УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг наймдугаар сарын 22-нд хуралдуулна
Б.Болдбаатар: Ээлжит бус чуулган хуралдуулах асуудал яригдаагүй
2014.08.14

УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг наймдугаар сарын 22-нд хуралдуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Хүндэтгэлийн чуулганыг хуралдуулах УИХ-ын даргын захирамж гарсан байна. Энэ талаар өнөөдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн дагуу гадаадын өндөр дээд зочин УИХ-ын нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр бол хүндэтгэлийн хуралдааныг зарлан хуралдуулна гэж заасан байдаг аж. Үүний дагуу УИХ-ын даргын захирамж гарч, хүндэтгэлийн хуралдааныг наймдугаар сарын 22-нд хуралдуулахаар шийдвэрлэжээ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүндэтгэлийн хуралдаан болон ээлжит бус чуулганыг хуралдуулах эсэх талаар УИХ-ын даргын зөвлөл хуралдана гэх худал мэдээлэл цацагдсан байна.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар тус мэдээллийг үгүйсгэж, “Хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулах уу, үгүй юу гэдэг асуудлыг УИХ-ын даргын удирдах зөвлөлөөр хэлэлцдэггүй. УИХ-ын даргын зөвлөл бол ээлжит болон ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох ажлын уялдаа холбоог хангах зэрэг асуудлуудыг хэлэлцэх эрх үүрэгтэй байдаг” гэв. Ээлжит бус чуулган хуралдах эсэх талаар түүнээс тодрууллаа.

-Зарим гишүүд ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах уриалга гаргасан. Ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар яригдаагүй гэж ойлгож болох уу?

-Ээлжит бус чуулган хуралдуулах асуудал яригдаагүй байгаа. Ээлжит бус чуулганыг УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачлагаар хуралдуулна гээд хуульд заачихсан байдаг.

М.Зоригт гишүүн, С.Дэмбэрэл гишүүний уриалгыг хуульд заасны дагуу бусад гишүүддээ уриалсан гэж бодож байгаа. Хэрвээ 26 гишүүн ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагатай гэж үзвэл хуралдуулна. Гэхдээ ээлжит бус чуулганаар хуралдах асуудлыг оруулж ирэх ёстой. Хэлэлцэх асуудалгүйгээр хуралдахгүй.