Канадад УИХ-ын гишүүд туршлага судалжээ
УИХ-ын зарим гишүүд Канад улсын Бритиш Колумб мужийн хуулийн салбарын үйл ажиллагаатай танилцан, туршлага судаллаа.
Хууль зүйн сайдын УИХ-д өргөн мэдүүлсэн "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх" тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг намрын чуулганаар хэлэлцэх бөгөөд уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт бэлтгүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны дэргэд байгуулсан.
Энэ хүрээнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Баярцогт, Хууль Зүйн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, мэргэжилтэн Д.Саруул, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал нар Канад улсад ажилласан байна.
УИХ-ын гишүүд Канад улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын асуудлыг хариуцсан Засгийн газрын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хохирогчид үйлчилгээ үзүүлэх төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны зохион байгуулалт, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, мөрдөн шалгах болон хэрхэн хянан шийдвэрлэж байгаатай танилцжээ.
Мөн үеэр тус хотын Цагдаагийн газрын Эргүүлийн цагдаа нартай хамт Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын дагуу ажилласан байна.