цас” ХХК Зас- гийн газрын “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт хамрагдаж жилийн 5.5 хувийн хүүтэй 1.5 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Ингэснээр нийтдээ арван сая ам.доллараар хийт хөнгөн бетоны үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.
Улсын хэмжээнд нийтдээ хөнгөн бетоны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 20 гаруй үйлдвэр бий.
Харин хүний гар ажиллагааг халсан анхны үйлдвэр нь “Дорнын цас”ХХК юм.
Ашиглалтад ороод удаагүй байгаа уг үйлдвэр Монголын хөнгөн бетоны үйлдвэрлэлийг тэргүүлэх зорилго тавин ажиллаж байна. Тус үйлдвэр нь БНХАУ-ын технологийг нэвтрүүлж тэдний туршлагаар үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл хоногт 500 метр куб хөнгөн бетон үйлдвэрлэх боломжтойг аж.
Бүрэн автоматаас гадна энэ үйлдвэр онлайн системийг ч нэвтрүүлжээ. Энэ нь интернэтийн сүлжээтэй дурын газраас үйлдвэрлэлийн үйл явцыг хянах боломжоор хангагдаж байгаа хэрэг юм. Зуурмаг зуурах, зүсэх, хатаах, зөөвөрлөх бүх дамжлагыг техникээр хийх бөгөөд захиалагчийн хүссэн хэмжээгээр хөнгөн бетон үйлдвэрлэх боломжтой юм байна.
Энэ талаар “Дорнын цас” ХХК-ны хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн инженер Д.Сэрээтэр “Хөнгөн бетон үйлдвэрлэх үе шат нь зуурах цех, хөөлгөх цех, жигнэх цех, хэвлэх, савлах зэрэг үе шаттайгаар бэлэн болдог. Манай бетоны үндсэн хэмжээ нь 24, 36, 64-ийн харьцаатай, хоёр см-ийн нарийвчлалтайгаар зүсдэг. Ажилтнууддаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өдөр бүр өгдөг” гэв.
Бетон зуурмаг
Тус үйлдвэр хөнгөн бетон хийхэд хэрэглэдэг станцын үйл ажиллагаанаас гарч буй үнс, элс, цемент, шохойгоо дотоодоос авдаг аж. Мөн хэрэглэсэн усныхаа 98 хувийг дахин ашигладаг аж. Цаашид энэ технологиор тоосго үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
А.Амарсайхан: 60 Хүнийг ажлын байртай болгосон
Үйлдвэрийн нээлтийн үеэр “Дорнын цас” компанийн захирал А.Амарсайханаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Юуны өмнө үйлдвэрийнхээ нээлтийг хийж байгаад баяр хүргэе. Үйлдвэрийнхээ хүчин чадлын талаар танилцуулахгүй юу?
-Манай үйлдвэр хөнгөн бетоны чиглэлийн хамгийн сүүлийн үеийн буюу хийт хөнгөн бетон гулдмай гэсэн технологийг оруулж ирсэн. Монгол Улс жилдээ 700-800 метр. куб барилгын дүүргэгч материал ашигладаг гэсэн тооцоо байдаг.
Манай үйлдвэр жилдээ 100-250 метр.куб бетоныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн үйлдвэрийнхээ бүх тоног төхөөрөмжийг Хятад улсын Шанхай хотын “Жан Суг” группээс технологитой нь оруулж ирснээрээ онцлог.
-Үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Засгийн газраас хэрэгжүүлж буй Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдаж 1,5 тэрбум төгрөгийн зээл авсан.
-Үйлдвэр ашиглалтад орсноор хэчнээн ажлын байр бий болж байна вэ?
-Манай үйлдвэр ашиглалтад орсноороо 60 хүнийг ажлын байраар хангаж байгаа.
-Улирал харгалзахгүй ажиллах уу?
-Өвлийн улиралд түр зогсолт хийнэ.
-Бетон үйлдвэрлэх материалуудын хувьд хангалттай нийлүүлэгдэнэ гэж үзэж байна уу?
-Шохойны хувьд асуудалтай байгаа. Гэхдээ зохицуулалт хийнэ.
-Хөнгөн бетоны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэлээд компаниуд байдаг. Эдгээрээс ялгарах онцлог давуу тал нь юу вэ?
-Манай бетоны үйлдвэр хэмжээний хувьд нарийвчлалтай. Хэрэглэгчдийн захиалсан хэмжээгээр зүсэж өгдөгөөрөө давуу талтай. Хоёрдугаарт цутгасан блокоо босоогоор нь зүсдэгээрээ онцлог.